"NEWS" агентлаг энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарыг онцолж байна.
Уг нь түүний албан тушаал УИХ-ын дарга. М.Энхболдыг спикерээс чөлөөлснөөр уг суудалд тэрбээр 2019 онд тухалсан бий. Үүнээс хойш хоёронтоо алх атгасан нь парламентын түүхэнд үлдэх биз ээ.
Намтарыг нь харвал сайн, муу түүхтэй хүн. Сайныг нь дурдахад, УИХ-ын дарга асан З.Энхболд, М.Энхболдтой харьцуулахад улс төрийн тоглолт тэр бүр хийгээд байдаггүй спикер гэж хэлж болно. Ерөнхийдөө аядуу зөөлөн улс төр хийж буй нь магадгүй төр тогтвортой байх нэг үндэс ч болж буй биз.
Монголын улс төр харьцангуй тогтвортой байгаа нь нэгд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үр дүн, хоёрт Г.Занданшатар гэх хувь хүний хэнтэй ч тал тохой алддаггүй зантай нь холбоотой байж мэднэ. Ямар ч байсан экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг нутгийн, ойр дотно харилцаатай. Өнөөгийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүхтэй бараг “унаган” багын шахуу найзууд. МАСЗХ-ноос улс төрд хамтран зүтгэж ирсэн, У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр УИХ-ын дарга болсон нь үгүйсэх аргагүй үнэн гэж хэлж болно.
Г.Занданшатарыг спикер болсноос хойш хийсэн улс төр, эдийн засгийн хамгийн том реформ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан явдал. 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яах аргагүй Ардын намын “автортой”. Учир нь, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг АН-ын бүлгийнхэн орхиж гарсан бий. Гэвч, Г.Занданшатар төдийгөөс өдий хүртэл ярьж ирсэн парламентын сонгодог тогтолцоо руу шилжих бүрэн өөрчлөлтийг Үндсэн хуульд хийж өгч чадаагүй. Өнөөдөр ч Монгол Улс хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай яваа нь үнэн. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дутуудуулсан асуудлаа суулгаж өгөхөөр ярьж яваа.
Г.Занданшатарын хувьд УИХ-ын дарга гэх хамгийн том карьертаа хүрсэн. Үүнээс цааш явах газар түүнд байхгүй. Өөрөөр хэлбэл, эрх баригч намд 80, 90-ээд оныхон хүч түрэн орж ирж байна.
С.Зоригийг амиа алддаг жил Г.Занданшатар МАН-ын гишүүнээр элсч, улс төрд хөл тавьж байжээ. Тэрбээр намынхаа дэргэдэг залуучуудын байгуулллагыг толгойлж байхдаа “Хадгаламжийн банк”-ны мөнгөөр казино тоглосон гэх хэрэгт нэр холбогдож байсан, энэ нь намтрынх нь нэг бараан “хэсэг” нь. Хэдийгээр “Хадгаламжийн банк”-ны мөнгөөр Өмнөд Солонгост очиж тоглосон гэх дуулианд нэр холбогдсон ч тэрбээр ял, шийтгэлгүй үлдсэн.
Баянхонгор бол түүний төрсөн нутаг. Улс төрийн карьерт хүргэсэн “өлгий” нутаг нь гэж хэлж болно. 2004 онд УИХ-ын гишүүнээр анх сонгогдсон тойргоо солиогүй. Авсан авгай, элссэн нам, сонгосон тойргоо өөрчлөөгүй өдий хүрсэн гэж хошигнож болно.
Г.Занданшатартай холбогддог бас нэг бараан “түүх” нь Гадаад харилцаа сайд байхдаа санаачилсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль. Үүнээс болж олон хөрөнгө оруулагч Монголоос дүрвэсэн гэж олон нийт түүнийг одоо хүртэл буруутгадаг.
Эзэмшсэн боловсрол, мэргэжлээрээ Г.Занданшатар эрх баригч нам дотроо, үеийнхэндээ толгой цохино. Гэвч сүүлийн үед хэлж, хийж байгаа үйдэл нь олон нийтийг багагүй гайхшируулахад хүргэдэг. У.Хүрэлсүхийг дуурайж нэг хэсэг "ёсолгоо" үйлддэг байсан нь өөрт нь огт зохьдоггүй гэх мэтээр УИХ-ын даргын үг, үйдлээс нь дүгнэвэл алх барьсан "алиалагч" болж харагдаж байна гэвэл доромжилсон болохгүй биз.
Хамгийн сүүлд гэхэд өөрийнхөө дүрээр хүүхэлдэйн кино хийсэн нь нийгмийн эгдүүцэл, эсэргүүцлийг дагуулсан. Үе, үе ийм үйлдэл гаргадаг нь өөрийгөө сануулах гэсэн пиар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь түүнд эерэг оноо гэхээсээ эсрэг оноо цуглуулах нь бий.
Тэрбээр улс эх орноо Япон лугаа хөгжүүлэх сонирхолтой. Тэрбээр “Швейцарь лугаа хөгжих” үзэл баримтлалыг ирэх шинэ зуунд “Япон лугаа хөгжье” хэмээн шинэчлэн томъёолмоор байгаа"-аа нэгэнтээ илэрхийлж, санал санаачилга ч гаргаж байв. Гэхдээ түүний энэ санаачилга улс төрд төдийлөн яваагүй.
ХӨРӨНГӨ ОРЛОГО:
Түүний гэр бүлийн гишүүдийн орлого 2020 онд 85,2 сая төгрөг байсан бол 2021 онд 217,7 сая төгрөг болж өсжээ. Харин өөрийнх нь орлого 506,4 саяас 60 сая төгрөг болтлоо буурсан гэж ХОМ-тээ бичсэн байна. Тэрбээр 1,1 тэрбумаар үнэлэгдэх орон сууц, үйлчилгээний газартай. 80 сая төгрөгийн Murano маркийн автомашин, 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 2021 онд хөрөнгө орлогод нь 49 сая төгрөгийн үнэ бүхий газар шинээр нэмэгджээ.
Мөн дотоодын банкинд байсан 188 сая төгрөгийн хадгаламж нь 115 сая төгрөг болтлоо буурч, 222 сая төгрөгийн зээл авчээ. Нэгүн кашмер ХХК ХХК, Монитор консалтинг групп ХХК, Монголиан Силикон Валлей ХХК-д хувьцаа эзэмшдэг.
Б.БАТ
Холбоотой мэдээ