Энэ 10 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Нидерландын Хаант Улсын Гааг хотод зохион байгуулагдсан “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-д Худалдаа, хөгжлийн банкны төлөөллүүд оролцсон юм. Тус чуулга уулзалтад олон улсын хөгжлийн банкнууд, тогтвортой хөгжлийн чиглэлээрх мэргэжлийн хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагууд болон бусад мэргэжлийн байгууллагууд оролцдог онцлогтой. Энэ жилийн хувьд 60 гаруй орны 1200 орчим төлөөлөгчид оролцлоо.
Эдүгээ дэлхий даяар 3300 гаруй мэргэжлийн хөрөнгө оруулагчид 1.2 их наяд ам.доллартой тэнцэх хөрөнгийг тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалтын зориулалтаар удирдаж байна гэсэн судалгаа байдаг. Энэ нь цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Манай улсын хувьд эдийн засгийн өсөлтийн урт хугацаат тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох, жендерийн эрх тэгш байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зэрэг үр дүнд хүрэхийн тулд эдгээр хөрөнгө оруулагчидтай нягт хамтран ажиллах нь чухал юм.
ХХБ нь тогтвортой хөгжил, уур амьсгалын асуудалд тусгайлан анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажилладаг түүхтэй. Үүний хүрээнд ХХБ нь уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн чиглэлээр дэлхийд хамгийн томд тооцогддог Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага болсон. Мөн Монгол Улсдаа анх удаа Тогтвортой санхүүжилтийн хүрээ бодлогын баримт бичгийг боловсруулж олон улсын мэргэжлийн хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гаргуулсан туршлагатай. Түүнчлэн Бизнесийн ногоон зээл, Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.
“Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ын үеэр ХХБ-ны төлөөлөгчид АНУ, Нидерланд, ХБНГУ, Сингапур, Швейцар, Канад зэрэг улс, оронд төвтэй мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж цаашдын хамтын ажиллагаагаа тохиролцлоо. Уулзалтаар ХХБ-ны зүгээс Тогтвортой санхүүжилтийн бодлого, одоо хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулсан бол хөрөнгө оруулагчдын зүгээс ХХБ-ны IPO-г ихээхэн сонирхож, анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж байв.
Тогтвортой Хөгжилд Хамтдаа
Худалдаа Хөгжлийн Банк
Холбоотой мэдээ