Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер дайн эхэлснээс хойш анх удаа буюу өчигдөр /2022.10.25/ Украинд гэнэтийн айлчлал хийжээ.
Штайнмайер дөрөвдүгээр сард Украинд айлчлахаар төлөвлөж байсан. Гэвч түүнийг Германы Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Оростой харилцаатай байсан гэх шалтгаанаар Киевт угтан авахаас татгалзсан гэх мэдээлэл байна. Айлчлалыг өнгөрсөн долоо хоногт төлөвлөсөн байсан ч аюулгүй байдлын үүднээс хойшлуулаад байжээ.
"Одоо украинчуудыг агаарын довтолгооноос хамгаалахад туслах нь хамгийн чухал" гэж Штайнмайер хэлэв. Герман улс сүүлийн саруудад Украинд агаарын довтолгооноос хамгаалах системийг чамлахааргүй нийлүүлсэн. Түүнчлэн цахилгаан сүлжээ, ус дамжуулах шугам хоолой, халаалтын систем зэрэг сүйрсэн дэд бүтцийг засахад туслахаа амлажээ. "Бид зөвхөн Украины талд зогсохгүй, эдийн засаг, улс төр, цэрэг зэвсгээр дэмжсээр байх болно" гэв.
Түүний Украинд хийсэн айлчлал нь Берлинд болсон "Маршал төлөвлөгөө" бага хуралтай давхцаж байна.
Гэтэл түүнийг Корюкивка хотод ирсний дараахан агаарын түгшүүрийн дохио дуугарсан тул хотын дарга Ратан Ахмедов болон хэсэг иргэний хамт хоргодох байранд нуугджээ. Корюкивка нь Киевээс зүүн хойд зүгт орших хот юм. Тэрбээр Украины албаны хүмүүстэй агаарын дайралтаас хамгаалах байранд хэлэлцээ хийлээ. "Бид цаг хагасыг агаарын дайралтаас хамгаалах байранд өнгөрөөсөн. Энэ нь бидэнд хүмүүсийн амьдарч буй нөхцөл байдлын талаар маш тод мэдрэмжийг өгсөн" гэж Германы ерөнхийлөгч хэлжээ.
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр Оросын арми Беларусийн нутаг дэвсгэрт байлдааны 10 гаруй нисгэгчгүй онгоц хөөргөсөн тул ийнхүү түгшүүрийн дохио өгсөн байна.
Эх сурвалж: CANBERRA TIMES, EURONEWS
Холбоотой мэдээ