“Монгол Улсын эдийн засгийг уул уурхайн салбарын хэлбэлзэл, хараат байдлаас ангид, тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд юуны өмнө Баялгийн болон Хөгжлийн сангуудыг ном журмын дагуу байгуулах шаардлагатай. Улмаар эрх зүйг хангах, уул уурхайн салбарт нэмүү өртгийн сүлжээг түүхий эдийн маркетинг, борлуулалтад тулгуурлан бий болгох хэрэгтэй”. “Монголын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал, зөвлөмж” сэдэвт олон улсын хурлын үеэр уул уурхайн салбарын төлөөллүүд ийн онцлов. Бид Монголын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал, тулгамдаж буй асуудлын талаар МУИС-ийн багш, эдийн засагч П.Хашчулуун, болон Б.Түвшинтөгс, ЖАЙКА-гийн Токио дахь төвийн Байгалийн нөөцийн ахлах зөвлөх, эдийн засагч, доктор (Phd) Ёшитака Хосои нарын байр суурийг сонирхлоо.
НЕФТИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРВОЛ ИМПОРТ ТЭРБУМ ДОЛЛАРААР БУУРНА ГЭСЭН ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА
Эдийн засгийн ухааны доктор, профессор (PhD) Ч.ХАШЧУЛУУН:
-Уул уурхайн салбар өдгөө Монголын эдийн засагт тэргүүлэх байр эзэлж, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх гол эх сурвалж болж байна. Түүний тогтвортой хөгжлийг хангах гол шийдэл, арга зам юу байна вэ?
-Их олон агуулгыг агуулж буй олголт. 2000 оны эхээр дэлхийд тархсан. Үндсэндээ хоёр санааг агуулж байгаа юм. Нэгдүгээрт, эдийн засгаа хөгжүүлэх, аль болохоор тогтвортой өсөлтийг хангах нь зүйтэй. Хоёрдугаарт, байгалийн нөөцөө тодорхой хэмжээгээр хэмнэж, ирээдүй хойч үедээ үлдээх ёстой гэсэн менежментийн санаа байгаа юм. Нэг талаасаа Монгол Улс байгалийн баялаг ихтэй. нөгөө талаасаа дийлэнхийг нь ашиглаж эхлээгүй, газар дор байдаг учраас ямар байдлаар хэрхэн ашиглах вэ, түүнийгээ ирээдүй хойч үедээ үлдээх ёстой юу? Одоо ашиглаад, өндөр хөгжилтэй улс болгоод үлдээх үү гэх мэтчилэн судалгааны хувьд, бодлогын хувьд ч амьдралд ил асуудал байгаа юм. Тогтвортой хөгжлийн дагуу бид Монгол Улсын эдийн засгийг өнгөрсөн 15, 20 жилд нэлээн өндөр хэмжээнд хөгжүүлэх гэж үзсэн. Жишээлбэл, 2000 оны эхтэй харьцуулахад манай улсын ДНБ-ийг ам.доллараар хэмжихэд бараг 14 дахин, төсвийн орлого 10 дахин өссөн. Нэг хүнд ноогдох орлогын хэмжээ 300 ам.доллар байсан нь одоо 4300 орчим ам.доллар болсон. Бараг 10 дахин өссөн гэсэн үг. Дэлхийн дундаж өсөлтөөс илүү хурдтай хөгжиж буй тал бий. Нөгөө талаас бид цаашид энэ уул уурхайг дангаар түшиглэх нь эдийн засгийн хувьд хэтэрхий өрөөсгөл болох тул олон тулгуур салбаруудаа хөгжүүлэх ёстой. Олон талаасаа нийгмийн хөгжил, байгаль орчныг хамгаалах асуудлуудыг бас балансжуулах ёстой гэсэн санаанууд байдаг учраас судалгаа хийсэн талаар эрдэм шинжилгээний хурлаар өнөөдөр танилцуулж байна.
-Монгол Улсад тулгамдаж буй асуудлын нэг нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бид хамгийн түрүүнд ямар асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай гэж та бодож байна вэ?
-Хөрөнгө оруулалтыг ерөнхийдөө эдийн засгийн хөгжлийн өсөлтийн гол хөдөлгүүр хүч гэж үздэг. Хөрөнгө оруулалт дотоодынх ч байж болно, гадаадынх ч байж болно. Манай улсын хувьд дотоодын нөөц улсын нийт хэрэгцээнд хүрдэггүй учраас төр ч тэр, хувийн хэвшил ч тэр гадаадын зах зээл дээр мөнгө босгох шаардлагатай байдаг. Энэ утгаараа бид өөрсдөө мөнгө босгохын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад хөрөнгөө хийж болдог. Энэ нь ялангуяа уул уурхайн салбартай холбоотой байдаг. Учир нь түүний дүн өндөр, эдийн засагт үзүүлэх нөлөө нь том байдаг. Хугацааны хувьд ч цөөн хэдэн жилээр биш, 10, 20, 30 цаашлаад 100 жилээр хэмжигддэг төслүүд бий. Манай улсын уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах асуудал нэн чухал. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж байгаатай холбогдуулан дараагийн ээлжид ямар том ордуудыг бид босгох вэ, манай гүйцэтгэгч компаниуд, ханган нийлүүлэгч нарт ч дараагийн том төсөл хэрэгтэй учраас энэ дээр засгийн газар ойрын үед гадаадаас хөрөнгө оруулагчдыг урих тал дээр идэвхтэй ажиллаж байна гэж хэлж болно.
-Цэвэр экспортын алдагдал хоёр дахин буурчээ. Нөлөөлж буй хүчин зүйлсүүдийг сааруулах ямар боломж байна вэ?
-Манай улсын хувьд экспортыг хөгжүүлж, экспорт өсч байна. Гэхдээ энэ дээр хоёр том асуудал байна. Экспортын хувьд манай улс дэд бүтцийн асуудлаа бүрэн дүүрэн шийдээгүй байна. Хэдийгээр шийдэх гэж оролдож байгаа ч том төмөр замууд нь дэлхийн зах зээлдээ хараахан холбогдоогүй, цариг нь таарахгүй байна, чиглэл нь бас оновчтой биш. Нөгөө талаар манайд дотоодын аж үйлдвэр тэр бүр хөгжөөгүй учраас импортын бараа маш их авч байна. Тодорхой хэмжээгээр авах нь ойлгомжтой. Яваандаа нефтийн үйлдвэрээ ашиглалтад оруулбал, жишээлбэл нефтийн импорт тэрбум ам.доллараар буурах байх гэсэн хүлээлттэй байна. Тиймэрхүү байдлаар эдийн засгийн нөхцлөө сайжруулах ажиллагаа тасралтгүй хийх хэрэгтэй.
АЛЬ БОЛОХ УРТ ХУГАЦААНД ТОМЪЁОЛСОН ТОМЪЁОЛЛОО БОГИНО ХУГАЦААНЫ БОДЛОГОДОО ТУСГАЖ БАЙХ ЁСТОЙ
ЭЗСЭШХ-гийн захирал, эдийн засагч Б.ТҮВШИНТӨГС:
-Монголын эдийн засаг ашигт малтмалаас хараат байсаар байна. Ангид байлгах асуудалд үр дүн, ахиц дэвшил гарч байна уу?
–Бид таван жилийн хугацаанд хийсэн 20 гаруй судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Уул уурхай, эдийн засаг гэсэн хоёр том салбарын огтлолцлын талаар судалгаанууд хийсэн гэсэн үг. Судалгаа бүр өөрийн гэсэн бодлогын зөвлөмж, өөрийн гэсэн арга барилтай. Монголдоо чанартайд тооцогдох судлаачид хийсэн. Гол зөвлөмж гэхээр, уул уурхайн салбар Монголын эдийн засгийн хамгийн том салбар учраас бид зөв удирдах ёстой. Зөв удирдахын тулд эдийн засгийн, санхүүгийн, уул уурхайн асуудал, дээрээс нь бодлогын асуудлууд байна. Энэ асуудлуудыг бид илүү боловсронгуй болгох зохицуулалтуудыг сайжруулах асуудлыг тодруулж тавьсан. Том зургаар нь аваад үзвэл, уул уурхайн салбарын нөлөөллийг эдийн засагт аль болох таатай болгох ёстой. Ингэхийн тулд бид уул уурхайгаас орж буй орлогыг маш зөв удирдаж, нэмэгдүүлэх ёстой. Дээрээс нь байгаль болон нийгэмд сөрөг нөлөөгүй болгох ёстой. Энэ бүх асуудлыг цогц байдлаар харж хийсэн судалгаанууд өнөөдөр танилцуулагдлаа.
-Эдийн засгийг уул уурхайн салбарын хэлбэлзэл, хараат байдлаас ангид, тогтвортой хөгжүүлэхэд юу саад болж байна вэ?
-Нэг ажиглагдсан зүйл бол бодлогын залгамж холбоо манай улсад алдагдах тохиолдол нэлээн гардаг. Дээрээс нь бодлого тууштай биш, анх баримталж байсан үзэл баримтлалаасаа буцдаг зүй тогтлууд нэлээн ажиглагддаг. Тиймээс аль болох урт хугацаанд бодлогоо харж, аль болох урт хугацаанд томъёолсон томъёоллоо богино хугацааны бодлогодоо тусгаж байх ёстой гэсэн нийтлэг зөвлөмж гарч байна.
-Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх чиглэлд баримталж буй бодлого хэр оновчтой байна вэ? Та энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Уул уурхайн салбарыг илүү их хөгжүүлж, дараагийн түвшинд гаргах шаардлагатай. Уул уурхайтай холбоотой болон холбоогүй өөр ямар экспортын бүтээгдэхүүн ашиглах вэ гээд. Өөрөөр хэлбэл, бид экспортыг дан ганц уул уурхайгаар төсөөлж болохгүй. Бусад экспортын бүтээгдэхүүнийг дэмжих ёстой гэсэн үүднээс ямар ямар салбарууд байж болох вэ, ямар ямар үйл ажиллагаанууд явуулбал уул уурхай, түүнийг дагалдсан болон уул уурхайн бус экспортыг сайжруулж чадах вэ гэдэг судалгаанууд хийгдсэн. Гол нөлөөлж буй хүчин зүйлүүд гэвэл нэгд, далайд гарцгүй, хоёрдугаарт хөдөлмөрийн хүч багатай. Дээрээс нь санхүүгийн нөөц муутай орны хувьд уул уурхай яах аргагүй давуу тал. Энэ давуу талаа улам сайн ашиглаж, улам үр ашигтай ажиллах ёстой гэсэн ерөнхий зөвлөмж гарч байна.
“МОНГОЛООС АШИГТ МАЛТМАЛ ТЭЭВЭРЛЭХ НЬ БИДНИЙ ХУВЬД ТОЛГОЙ ӨВТГӨСӨН АСУУДАЛ”
Уул уурхайн инженер, эдийн засагч, доктор (Ph.d) ЁШИТАКА ХОСОИ:
-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар та юу хэлэх вэ? Сайжруулахын тулд юуг анхаарах хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-Өнөөдөр их ач холбогдолтой өдөр байлаа. Монгол Улсын хөгжлийн суурь бол уул уурхай. Хэрхэн цааш хөгжүүлэх тухай хэлэлцлээ. Маш олон асуудал бий, тэр бүгдийг судалж, чиглэлийг нь гаргалаа. Энд танилцуулсан илтгэлүүдээс ганцханыг нь хэрэгжүүллээ гээд Монгол Улс хөгжихгүй. Тэр бүгдийг цогцоор нь хэрэгжүүлж байж Монгол Улс амжилтад хүрнэ. Төр засаг, худалдаа, эрдэм шинжилгээний байгууллагынхан болон бусад хүмүүс сонсож, саналаа нэгтгэж байж хөгжлийн чиглэл гаргах ёстой. Энэ удаагийн судалгаа ганцхан салбарын бус, түүнд хамаарах зүйлсийг бүх талаас нь судалснаараа дэлхийд анх удаа бодит жишээ болж магадгүй учраас би Монгол загвар гэж хэлсэн юм. Зарим оронд ирээдүйн өв сан руу чиглээд явдаг. Энэ удаагийн манай төсөл зөвхөн нэг сэдэв, нэг асуудлын талаар биш маш өргөн хүрээтэй, маш олон талаас нь, маш олон судлаач маш олон сэдвээр судалсан. Бусад улсынх өөр байдаг. Хятадынхыг, Чилийнхийг Монголд авчраад нэмэргүй, таарахгүй учраас Монголын бүх сэдвээрээ судалгаа хийж, холбогдох болон бусад хүмүүст хүргэж байж гарц шийдэл олох ёстой юм. Түүний тулд мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх, чадавхийг бэхжүүлэх гээд яриад байгаа хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй. Судалгаа, хүний нөөцийг цогцоор нь авч үзэх ёстой юм. Судалгаа бэлэн боллоо. Цааш нь түүнийг ажил, амьдрал дээр хэрэгжүүлэх чиглэрээр цаашдаа Япон Улстай хамтарч ажиллаж болох байх аа. Өнөөдөр яригдсан асуудлуудаа иж бүрнээр нь харж, хүний нөөцөө бэлдээд, тэр хүмүүс нь ажиллаад явбал амжилтад хүрнэ.
-Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татдаг. Та хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийн талаар юу хэлэх вэ?
-Хөрөнгө оруулалтын тухайд тухайн улс орон геополитикийн хувьд, бодлогын хувьд тогтвортой байх хэрэгтэй.
-Ашигт малтмалын салбарт Монгол, Япон хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл юу байна вэ?
-Япон улс Монгол Улсын ашигт малтмалыг ихэд сонирхдог. Нэгдүгээрт, газар нутгийн байрлалын хувьд, хоёрдугаарт байгалийн баялгийн асар их нөөцтэй. Нүүрс, зэс, алт, газрын ховор элемент гээд маш их нөөцтэй. Гэхдээ хамгийн гол нь ашигт малтмалын хувьд тээвэрлэх шаардлага гарна. Хэрхэн тээвэрлэх вэ гэдэг асуудал бидний хувьд толгой өвтгөсөн асуудал.
Холбоотой мэдээ