Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Хятадыг дахин таван жилээр гурав дахь удаагаа удирдах эрх мэдлээ бэхжүүлсний зэрэгцээ Хятадын армийг хүчирхэгжүүлэх шинэ томилгоонуудыг хийсэн. Тэрбээр Ардын армийг шинэчилж, Тайваньд дарамт шахалт үзүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх генералуудаар Хятадын цэргийн төв комиссыг бүрдүүлжээ.
Ши Жиньпиний 2012 оноос хойш хашиж буй гурван гол албан тушаалын нэг нь Цэргийн төв комиссын дарга. Тэгвэл дэд даргаар 72 настай Жан Юшя хэвээр үлдсэн. Коммунист намаас Үндсэн хуулийг өөрчилж, тэтгэвэрт гарах насны хязгаарыг үгүй болгосноор Жан Юшя Улс төрийн хорооны хамгийн ахмад гишүүн болж үлджээ.
Тэрбээр Вьетнамын эсрэг дайнд тулалдаж явсан байлдааны туршлагатай цэргийн цөөн хэдэн өндөр албан тушаалтны нэг. Мөн Ши Жиньпинтэй удаан хугацаанд хамтарсан холбоотон.
Тайванийн асуудлаас болж Хятад, Тайванийн харилцаанд зөрчил нэмэгдэж эхэлсэн 2017 онд Жан Юшя Цэргийн төв комиссын дэд даргаар томилогдсон. “Тэрбээр Ши Жиньпиний гэр бүлийн найз. Тэдний эцэг Хятадын иргэний дайны үеэр баруун хойд хязгаарт хамт тулалдаж явсан” гэж Сингапурын үндэсний их сургуулийн судлаач Ли Нан мэдэгджээ. Жан Юшягийн байлдааны арвин туршлага нь Ши Жиньпиний хувьд чухал зэвсэг гэж тэрбээр тодорхойлсон байна.
Мөн Тайванийг хариуцсан цэргийн командлалыг удирдаж байсан генерал Хэ Вэйдон тус комиссын хоёр дэд даргын нэг болсон. Ши Жиньпин намын ХХ их хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Тайванийг эргэн нэгтгэх нь ямар ч эргэлзээгүй биелэх ёстой” гэдгийг онцолсон. Тиймээс 65 настай Хэ Вэйдонгийн хүлээх үүрэг хариуцлага өндөр болж байна. Хэдийгээр Тайванийн арлын эсрэг шууд цэргийн хүч ашиглахгүй мэт байгаа боловч Ши Жиньпин дээрх томилгоонуудаараа байлдааны бэлэн байдлаа хангалаа гэж ажиглагчид үзжээ.
АНУ-ын генерал Марк Миллей өнгөрсөн жил Конгресст тавьсан илтгэлдээ, Ши Жиньпин 2027 он гэхэд Тайванийг эх газарт нэгтгэхийг хүсч байгаа гэж мэдэгдсэн.
“Эдгээр томилгоо нь Хятадын Ардын чөлөөлөх армийн удирдлагын дээд түвшинд мэргэжлийн цэргийн ур чадвар чухал болохыг харуулж байна. Мөн Тайваньд шахалт үзүүлэхэд Хятадын Ардын чөлөөлөх армийг шинэчилж, орчин үеийн технологиор зэвсэглэх нь ач холбогдлыг ч нэмэгдүүлж байна” гэж Массачусеттс технологийн иснтитутын профессор Тайлор Фравел тодорхойлжээ.
Хятадыг Ши Жиньпин бүрэн мэдэлдээ авсан нь дэлхийн өнөөгийн эмх замбараагүй байдалд илүү их эрсдэл дагуулна гэж ажиглагчид эмээж буй. Тэрбээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд төрийн эрх барихдаа цэрэг, армийг шинэчлэхэд ихээхэн анхаарсан.
Ши Жиньпин 2049 онд болох БНХАУ-ын 100 жилийн ой гэхэд Хятадыг дэлхийн түвшинд аваачих зорилготой. Үүний тулд 2027 он гэхэд “орчин үеийн” хүчирхэг армийг байгуулахаар зорьж буй.
Хятад улс өнгөрсөн жил цөмийн хошуу тээвэрлэх хүчин чадалтай дуунаас хурдан пуужин туршсанаар зэвсгийн хөгжүүлэлтэд “шинэ эхлэлийг тавилаа” гэж Ши Жиньпин мэдэгдсэн. Тус пуужинг гурав дахь үеийн дэвшилтэт нисэх онгоц тээвэрлэгч хөлгөөс хөөргөсөн юм. АНУ-ын зүгээс үүнийг стратегийн болон цөмийн зэвсгийг өргөжүүлэхэд маш том дэвшил болсныг онцолсон.
Тайваньд тусгаар тогтнолыг дэмжсэн хандлага газар авч, АНУ болон бусад орнууд арлыг дэмжиж эхэлсэн учраас Ши Жиньпиний цэргийн шинэчлэлтийн гол чиглэлд Тайпей багтах болжээ. Тайванийн ерөнхийлөгчөөр 2016 онд сонгогдсон Цай Ин Вен нь арлыг хэдийнэ “де-факто” тусгаар улс болсон гэж үздэг бөгөөд илүү олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ажиллаж буй. Тайванийг хариуцсан Зүүн жигүүрийн командлалын удирдагч Хэ Вэйдон 2016 онд Наньжин мужийн армийн нэгжээс эргэн томилогдсон.
Тэрбээр эргэн томилогдсоныхоо дараа өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосиг Тайваньд айлчилсантай давхцуулан арлын ойролцоо гэнэтийн цэргийн сургуулилалт хийж дарамт үзүүлсэн.
“Сансар, пуужин, тэнгисийн цэргийн салбарт мэргэшсэн генералуудын хамт Жан Юша болон Хэ Вэйдон нар Цэргийн төв комиссыг бүрдүүлэх болсноос харвал Бээжин нь Тайпейд илүү шийдэмгий хандана” гэж Тайванийн батлан хамгаалахын сайд Чиу Куо-чэн мэдэгджээ. Тэрбээр Даваа гаригт хэлсэн үгэндээ, “Коммунист нам бэлтгэлээ маш сайн базаалаа. Эдгээр мэдлэг чадвартай хүмүүс Тайвань-Хятадын зөрчлийг санаа зовоох түвшинд аваачина” гэжээ. “Ялангуяа Хэ Вэйдон Цэргийн төв комисс болон Улс төрийн товчооны хурлаар Тайванийг тойрсон Хятадын төлөвлөгөөг нарийвчлан танилцуулна” гэж улс төрийн эрсдлийн шинжилгээний Евразийн группийн шинжээч Нейл Томас тайлбарлав. “Түүний томилгоо нь ойрын хэдэн жилд Тайпейг түрэмгийлэх гэхээс илүү Хятадын Тайвань дахь урт хугацааны давуу талыг бататгаж, аралд үзүүлэх барууны дэмжлэгийг таслан зогсооход чиглэнэ” гэж тэрбээр тодорхойлжээ.
Холбоотой мэдээ