Хойд Солонгосоос дүрвэж ирсэн 49 настай эмэгтэй Сөүл дэх сууцандаа нас барсныг жилийн дараа олж мэдсэн хэрэг БНСУ-ын олон нийтийг цочирдуулав. Тухайн эмэгтэйг дүрвэж ирснийх нь дараа Өмнөд Солонгосын цагаачлалын албаныхан орон байраар хангаж, нийгэмд дасан зохицоход нь тусалсан гэх зэргээр Сөүлийн хэвлэлээр өмнө нь жишээ болгон ярьж байсан аж.
Гэвч түүний цогцсыг Сөүлийн орон сууц, нийтийн аж ахуйн корпорацийн хөлсний байрнаас аравдугаар сарын 19-нд олсон гэдгийг Янчонь дүүргийн цагдаа нар өчигдөр /2022.10.26/ мэдээлжээ. Тус корпорацийн ажилчид түрээсийн гэрээг нь сунгах асуудлаар түүнтэй холбоо барих гээд чадахгүй болохоор байранд нь очоод цогцсыг нь олсон аж.
Албаныхан тус дүрвэгч эмэгтэйг өвлийн хувцастай байсан, цогцос нь муудсан зэрэг байдлаас дүгнээд нас бараад жил болсон гэж үзжээ.
Одоогоор түүний нас барсан шалтгааныг тодруулахаар цагдаа нар ажиллаж байгаа аж. Дүрвэгч эмэгтэйд Өмнөд Солонгост хамаатан садан, танил байхгүйгээс нас барсныг нь мэдээгүй ингэж удсан гэж мэдээлж байгаа ч нөгөөтэйгүүр албаныхны хайхрамжгүй байдлыг иргэд шүүмжилж байна. Үүний хариуд дүрвэгсдийн асуудлыг хариуцдаг БНСУ-ын Нэгдлийн яам нь журмын дагуу орон нутгийн нийгмийн халамжид бүртгэгдээгүй, орхигдсон хүмүүсийг л хариуцдаг гэж тайлбарлажээ. Мөн тус яам нь өнгөрсөн жилээс дүрвэгсдийн талаар судалгаа, мэдээллийг цуглуулж, танилцуулдаг ажлыг Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамтай давхардуулж хийдгээ Үндэсний ассамблейн хүсэлтээр багасгасан гэв.
Нэгдлийн яамны судалгаагаар Өмнөд Солонгост суурьшсан дүрвэгсдийн 76 хувь нь сэтгэл ханамжтай байдаг гэж гарчээ.
Тус яамны мэдээлснээр нас барсан эмэгтэй 2002 онд Өмнөд Солонгос улсад дүрвэж ирсэн ба "Korea Hana Foundation" санд ажилд орсон аж. Тус сан нь Хойд Солонгосоос дүрвэж ирсэн хүмүүст тусалдаг байгууллага юм. Талийгаач эмэгтэй Өмнөд Солонгосын нийгэмд амжилттай дасан зохицож буй жишээ болон яригдаж байжээ. Гэвч хамт ажилладагсадынх нь мэдээлснээр тэд түүнтэй 2017 оноос хойш холбоо тасарсан гэнэ.
Холбоотой мэдээ