"E-police" аппликейшнийг ашиглан зам тээврийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх иргэдийг урамшуулахаар болсон. Тодруулбал, явган хүний зам, ногоон байгууламж болон удаан хугацаагаар зогсохыг хориглосон байршилд тавьсан автомашины зургийг уг аппликейшн руу илгээснээр жолоочид хариуцлага тооцох боломж бүрдэх аж. Тус аппликейшнд одоогоор явган хүний зам, гарц, ногоон байгууламж дээр зогссон 70924, түр болон удаан зогсох хориотой газар зогссон 51178 зөрчлийн талаарх мэдээлэл ирсэн байна.
Харин мэдээлэл өгсөн иргэдийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон гэж урамшуулахаар яригдаж байгаа юм байна.
Хуульд зааснаар иргэний өгсөн мэдээллийн мөрөөр уг зөрчилд 200 хүртэл нэгжээр торгох шийтгэл оногдуулах бол энэхүү торгуулийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний, 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгодог аж.
Зөрчлийг баримтжуулбал урамшуулал олгох ажил одоогоор хэрэгжээгүй байна
Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй холбогдож явган хүний зам дээр зогссон зөрчлийг хэрхэн шийдэж буй талаар тодрууллаа. Явган хүний зам дээр зогссон зөрчилөөр "E-police" аппликейшинд нэг өдөрт 600 орчим мэдээлэл ирж хянагддаг аж. Ирсэн зөрчлөөс байршил, цаг, тэмдэгт гээд гурав хүртэлх зургаар зөрчлийг баримтжуулах гэнэ. Иргэдийн мэдээллийг хянаж, нягталсны дараа Тээврийн цагдаагийн алба тохирох шийтгэлийг оногдуулах аж. Одоогоор урамшуулал олгосон, авсан асуудал байхгүй болохыг албаны хүмүүс хэллээ. Учир нь, энэ нь албажаагүй шийдэл гэдгийг тодотгосон юм. Энэ талаар иргэдийн байр суурийг хүргэе.
Иргэн Б.Төмөртогоо: Манай байрны жолооч нар өглөө, оройн цагаар машинаа явган хүний зам хааж байрлуулсан байдаг. Жолооч явган хүний зам дээр машинаа байрлуулсан үед иргэд машинд дайруулчих гээд авто замаар явахад хүрдэг. Тиймээс энэ хууль хэрэгжээд эхэлбэл иргэд ухамсарлаж зориулалтын зогсоолдоо байршуулж, хариуцлагатай болоход нэмэртэй гэж бодож байна.
Иргэн О.Нандин-Эрдэнэ: Явган хүний зам дээр машин тавихаар хүүхэд, хөгшид явахад хүндрэлтэй харагддаг. Замаар явж байгаа автомашин мөргүүлж, дайруулах эрсдэл нэмэгддэг. Мөн автобусны буудал дээр зогссон машинуудыг цэгцлэх шаардлагатай. Автозамын осол, зөрчил буурахад иргэдийн оролцоо маш чухал. Иргэд аюулгүй орчин амьдрах эрхээ хариуцлагагүй жолооч нараас нэхэх эрхтэй.
Иргэн М.Цэцэг: Явган хүний зам хааж зогсох нь буруу. Өвөл халтиргаа гулгаа их учир ард, урдаас машин ирж дайруулах эрсдэлтэй. Тиймээс зохих хуулийг нь хэрэгжүүлснээр эрсдэл багасна гэж найдаж байна.
Б.НАРАНГОО
Холбоотой мэдээ