Сурвалжлага: Балгас болсон циркийн барилгын засвар дуусаагүй

Хуучирсан мэдээ: 2022.10.26-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Балгас болсон циркийн барилгын засвар дуусаагүй

Сурвалжлага: Балгас болсон циркийн барилгын засвар дуусаагүй

Циркийн цэнхэр асрыг тойруулан өндөр хашаа татжээ. "Барилгын ажил явагдаж байна" гэсэн бичгийг энд тэндгүй наасан харагдана. Яг ямар ажил хийж байгааг нь харах ямар ч боломжгүй. Дэргэдүүр нь өнгөрөх ганц нэг хүмүүс сонирхон өнгийнө.

"Та хамгийн сүүлд хэзээ циркийн тоглолт үзсэн бэ" гэдэг асуултад 10 хүний зургаа нь ер нь "Яг хэзээ цирк үзсэнээ санахгүй байна. Ямар ч байсан маш их удсан" гэдэг хариултыг өгч байлаа. Харин үлдсэн цөөн иргэд "Хүүхэд байхдаа", "Саяхан Бөхийн өргөөнд зохион байгуулсан олон улсын циркийг үзсэн" гэж хариулав.

"Хүүхдүүддээ циркийн тоглолт үзүүлж байгаагүй ээ. Хаана, хэзээ тоглолт үзэх юм бэ. Улсын циркийн барилга гэж байхаа болиод удаж байна шүү дээ. Манай гэр циркийн дэргэд байдаг. Энд зуны улиралд л хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулж харагддаг байсан. Цирк нь циркээрээ үлдээсэй. Одоо тэр Бөхийн өргөө нь цирк болоод байх шиг байна. Циркийн барилгыг нураагаад байгаа юм уу, засаад байгаа юм уу бүү мэд" хэмээн иргэн Р.Цогзолмаа гомдоллов.

Д.Есөн-Эрдэнэ "Миний хувьд бүр бага насандаа циркийн тоглолт үзсэн. Хамгийн сүүлд "Аса" циркт олон улсын цирк үзэж байсан. Уг нь циркийн барилгыг сэргээж, улам сайхан болгосон сайхан л байна. Бүхэл бүтэн циркийн барилга устаж үгүй болбол үнэхээр харамсалтай" гэв.

Залуусын хувьд "Ер нь циркийн тоглолт үзэж байгаагүй юм байна" гэж хариулах нь цөөнгүй байлаа.

Хүмүүс цирк үздэг байснаа дурсан ярихаас биш өнөө цагт Монголынхоо циркчдийн тоглолтыг хэзээ үзсэнээ ч санахаа больсон. Монгол Улсын циркийн уран бүтээлчид бэлтгэл сургууль хийх байргүйгээс хэдэн хэсэг болж хуваагдан, тарж бутраад олон жил болж буй. Учир нь Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн гэрээнд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин Монголын үндэсний циркийг байгуулсан. Циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл сургуулилт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг болсон.

"Аса" циркийн зүгээс "Одоогоор олон нийтэд мэдээлэл өгөх боломжгүй байна. Циркийн засварын ажил эхэлсэн, одоогоор суурийн ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажлаа нэлээд дөхүүлж байгаад олон нийтэд танилцуулж мэдээлнэ" гэдэг хариултыг өгсөн юм.

“УЛСЫН ЦИРК НЬ АРХИТЕКТУР УРЛАГИЙН ӨВӨРМӨЦ БАЙГУУЛАМЖ ЮМ”

Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.

Тэрбээр “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай 1968 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, Улсын циркийн барилга хариуцсан архитектороор томилсон. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай “Эсгий хот” нэрээсээ салаагүй байлаа. Миний бие 1968 оны эцсээр Румын улсад албан томилолтоор очиж, Бухарест хотын зураг төслийн институтын архитектор Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй олон удаа уулзан, Монголын циркийн барилгын зураг төслийг манай орны онцлогт тохируулан гаргасан.

Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу.

Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” тухай ярьсан юм.

УЛСЫН ЦИРКТ ЖИЛДЭЭ 890 МЯНГАН ХҮН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БАЙЖЭЭ

Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан,  бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан.

Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.

Мөн тэнд долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байв.

Гэтэл өнөөдөр циркийн уран бүтээлчид Монголдоо бэлтгэл сургуулилалтаа хийж, гадаадад тоглолтоо хийж, амьдралаа залгуулдаг болсон нь нууц биш юм.

Монголдоо ганц гэгддэг энэ хөх асарт сүүлийн жилүүдэд циркийн урлагийг хөгжүүлэх гэхээсээ илүүтэй ашиг хонжооны төлөөх бизнесийн байгууллага болсон гэх олны шүүмжлэл дагуулах болсон.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж