Нэмэлт:
Хагас нар хиртэлт Европын орнуудад илүү тод ажиглагдах бөгөөд Монголд бараг ажиглагдахгүй гэдгийг судлаачид хэлж байна. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн доктор Д.Батмөнхөөс тодруулахад "Нарны хагас хиртэлт өнөөдөр /2022.10.25/ болно. Ингэхдээ Европын орнуудын зарим хэсгээр ажиглагдана. Монгол Улсын хувьд нарны хиртэлт ажиглагдахгүй. Нарны хагас хиртэлтийн тухайд энэ жил хоёр удаа болж байгаа юм. Эхнийх нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд болсон бол энэ удаагийнх сүүлийн нар хиртэлт. Монгол Улсад хоёулаа ажиглагдаагүй. Европын зарим орнуудад өдрийн 11.00 цагийн орчимд нар хагас хиртэнэ. Бүрхэг өдөр нарны хагас хиртэлт бараг ажиглагдахгүй. Монголд өнөө орой нар шингэх үеэр 19.00 цагийн орчимд Баян-Өлгий, Ховдын баруун хязгаарт хагас нар хиртэлт зурвасхан ажиглагдана" гэв
Мөн тэрбээр "Монголд хамгийн сүүлд нарны бүтэн хиртэлт Ховд, Баян-Өлгий аймагт 2008 онд ажиглагдсан. Мөн 2006 онд Хөвсгөл аймагт, 1997 онд олон аймагт зэрэг ажиглагдсан байдаг. Харин хагас хиртэлт бол жил бүр тодорхой хугацааны давтамжтай болж байгаа. Нарны хиртэлт нь хоёр минут, дээд тал нь зургаан минутын хугацаанд үргэлжилдэг. Сүүлд болсон нарны бүтэн хиртэлт нь, Канад улсын нутаг дэвсгэрээс эхлэн Гринланд, Орос, Монголын газар нутгийг дайран Хятадын нутагт төгссөн. Манай орны хувьд нарны бүтэн хиртэлтийн гол шугам Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрч, нарны хагас хиртэлт 80-аас дээш хувьтайгаар ажиглагдсан байдаг.
Бүтэн хиртэлт бол ховор үзэгдэл учраас бага болдог гэж ойлгож болно. Нарны хиртэлтийн хугацааны хувьд харилцан адилгүй байдаг. Учир нь нар, сар, дэлхий гурвын хөдөлгөөнөөр тодорхойлж байгаа учраас тухайн цэгт хэдийд ч нар хиртэх үзэгдэл ажиглагдах боломжтой" гэлээ.
Дэлхийн гадаргын янз бүрийн цэгт нарны хиртэл янз бүрийн цагт ажиглагддаг. Нарны хиртлийг бүтэн хиртэлт, хүрээтэй хиртэлт, хагас хиртэлт, холимог хиртэлт гэж ангилдаг. Сар дэлхийг тойрон эргэдэг, дэлхий өөрийн тэнхлэгээр эргэлддэг зэргээс үндэслэн сарны сүүдэр дэлхийн гадарга дээгүүр ойролцоогоор баруунаас зүүн тийш өргөнөөрөө дунджаар 200 км орчим, уртаараа хэдэн мянган км зурвас үүсгэн нүүн шилжинэ. Сарны сүүдрийн дэлхийн гадарга дээгүүр нүүн шилжих зурвас нутгийг бүтэн хиртэлтийн зурвас гэнэ.
Нарны бүтэн хиртлийн үед тэнгэр харанхуй болж гаригууд ба тод од харагдана. Саранд хаагдсан нарны тэргэлийг тойрон нарны титэм гэж нэрлэгдэх гоёмсог цайвар зурвас тод харагдана.
НАР ХИРТЭЛТ ХААНА, ХААНА МЭДРЭГДЭХ ВЭ?
Нарны хэсэгчилсэн хиртэлт өнөөдөр Европ, Африкийн хойд хэсэг, Ойрхи Дорнод, Ази тивээс харагдана. Хиртэлт эхлээд Исландын Рейкьявик хотод орон нутгийн цагаар 08:58-д харагдана. Дараа нь Лондонд 11:00 цагийн орчимд нарны 15 хувь нь хиртэнэ. Үдээс хойш 16:00 цагийн үед хиртэлтийн хэмжээ дээд цэгтээ хүрч эхлэнэ. ОХУ-ын өмнөд Уралын бүс нутгийн Челябинск хотод 79 хувьтай хиртэх бол Нью Дели хотод 17:30 цагийн орчимд 44 хувьтай байна.
Сар нарыг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь хаах үед тохиолддог үзэгдлийг нар хиртэлт гэдэг. Сар дэлхийг тойрон эргэж, дэлхий нарыг тойрон эргэх явцад нар, дэлхий хоёрын дундуур сар орсноор дэлхий сүүдэртдэг гэсэн үг юм. Дэлхийн аль хэсгээс харж буйгаас хамаарч үзэгдэх байдал өөр өөр. Лондонд тухайлбал бага зэрэг л хиртэлт мэдрэгдэнэ. Челябинск хотод дунд зэрэг байх юм.
Мэдээж цаг агаарын урьдчилсан мэдээтэй ч бас хамааралтай. Үүлэрхэг өдөр байвал нар хиртэлтийг үзэх бараг боломжгүй.
Нар хиртэлт ойролцоогоор зургаан сарын зайтай тохиодог. Сүүлийн хагас хиртэлт дөрөвдүгээр сард болжээ. Хэсэгчилсэн буюу хагас хиртэлт нь бүтэн хиртэлтээс илүү олон удаа тохиолддог. Ихэнх хүнд хэсэгчилсэн хиртэлт нь нарыг бүрхсэн үүл мэт л харагдах юм. Хэдийгээр нарны 20 хувь нь бүрхэгдсэн ч асар их хэмжээний нарны туяа туссаар байдаг. Тиймээс нар хиртэлтийг шууд харалгүй тусгай шүүлтүүр бүхий шил зүүх шаардлагатай аж.
Өнөөдрийн нар хиртэлт Монгол Улсад хэрхэн ажиглагдах вэ? Ховд аймагт 17:27-17:47 минутын хооронд ажиглагдана гэж “Drik Panchang” нэртэй зурхай, хуанлийн чиглэлийн цахим хуудас бичжээ. Тус хуудаснаас аль аль улсад хэдэн цаг минутад, хэдэн хувьтай нар хиртэлт үзэгдэх вэ гэдгийг тодорхой харах боломжтой.
Эх сурвалж: NY TIMES
Холбоотой мэдээ