Орос, Украины дайнд Израил улс төвийг сахьсан байр суурьтай байна. Израилийн “Haaretz” сониноос өчигдөр /2022.10.24/ зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр Зеленский пуужингийн довтолгоог эсэргүүцэх технологи авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч тус улсын удирдагчид Украинд зэвсгийн тусламж үзүүлэхгүй гэжээ.
Энэ шийдвэр нь Орос, Ираны цэргийн түншлэлд түлхэц болсон гэж Зеленский шүүмжлэв. “Украины арми оросуудыг байлдааны талбарт цохиж байна. Гэвч харамсалтай нь бидэнд өөрийн гэсэн орчин үеийн, үр дүнтэй агаарын довтолгооноос хамгаалах систем байхгүй” гэж тэр хэлжээ.
Израил улс Оростой харилцаагаа сэвтүүлэхээс болгоомжилж буй тул Украинд цэргийн техник хэрэгсэл өгөхөөс татгалзсаар ирсэн. Израилийн удирдагчид ганцхан шийдвэр л гаргачихсан бол Иран, Орос хоёр эвсэхгүй байсан гэж Зеленский үзэж байна.
“Орос улс өөрийн пуужингийн нөөцөө шавхсаны дараа бусад орноос зэвсэг хайж эхэлсэн. Түүнийгээ Иранаас олсон. ОХУ үүний төлөө Иранд хэр их мөнгө төлдөг бол? Иран зөвхөн мөнгө сонирхож байна уу? Магадгүй мөнгө лав биш, харин эсрэгээрээ ОХУ нь Ираны цөмийн хөтөлбөрт тусламж үзүүлсэн байх. Тэд Иранаас 2000 орчим Шахед-136 камиказэ дрон захиалсан. Үүнийгээ сүүлийн үеийн довтолгоонууддаа ашиглаж байна. Ираны дронуудын жигшүүрт дуу манай тэнгэрт шөнө бүр сонсогддог” гэж Зеленский хэллээ.
Харин Иран улс зэвсэг нийлүүлэлтийг үгүйсгэжээ. Тодруулбал, тус улсын Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан хэлэхдээ, “Иран улс аль ч талд зэвсэг нийлүүлээгүй. Дайныг зогсоох зорилгын хүрээнд аль нэг талыг зэвсэглэхийн эсрэг бодлого баримталж байна” гэв.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ