Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрд очсоноос хойш гурав дахь даргаа хүлээж авч байна. Тодруулбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн тушаалаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн захирал А.Ариунболдыг чөлөөлж, Г.Дугаржавыг томилжээ. Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-ийн эзэмшиж байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Ийн шийдвэр гарсны дараа "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т даргаар ТӨБЗГ-ын бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Шинэхүүг түр орлон гүйцэтгэгчээр томилж байсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ТӨБЗГ-ын дэд даргаар ажиллаж байсан А.Ариунболдыг томилж байсан билээ.
Үүнтэй холбогдуулан, ТӨБЗГ-аас "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн өмчийг төрд хүлээн авах процесс үргэлжилж байна. Г.Дугаржав нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсны хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ойрын хүн гэгдэг. МАН, МАХН нэгдсэн тохирооны хүрээнд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг өгөх асуудал яригдсан гэх албан бус мэдээлэл ийн албажиж, Г.Дугаржавыг томилсон байна.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төрд авах шийдвэрийг Засгийн газар гаргаснаас хойш гурав дахь даргынхаа нүүрийг үзэж байна. Мэргэжилтнүүдийн зүгээс дарга солигдсон ч асуудал нь дуусахгүй, энэ өвөл ажиллахгүй байх нөхцөл үүсч болзошгүй гэжээ.
Т.ОД
Холбоотой мэдээ