Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр/2022.10.25/ өнөөдөр хуралдлаа.
НЭМЭЛТ:
УИХ-ын гишүүн, байнгын хорооны гишүүн Г.Дамдинням:
-Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хэдэн асуулт байна. Дарханы арьс ширний цогцолбор гээд яригдаад байдаг. 2020 оны сонгуульд бид нар нэр дэвшиж байхдаа намын мөрийн хөтөлбөрт тусгасан. Орж ирээд Монгол Улсын хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаад Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан ажил. Эхлээд хувийн хэвшил аваад явж байсан юм байна лээ. Сүүлд төрийн өмчийн аж ахуй нэгж болоод таг алга болчихлоо. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ? Танай яам яагаад анхаарал хандуулахгүй байна. Төсөв дээр харагдаж байгаа юм алга. Яам юу хийж байна вэ?
Хоёрдугаарт, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд яригдаж байна. Улс орон даяараа хөдөлгөөн болгоод, УИХ тогтоод гаргаад ажиллаж байна. Дотоодынхоо төмс, хүнсний ногоогоо өөрсдөө бүрэн хангая гэж зорьж байна. Ерөнхий сайд Дархан, Орхонд ажилласан. Ажиллах үеэрээ хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд төмс, хүнсний ногоог хадгалах зоорийн асуудал чухал юм гээд 1000 тонны зоорь Польшийн засгийн газрын тусламжтай барина гээд хэлээд явсан. Одоо энэ ажлын араас танай яам хөөцөлдөж байна уу. Хэзээ хэрэгжих вэ?
Мөн Эрчим хүчний яамнаас асуулт байна. Дулааны цахилгаан станцууд өнөө өглөөний мэдээгээр нүүрсний нөөцгүй юм байна шүү дээ. Аргагүй л дээ. Та нар үнийг нь хатуу бариад байхаар уурхайнууд хөрс хуулалтаа гүйцэхээ болиод уурхай нь аюултай байдалд орж байна. Уурхайн хана нурна гэсэн үг. Багануур, Шивээ-Овоо, Шарын гол гээд Монгол орныг, төв суурин газруудыг хангадаг уурхайнууд нурна. Өөрөөр хэлбэл, сорчилж олборлоод уурхайн хананы градусыг нь зайлуулж байж олох ёстой мөнгө нь байхгүй учир доошоо гүнзгий ухаад байвал уурхай нь нурна. Нэг уурхай нурвал хот байхгүй болно. Та нар энэ дээр ямар арга хэмжээ авч байгаа юм бэ. Үнийг нь бариад байгаа бол ядаж хөнгөлөлттэй зээлээр хангах эсвэл татвар хураамжийг нь дэмжих бодлого баримталж болдоггүй юм уу? Сая манай тойрогт байдаг Шарын голын уурхай хойд бүсийн дулааны эрчим хүчийг тэр чигт нь хангадаг. Нөгөө уурхайнуудад нь хөнгөлөлттэй зээл олгочхоод тэр уурхайд нь олгоогүй гэнэ. Хойд бүсийнхэн хөлдөх үү? Та нар дэмжихгүй бол ядаж оролцохгүй байж болно шүү дээ. Энэ дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн:
-Дарханы арьс шир үйлдвэрлэлийн технологийн парк байгуулах асуудлаар төрийн өмчийн компани Засгийн газрын шийдвэрээр 2021 онд байгуулсан. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Дарханы арьс ширний компанитай холбоотой асуудал хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж байгаа учир энэ тал дээр мэдээлэл хомс байна. Төрийн өмчит компанийн хувьд арьс ширний үйлдвэр байгуулах ТЭЗҮ хийчихсэн. Зураг төсөл нь 90 хувийн гүйцэтгэлтэй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний ажил хийгдээд явж байгаа. Маргааш үйлдвэржилтийн байнгын хороогоор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай компани болон төрийн өмчит компани, Эмээлтийн үйлдвэр технологийн парктай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Энэ чиглэлээр холбогдох мэдээллийг хүргүүлнэ. Польшийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ жилийн тухайд хүнсний ногооны хувьд 125 мянга орчим тонн ногоо хураана гэсэн ургацын баланс гарсан. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 96 орчим хувьтай байна. Үүгээр дотоодынхоо хэрэгцээг 70-75 хувь орчим хангах бололцоо байгаа. Агуулах, зоорийн хувьд ирэх оны төсөв дээр тодорхой шинээр ажлууд тусгагдаагүй байна. Польшийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээг сунгах ажлууд хийгдэж байна. Өмнө нь тендэрийн ажил зохион байгуулагдаад Польшийн талын гүйцэтгэгч компани гүйцэтгэх ёстой байсан ч хоёр удаа сонгон шалгаруулалт зарлаад гүйцэтгэгч компани шалгараагүй. Зээлийн хугацааг нь асуудал яригдаж байна. Хэрэв зээлийн хугацааг нь сунгасан тохиолдолд 2023 онд худалдан авах ажиллагааг нь зохион байгуулаад төлөвлөсөн зоорь, агуулахын ажил шийдэгдэнэ.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай:
-Манай уурхайнуудын асуудал хүнд байна. Шарын гол өөрөө хувийн компани. Шарын голын асуудлыг бид онцгой анхаарч байгаа. Шарын голоос хамаардаг Дархан, Эрдэнэтийн станцууд одооныг хүртэл 4-5 хоногийн нөөцтэй явж ирсэн. Энэ бүс нутгууд хөлдөх аюул байгаа учир Шарын голын өр авлагын асуудлыг шийдээд явж байгаа. Ямар ч байсан станцуудаас авах авлагыг нь тэглээд явж байна. Хөнгөлөлттэй зээлийн хувьд Шарын гол хувийн компани. Шивээ-Овоо, Багануур бол толгой компаниасаа зээлээ аваад явж байгаа. Шарын гол 44 мянган төгрөгөөр нүүрсээ станцуудад өгдөг. Үнээ нэмэх асуудлыг байнга тавьдаг. 57 мянган төгрөгний үнийн санал ирчихсэн байгаа. Бид хүлээж авч байгаа. Ганцхан нүүрсний үнэ тариф гэлтгүй нүүрс тээврийн үнийг тодорхой хэмжээнд нэмэх талаар судалж байгаа. Тодорхой хэмжээнд эхний асуудлууд шийдэгдэнэ гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн, байнгын хорооны гишүүн Н.Наранбаатар:
-Эрчим хүчний сайдад нэг хүсэлт байна. Даланзадгадын дулааны станцаас хоёр хүсэлт ирүүлсэн юм. Эхний асуулт нь тус дулааны станц нь БНСУ-ын зээлийн хөрөнгөөр баригдсан. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь 5 тэрбум хүү нь 1 тэрбум ингээд нийт 6 тэрбумын үлдэгдэлтэй байна. Мэдээж ашиггүй ажилладаг. Энэ өрийн үлдэгдлийг Засгийн газарт шилжүүлэх боломжтой юу? Хоёрдугаарт, систем дотроо өмнөд бүстээ өнгөрсөн цар тахлын хугацаанд 449 сая төгрөгний эрчим хүчний хуримтлагдсан өртэй болсон. Энэ өрийг систем хоорондоо зохицуулаад чөлөөлөх ямар боломж байна вэ? Энэ өрийг станц маань зохицуулаад цаашаа явах ямар ч боломжгүй. Танай салбарынхан ч үүнийг ойлгож байгаа байх.
Мөн боомтын сэргэлтийн үндэсний хорооны төсвөөс асуулт байна. Ирэх 2023 онд хичнээн орон тоотой ажиллах вэ? Гол Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн гэсэн экспортын томоохон боомтууд дээр боловсон хүчний нөөц ямар байх вэ? Боомтууд руу чиглэсэн ажил хийгдэхээр төсөвт суусан юм байна уу? Сангийн яам дээр байдаг боомтын үндэсний зөвлөлийн эрх, чиглэл боомтын үндэсний хороо руу шилжиж байгаа гэж бодож байна. Орон тооны хувьд ямар байна вэ? Цаашдаа боомтын хөгжил, төлөвлөлт, хөгжлийн хөтөч гээд сангийн яам дээр төслийн баг хэрхэн ажиллах вэ?
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай:
-Та бүхэн мэдэж байгаачлан салбарын санхүүгийн асуудал хүнд байгаа. Ганцхан Өмнөговийн асуудал биш. Бүх дулааны, цахилгааны станцууд хүндэрч байгаа. Бүхлээрээ систем хүнд байна. Олон жил бид үнэ тарифын асуудлыг бодит байдлаас нь, өртгөөс нь доогуур барьж ирсэнтэй холбоотой. Салбарын сайд мөн мэдэгдэл хийсэн. Арваннэгдүгээр сарын 1-нээс үнэ тарифыг тодорхой үе шаттай нэмэх саналыг хэлсэн. Хэрэв үнийн асуудлыг нэмж чадвал ахуйн хэрэглэгчийн асуудал үүсэхгүй. Аж ахуй нэгжийн тарифыг өсгөх асуудал байгаа. Хэрэв өсгөж чадвал салбарын санхүү тэр чинээгээр сайжирна. 2023 онд 270-аад тэрбум төгрөгийн орлого хүлээж байна. Цаашдаа хуримтлах асуудал яригдана. Энэ орлогоор станцууд дээр хуримтлагдаад байгаа өр авлагын асуудлыг шийдэж болно. Дулааны станцын зээл бол дамжуулан зээлдүүлэгч зээл. Ашиглагч байгууллагууд нь хариуцдаг. Энийг бид нар бас сангийн яамтай зөвлөж, улсын төсөвт хэрхэн шийдэх талаар ярина.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Ерөнхий сайд Өмнөговьд ажиллахад энэ асуудал яригдсан. Зураг төсөв, ТЭЗҮ нь 5.5 тэрбум төгрөг. Ирэх оны зураг, төсвийн хөрөнгө оруулалт дээр тавигдсан. Ингээд ирэх онд зураг төсөв нь хийгдээд шат дараалалтай өргөтгөлийн ажил нь хийгдэнэ. Үүнийг сонгогчиддоо хэлээрэй. Хөгжлийн хөтөч хөтөлбөр яаман дээрээ байгаа. Яамаа бараадсан нь дээр. Энэ их том төсөл. Хойд хил нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, урд хил нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар тус тус боомтын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Сая цар тахлын улмаас хоцрогдол үүссэн. Цаашдаа бүтээн байгуулалтууд эрчимжээд явна. Боомт нь боомтын асуудал эрхэлсэн сайд, том төсөл нь сангийн яамаа бараадна. Боомтын сайдтай болж байгаа учир боомтын зөвлөл, захирга тийшээгээ шилжиж байгаа. Төсөв дагасан хуулин дотор өөрчлөлт орж байгаа. Мөн Хилийн хуулин дээр орж байгаа. Бүтцийн хувьд задлахгүй. Яамгүй сайдууд цомхон ажиллана.