"Оюутолгой" ХХК өнөөдөр (2022.10.25) 2022 оны III улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүнийн уурхайн төслийн явцаа танилцууллаа.
"Оюутолгой" компани нийт ажилтан ажиллагсад, орон нутгийн ард иргэдийн аюулгүй ажиллагаа болон сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж буйгаа мэдэгдэв. Мөн нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ доод түвшинд хадгалжээ.
Гуравдугаар улиралд 716.8 тэрбум төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт, дотоодод нийт 32.5 их наяд төгрөг зарцуулжээ.
ХАНБОГДЫН УРТ ХУГАЦААНЫ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ 150 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН,
ТАВАН ЖИЛИЙН ХӨТӨЛБӨР БАТАЛСАН
“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕР:
-Манай хамт олон энэ оны гуравдугаар улиралд өндөр гүйцэтгэлтэй байж, зардал өсч буй энэ цаг үед үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажилласны зэрэгцээ гүний уурхайн бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ.
Бид үйл ажиллагаагаа эрхлэн явуулахдаа өөрийн хүмүүсийн аюулгүй ажиллагаа, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавьж, осол аюулгүй, бие биедээ санаа тавьдаг, оролцоог хангасан ажлын байрны соёлыг бэхжүүлж, хүн бүрд өдөр бүр хүндэтгэлтэй ханддаг зан байдлыг төлөвшүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна.
Орон нутгийн хөгжлийн чиглэлээр бодитой томоохон дэвшил гарсан нь Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюутолгой сан байгуулсан явдал. Уг сан эрчим хүч, ус, зам, эрүүл мэнд, байгаль орчин, боловсролын чиглэлээр нэн чухал дэд бүтцийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Ингэснээр Ханбогд бие даасан хөгжлийн гараанд гарах бид бүхний хүсэл эрмэлзэл биеллээ олох юм.
Энэ бүх амжилт манай хамт олны ур чадвар, авьяас билгийн илрэл бөгөөд ажиллах хүчний 97 хувийг монгол ажиллагсад маань бүрдүүлж буйг тэмдэглэхэд таатай байна.
“Оюутолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлөөс Ханбогд сумын урт хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжих 50 сая ам.доллар (ойролцоогоор 150 тэрбум төгрөг)-ын таван жилийн хөтөлбөр баталсны дагуу Ханбогдын хөгжлийн хурдасгуур "Оюутолгой сан"-г өнгөрсөн есдүгээр сард байгуулсан. Тус сан бие даасан, ашгийн бус хуулийн этгээдээр бүртгүүлсэн бөгөөд Ханбогд сумын хөгжлийг дэмжих, хүнд ээлтэй, гэр бүл төвтэй тогтвортой суурин газар болон хөгжих, түүнчлэн орон нутгийн иргэдийн сайн сайхан байдал, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна.
ТАТВАР, ТӨЛБӨР, ХУРААМЖ ХЭЛБЭРЭЭР 237 САЯ АМ.ДОЛЛАР БУЮУ 716.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛЖЭЭ
“Оюутолгой” ХХК аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.19 байжээ. Оюутолгой нь усны үр ашигтай хэрэглээгээрээ ижил төстэй зэсийн уурхайнуудаа тэргүүлэн ажилладаг бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэж буй аж.
Уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг усны алдагдалгүй байхаар загварчлан, усны дахин ашиглалт хамгийн дээд түвшинд байхаар тооцсоны дагуу үйлдвэрлэлийн усны 85-аас дээш хувийг дахин ашиглаж байна. Үйл ажиллагаандаа ашиглаж буй усны хэрэглээг сайжруулах чиглэлээр орон нутаг, үндэсний хэмжээнд бүхий л талуудтай хамтран ажиллаж стратегиа боловсруулах ба усны асуудлаар оролцогч талуудтай түншлэн, тогтвортой шийдэл гарган ажиллана. Нийт ажилтны 97 хувь нь монголчууд байна.
“Өдөр бүр хүндэтгэе” соёл төлөвшүүлэн, удирдах ажилтнуудын 80 хувь нь суурь сургалтаа дүүргэжээ. Ажлын байрны үзлэг, үнэлгээг гүйцээж, тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон байна.
Бизнесийн ёс зүйн алба нь ажлын байран дахь ёс зүйгүй, үл хүндэтгэсэн зан харилцааны улмаас нөлөөлөлд өртсөн хүн бүрд аюулгүй бөгөөд нууцлалтай, хариу дэмжлэг үзүүлэх хараат бус мэргэжилтнүүдийн баг бүрдүүлэн ажиллаж байна. Эдгээр асуудлыг мэдээлэх My Voice (Миний дуу хоолой) хөтөлбөр монгол хэлээр үйлчилгээ үзүүлдэг болсон тул "Оюутолгой"-той холбоотой аливаа санаа зовоосон асуудал, зүй бус, нийцгүй нөхцөл байдал эсвэл зан үйлийн талаар хэн ч мэдээлэх боломжтой болсон.
Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 237 сая ам.доллар буюу 716.8 тэрбум төгрөгийг 2022 оны гуравдугаар улиралд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.81 тэрбум ам.доллар буюу 8.6 их төгрөгийг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтжээ.
Тус компани гуравдугаар улирлын эцсийн байдлаар 788 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 525 нь үндэсний ханган нийлүүлэгч аж. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ.
БАЯЖМАЛ ДАХЬ АЛТНЫ ОЛБОРЛОЛТ ӨНГӨРСӨН ЖИЛИЙН III УЛИРАЛТАЙ ХАРЬЦУУЛАХАД БУУРЧЭЭ
Уурхайн ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар бага боловч энэ оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 19 хувиар илүү байсан нь баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ, зэсийн агуулга өмнөх улиралтай харьцуулбал өндөр байсантай холбоотой. Уурхайн төлөвлөлтөөс улбаалан баяжмал дахь алтны олборлолт мөн өнгөрсөн жилийн гуравдугаар улиралтай харьцуулахад нэлээд (0.22% ба 0.63%) буурчээ.
ПАНЕЛЬ 1, 2-ЫН СУДАЛГААНЫ АЖЛЫГ 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ДУУСГАХ АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВЖ БАЙНА
Уурхай дахь ажиллах хүчний хуваарилалт 2022 оны шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллын дагуу явж байгаа аж. Огтлох малталт болон хүдэр буулгуурын ажлууд хуваарийн дагуу буюу Панель 0-ийн анхны тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр үргэлжилж буй юм байна.
Өнгөрсөн есдүгээр сард агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлт 176 болон 276 метрийн гүнд хүрсэн буюу 2022 оны шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллын дагуу байгаа аж. Налуу амын барилгын болон гүн дэх ажлыг оролцуулаад материал тээврийн дэд бүтцийн сүүлийн шатны барилгын ажил 2022 оны хоёрдугаар улиралд эхэлжээ.
Панель 1 болон 2 (өдөрт олборлох хүдрийг 95.000 тоннд хүргэхэд чухал оролцоотой)-ын судалгааны ажлыг 2023 оны эхний хагаст дуусгах ажил төлөвлөгөөний дагуу явж буй юм байна. Агааржуулалтын урд, хойд амын ажил хойшилж байгаагаас үүдэн агааржуулалттай холбоотой нөлөөлөл байх эсэхийг судалгаанд тусгах ажээ.
"ОЮУТОЛГОЙ" ТӨСЛИЙН УРТ ХУГАЦААНЫ АМЖИЛТЫГ БАТАТГАХ САНХҮҮЖИЛТ ТОДОРХОЙ БОЛНО
"Оюутолгой"-н хувь эзэмшигч талууд болох "Рио Тинто" болон "Туркойз Хилл Ресурс"-ийн өнгөрсөн есдүгээр сарын 5-нд байгуулсан гэрээгээр "Рио Тинто Туркойз Хилл" дахь өөрийн эзэмшдэггүй үлдэгдэл хувьцааг худалдан авах болсныг хувьцаа эзэмшигчид баталгаажуулах ажил хүлээгдэж буй.
Энэхүү хэлцэл хийгдвэл "Туркойз Хилл"-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцааг 43 канад доллараар (нийт 3.3 тэрбум ам.доллар) бэлнээр худалдан авч, өндөр үнэ цэн хүртээх ба "Оюутолгой" төслийн урт хугацааны амжилтыг бататгах санхүүжилт тодорхой болох аж.
Шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллыг 2022 оны зургадугаар сард гаргаж, Хойд Хюго 1 төслийн нийт зардлыг 7.06 тэрбум ам.доллар (2020 оны шинэчилсэн тооцоолоос 0.3 тэрбум ам.доллараар өссөн) байхаар тооцжээ. Тооцооллыг "Оюу толгой"-н Төлөөлөн удирдах зөвлөл хянах юм байна.
“Оюутолгой” үйлдвэрлэлийн мэдээлэл
Холбоотой мэдээ