Уйтгар сэргээх максималист хэв маяг

Хуучирсан мэдээ: 2022.10.26-нд нийтлэгдсэн

FASHION

Уйтгар сэргээх максималист хэв маяг

Уйтгар сэргээх максималист хэв маяг

Цар тахлын үеэр хаа сайгүй гэрт өмсч болох тав тухтай, энгийн, минималист хувцаслалт трэнд боллоо. Тэгвэл минималист трэндийн нөгөө үзүүрт максималист хувцаслалт ч бас моодонд орж байна. Уйтгарыг сэргээх хурц тод өнгөтэй, янз бүрийн хэвлэмэл зурагтай, дээд зэрэглэлийн элементүүд максималист хэв маягийг тодорхойлно.

Инстаграм, ТикТокийн нөлөөлөгчид энэ хэв маягийг түгээн, этгээд гаж хувцаслалт, дүр төрхөө хуваалцаж байна. Тэдний контентууд “Coach”, “H&M”, “Collina strada” зэрэг томоохон брэндийн анхаарлыг татаж эхэлжээ. Тиймээс загварын акулууд цахим ертөнцийн нөлөөлөгчдөд ажлын санал тавих нь ихэссэн.

Хамгийн их анхаарал татаж буй максималист нөлөөлөгчдийг доор танилцуулъя:

Аликс Шерер: Тэр бол насан туршдаа максималист хувцаслалтыг шүтэн биширсээр ирсэн эмэгтэй. Гэхдээ Нью-Йорк хотод оффисын ажилчин хийдэг байхдаа өөрийгөө илэрхийлэх бүтээлч санаа нь улам хөгжжээ. “Ажил чинь ямар ч бүтээлч шинж чанаргүй байх хэцүү. Гэтэл та бүтээлч баймаар байдаг, бүтээлч зан чанар өөрт чинь байгаад байдаг. Өдөр бүр оффист ирэх нь үнэхээр уйтгартай. Миний хувьд өөрийгөө илэрхийлэх гарц хайж байсан. Ийм нөхцөлд өөрийгөө илэрхийлэх ганц арга маань хувцаслалт байлаа” гэж тэр хэлжээ.

Шерер 2020 оны хоёрдугаар сараас хувцаслалтаа инстаграмд хуваалцаж эхэлсэн. Түүний дагагч сүүлийн хоёр жилд аажуухан өссөөр өдгөө 16700 болжээ. Тэр одоогоор “Hush puppies”, “Sock candy” гэсэн брэндүүдтэй хамтарч ажилладаг.

Тэр өөрийнхөө хувцаслалтын хэв маягийг “өнгөлөг, ажил хэрэгч, энгийн” гэж тодорхойлдог. Шерерийн гол хэв маяг нь тод өнгө, бүдүүн сүржин үнэт эдлэл, хэвлэмэл зураг юм. Загварын максималистуудын анхдагч Айрис Апфел бол Шерерийн үлгэр дуурайлал авдаг хүн.

“Би оффис хувцаслалт эсвэл өнгөний дүрмийг дагаж мөрдөх албагүй. Нийгэм хөгжихийн хэрээр тогтсон хэв маягийг дагах шаардлагагүй гэсэн санааг улам олон хүн дэмжих болсон. Хайрцагнаас гарч сэтгэх нь сайн хэрэг. Өөрийгөө хэн байх ёстой гэсэн бодлоос илүүтэй хэн гэдгээ харуулах нь сайн хэрэг” гэж Шерер хэллээ.

Амиаяа: Ами Сүзүки, Аяа Сүзүки нэртэй ихэр охид аль 2010 оноос л инстаграмдаа өөрсдийн хэв маягийг түгээж эхэлсэн. Тэдний инстаграм хуудас нь хоёр охины нэрийг нийлүүлсэн Амиаяа гэсэн нэртэй. Охид маш олон чиглэлд карьераа хөгжүүлдэг тул инстаграмын дагагчид нь 550 мянга давжээ. Тэд ди жэй хийнэ, Японы загварын брэндүүдтэй хамтарч ажиллана. Зөвхөн Японы брэндүүдээр тогтохгүй, “Moschino”, “H&M”, “Montblanc”, “Coach” гэх мэт брэндтэй хамтардаг.

“Бид өнгө ашиглаж загварын өвөрмөц байдлыг илэрхийлдэг. Үс засалтаас эхлээд нүүр будалт, хувцаслалт бүх зүйлээрээ дамжуулж зөвхөн бид л гаргаж ирж чадах тийм хувь хүнийг илэрхийлэхийг бид хүсдэг. Ихэр гэдэг үг бол бидний хувьд бас нэгэн илэрхийлэл. Хувцаслалт, хэв маягаа ямар нэг байдлаар хослуулах нь бидний онцлог. Заавал загварын арга хэмжээ гэлтгүй өдөр тутамдаа ч өөрийн мэдэлгүй хослуулж өмсдөг. Бид ихэр учраас байнга ярилцаж, бие биеэ бодитойгоор харж, шинэчилж, нэгнийхээ хоосон орон зайг нөхдөг” гэж тэд хэллээ.

Сара Кампосаркон: Тэрбээр өнгөрсөн жил ТикТокдоо хөлөөсөө толгой хүртэл нохойны сэдэвтэй хувцас өмссөнөөр максималист загварын нөлөөлөгч гэдгээ баталжээ. Түүнээс хойш Сарагийн өвөрмөц содон хувцаслалттай бичлэгүүд нь цахим орчинд анхаарал татаж эхлэв. Тухайлбал, гамбургер загварын хөхөвч, усан үзэмний загвартай углааш, “Crocs” углаашны хэлбэртэй ээмэг гэх мэт уламжлалт бус шийдлүүдийг түүний инстаграмаас үзэж болно. Энэ зоригтой хэв маягаараа тэр ТикТок дээр 900 мянган дагагчтай болсон бол инстаграм дээр 87500 дагагчтай болжээ.

“Би өөрийнхөө хэв маягийг маш зоримог гэж хэлнэ. Би өнгөнд маш их татагддаг. Миний хувьд энэ бол сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл. Өнгө намайг аз жаргалтай болгодог. Миний хэв маяг нэлээн онцгой, өвөрмөц гэж хэлэхэд болно. Тэр дундаа дурсамж агуулсан зүйлсэд би илүү их дуртай. Тухайлбал, миний үздэг байсан телевизийн нэвтрүүлэгтэй холбоотой эд зүйлс гэх мэт хүүхэд насыг минь санагдуулсан деталуудад би дуртай. Өнөөдөр юу өмссөнөөсөө хамаарч урам зориг минь өөрчлөгддөг” гэж Сара хэллээ.

Сара Кампосаркон  ахлах сургуульд байхаасаа л максималист хувцаслалтыг сонирхсон. Улмаар сургуулиа төгсөөд хувцасны компанид маркетингийн чиглэлээр ажиллаж, сонирхлоо ажил болгосон юм. Өдгөө тэр “McDonald’s”, “Samsung”  зэрэг томоохон компанид контент бүтээгчээр ажиллаж байна.

 

Эх сурвалж: WOMEN’S WEAR DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж