Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуугийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотой мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаа:
-Томуугийн өвчлөлийн 90 гаруй хувь нь 15 хүртэлх насныхан байна. Өнөөдрийн байдлаар амбулаториор үйлчлүүлж буй нийт өвчлөгсдийн 10 орчим хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдож байна.
Эмнэлэгт хэвтэж байгаа нийт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдвартай оношлогдож байгаа хүмүүсийн хувьд 15 орчим хувийг эзэлж байгаа.
Аймаг дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдвартай хэмээх оношоор 60 гаруй хувийг эзэлж байгаа юм. Томуу төст өвчин үүсгэгч дөрвөн вирус эргэлтэд байна. Томуугийн тархалт ихэсч байгаа энэ үед маск зүүх, гарын ариун цэвэр хангах, зай барих зэрэг Covid-19-ийн үед баримталж байсан дэглэмээ сахихыг зөвлөж байна. Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа томуу томуу төст өвчлөгсдийг насны бүлгээр авч үзвэл 90 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, үүнээс 60 гаруй хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Мөн 5-9 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдсэн гэдэг нь сургуулийн бага болон дунд ангийн хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэх хандлага байна. Эдгээр нас бол томуу томуу төст өвчин, амьсгалын замыг дамжуулан тараах гол масс хүн ам байдаг.
Амьсгалын замын цочмог, хүнд халдвартай хүүхдийн тоо энэ долоо хоногоос улсын хэмжээнд нэмэгдсэн тул ХӨСҮТ дээр тусгай тасаг байгуулан ажиллаж байна.
COVID-19-ИЙН ҮЕИЙН ДЭГЛЭМИЙГ ДАХИН САХИХ ШААРДЛАГАТАЙ
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор дэд профессор Ц.Билэгтсайхан:
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад томуугийн А, В хүрээний вирус цикл орж ирээгүй. Харин томуу төст өвчнийг үүсгэгч дөрвөн вирус өвчлөл ихээр үүсгэж байна. Тиймээс бид Covid-19-ийн үед авч байсан урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авах хэрэгтэй. Энэ жил бид 500 мянга гаруй тун вакцин хүлээн авахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар Засгийн газрын худалдан авсан дээрх тун вакциныг хүлээн аваад байна. Эдгээр вакцин нь дөрвөн цэнт буюу А, В хүрээний эсрэг тус бүр хоёр цэн агуулсан вакцин юм. Бид эхний ээлжид томуугийн вакцинд 1-5 насны 214 мянган хүүхдийг хамруулна. Дараагаар нь жирэмсэн 42 мянган эхчүүдэд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй 218 мянган иргэнд хийхээр төлөвлөж байна. Мөн эрүүл мэндийн болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчдад хийхээр төлөвлөсөн.
Вакциныг 21 аймаг, есөн дүүрэгт хүргүүлсэн. Тав хүртэлх насны хүүхдүүдийн вакциныг цэцэрлэгтэй хамтран хийж байна.
Аравдугаар сарын 25-ны байдлаар 1-5 насны 2500 гаруй, нийт 4347 хүн томуугийн вакцинд хамрагдаад байна. Вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдэд хийж байгаа.
Дараагийн асуудал бол томуу, томуу төст өвчний ор зохицуулалттай холбоотой менежмент. Баг ажиллаж байгаа бөгөөд ХӨСҮТ томуугийн ор дэлгэсэн.
200 ОРЫГ ТОМУУТАЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛАН ГАРГАСАН
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал, клиникийн профессор Ц.Чинбаяр:
-Эрүүл мэндийн сайд 2022 оны аравдугаар сарын 18-нд томуу, томуу төсв өвчний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг хангах зорилгоор тушаал гаргасан. Тухайлбал, томуугийн халдварын тархалт өндөр болсон үед хэвтүүлэн эмчлэхэд орны нөөц хангалттай байх шаардлагатай. Тиймээс томуугийн өвчлөл нэмэгдсэн тохиолдолд нөөц ор бэлэн байлгах зорилгоор ХӨСҮТ-д 200 орыг томуутай хүүхдэд зориулан гаргасан.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар амьсгалын замын халдварын улмаас 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 70 гаруй хувьд халуурах, 60 хувьд ханиалгах, 15 хувьд нь хоолой бачуурах, ларингитын шинж, 10 хувьд нь бөөлжих, суулгах зэрэг шинж илэрсэн.
Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь 0-3 насныхан байна. Эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд амьсгалын замын халдварын хүнд хэлбэрээр оношлуулан эмчлүүлж байна. Энтервирусийн халдвар, гар хөл амны өвчний халдвартай бага насны хүүхдүүд өвчилж байна. ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 200 гаруй хүүхэд хандаж байгаагийн 50 хувь нь эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 20 хувь нь гар хөл амны халдварын шалтгаантай.
Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хууч өвчтэй ахмадууд томуугаар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй учир томуугийн вакцинд хамруулж, эрсдэлийг багасгах нь чухал ач холбогдолтой.
Covid-19-өөр өвчилснөөс хойш богино хугацааны дотор томуугийн дэгдэлт гарвал эрсдэлт бүлгийн хүмүүс хүндрэх эрсдэлтэй учир Covid-19-өөр хүндээр өвчилж байсан хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ