"Зуусан тамхи чинь чамайг гоё харагдуулахгүй"

Хуучирсан мэдээ: 2022.10.25-нд нийтлэгдсэн

"Зуусан тамхи чинь чамайг гоё харагдуулахгүй"

"Зуусан тамхи чинь чамайг гоё харагдуулахгүй"

Хэдхэн жилийн өмнө өсвөр насныхны тамхидалт 15-18 наснаас эхэлж байсан бол өнөөдөр 13 наснаас эхэлж яригдах болжээ. Хурдацтай залуужсан байна. Ил байгаа нь л энэ тоо болохоос далдуур түүнээс доогуур насныхан тамхичин нэр зүүж яваагүй гэдгийг хэн батлах билээ. Хайран хүүхдүүд. Шинжлэх ухаан шилжилтийн гэж тодотгосон ороо бусгаа энэ насандаа сэтгэл зүйн огцом өөрчлөлтөд орж, бие физиологийн хувьд ч өөрийгөө ойлгохгүй нас нь гэж үздэг. Юу хүсээд юу хиймээр байгаагаа, бие дотор нь ямар гээч өөрчлөлт явагдаад байгааг ойлгохгүй, гагцхүү тэрхүү өөрчлөлтийг ямар нэгэн аргаар даван туулахыг зорих нь, юунаас ч хамаагүй тайвшрал авах зорилгод нь тамхи гээч асар хүчтэй никотин нийцдэг байж болох юм. Насанд хүрсэн хойноо архаг тамхичин болсон 10 хүний дөрөв нь анх 10-аас доош настайдаа тамхи сорж үзсэн байдаг гэнэ. 10 настай хүүхэд өөрөө сонирхоод тамхи сорж үзэх нь юу л бол. Манай хэнэггүй аав ээж, тэр байтугай өвөө нар хүү хүүхдээ өхөөрдөн татаж буй тамхиа аманд нь зуулгаж, “Хөөе тэр хараач, сорж байна, эгдүүтэй гэдэг нь” гэж ирээд л өөгшүүлж байгаа харагддаг.

Саяхан 2-3хан настай хүүхэддээ тамхи зуулгаад өхөөрдөж нэтээр цацсан бичлэг яваад байсан даа. Тэр хүүхэд одоохондоо тамхи татаж сураагүй ч ирээдүйд найдвартай тамхичин болно гэхэд мөрийцсөн ч болно. Яагаад гээч, яагаад гэвэл бага насандаа сониучирхсан зүйлсдээ өсвөр насандаа илүү их татагддаг гэж сэтгэл судлаачид үзсэн байна. Тэгэхээр том болсон хойно нь биш багаас нь хүүхэддээ анхаарч, тамхины хор холбогдлыг энгийн тайван замаар ойлгуулах, сэтгэл гутрал, сэтгэл зовинолыг тамхиар биш өөр аргаар даван туулж сургах, сониуч зангаа тамхинд биш өөр зүйлд зориулах гэх мэт хүүхдийн нас, сонирхолд тохирсон аргаар хандах нь эцэг эхчүүд, сургуулийн нийгмийн ажилтнуудын хариуцлагатай үүрэг юм. Манайхан ямар нэгэн зүйлийг буруу гэж үзвэл хааж боож, торгох шийтгэхээ л боддог. Архи, тамхи, интернет тоглоом өөр юу байдаг юм бүгдийг хаа, хорь, болиул гэж орилохоос яагаад их хэрэглэж болохгүй вэ гэдгийг ойлгуулж, тодорхой лимиттэй, хэрэгтэй үед өөрийгөө хянаж хэрэглээгээ хангах талаар яагаад сургадаггүй вэ. Аливаа зүйлийг хүүхэд байхад нь ойлгуулаагүйгээс болж насанд хүрсэн хойноо ямарваа нэг зүйлд автах магадлал өндөр байдаг аж.

Жишээ нь, чихэр шоколаданд дуртай, гурилан боов боорцогт дуртай, хийжүүлсэн ундаанд дуртай гэх мэт. Бидний нэг алдаа бол чихэр боовонд дуртай гэж ярихаас чихэрт донтсон гэж ярихгүй. Тэгсэн атлаа архи тамхинд донтсон гэж ярьдаг. Чихрийн илүүдэл хэрэглээтэй, түүнийгээ барьж дийлэхгүй байгаа л бол тэр ялгаа байхгүй дон. Ер нь донтох мэдрэмж бидэнд алхам тутам тохиолдоно. Тэр болгонд хааж хориглох арга хэмжээ авснаар асуудлыг шийдвэрлэх нь буруу арга зам мэт санагддаг. Өнөөдөр эцэг эх тамхи татдаг хүүхдээ загнаад болиуллаа гэж бодоход таны нүднээс далдуур бүүр хүчтэй татна. Татмаар санагдаад цаанаасаа бие организм шаардаад байвал таны хүүхэд мөнгөгүй байсан ч яаж ийгээд олоод татна. Амьдрал ийм. Бодит байдал ийм. Таны бодсоноос хэд дахин илүүг хүүхэд чинь бодоод сэтгээд олчихно. Ингэснээрээ та алдана. Дээхэн үед хөдөөний айлд хүүхэд нь нууцаар тамхи татаад гэрээ шатаачих гээд байна гэж айсан эцэг эх нь дүнсэн тамхи хүүдээ бэлдэж өгөөд цугтаа татдаг болсон түүх олон бий. Одоо ч байгаа байх. Хорьж чадах ч асуудлыг шийдэж чадахгүйгээ мэдсэн ийм эцэг эх шиг найзан дундаа найрлаад татаад байх нь хаашаа юм.

Багаасаа тамхи татдаг өвөө, аав, ах, аав ээжийн найзуудыг харж өссөн хүүхэд тамхи бол жирийн л юм гэж хоол цай шиг бодож өсөх маш аюултай. Арай томроод ирэхээрээ үеийнхэн дундаа хээнцэр лаг болж харагдах, зарим талаар илүүгээ батлахад тамхи хэрэг болдог гэж өсвөр насныхан судалгаанд оролцохдоо хэлсэн байдаг. Мэдсэн сурсанаараа илүүрхэж, хамтлаг байгуулж дуулж бүжиглэж, сагсны мундаг тамирчин болсноороо илүүрхэж өрсөлдөе л дөө хүүхдүүд ээ. Тамхи бол өрсөлдөөн биш, чамайг лаг мундагийг батлах нотолгоо ч биш. Нэг удаа сониучирхан сорсон никотин чиний биед дахин орохыг хүсч болно, тэглээ гээд чи бүү зөвшөөрөөч. Сэтгэлийн дархлаатай байгаач дүү нар аа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж