Сурвалжлага: Өдөрт 60 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.25-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Өдөрт 60 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна

Сурвалжлага: Өдөрт 60 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна

Эрчим хүчний салбарын хэрэглэгчдэд хүрэх тарифыг нэмээгүйгээс тус салбар алдагдалтай ажиллаж, “дампуурахад” ойрхон байгаа талаар өмнөх сурвалжлагаар хүргэсэн билээ. Энэ удаагийн сурвалжлагаар эрчим хүчний нүүрсний уурхай болох Шарын голын уурхайгаас бэлтгэлээ.


Тус уурхай нь энэ оны наймдугаар сарын 20-наас есдүгээр сарын 20-ныг хүртэл тэг зогсолт хийжээ. Шалтгаан нь, дизель түлш, тэсэлгээний үнэ нэмэгдэж, өдөрт түлшний үнийн зөрүүгээс үүдэн 60 сая төгрөгийн алдагдалд орж буй аж.  Монгол Улс эрчим хүчний нүүрсийг Багануур, Шарын гол, Шивээ овоо гэсэн уурхайгаас олборлодог.

“Шарын гол” ХК 2022 онд нийт 9984.0 мянган м3 хөрс хуулж, 1417.6 мянган тонн нүүрс олборлохоор төлөвлөсөнөөс 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 7284 мянган м3 хөрс хуулж, 996.4 мянган тн нүүрс олборлосон байна. Уурхайд одоогоор өөрийн болон түрээсийн 12 экскаватор, тээврийн 24 самосвал, хөрсний овоолго, зам талбайн 8 хүчний техник, нүүрс бутлан ачих 1 технологи дамжлага, борлуулалтын 4 техниктэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

“САРЫН ХУГАЦААНД ТЭГ ЗОГСОЛТ ХИЙСЭН НЬ ТҮЛШНИЙ ҮНЭТЭЙ ХОЛБООТОЙ”

“Шарын гол” ТӨХК гүйцэтгэх захирал Б.Мэндсайханаас уурхайд үүссэн хүндрэлтэй асуудлдын талаар тодрууллаа.

-Шарын голын уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу. Ямар хүндрэл бэрхшээл үүсээд байгаа юм бэ?

-Шарын голын уурхай 2022 онд 9.9 сая куб хөрс хуулж, 1.4 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Эхний арван сарын байдлаар график төлөвлөгөө хоцролттой явж байна. Арванхоёрдугаар сарын 1-н гэхэд 800 мянган тонн нүүрс нээхээр хөрс хуулалтаа хийгээд ажиллаж байна. Одоогийн байдлаар 1.2 сая тонн хөрс үлдчихсэн. Үүнийг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө хуулахаар бүхий л хүчин чадлаа дайчлаад явж байна.

-Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн хэчнээн байгууллага руу нүүрс нийлүүлж байна вэ?

-Шарын голын уурхай Монгол Улсын эрчим хүчний нүүрсний 12 хувийг дангаараа хангадаг. Хойд бүсийн ганц эрчим хүчний уурхай. Эрдэнэтийн ДЦС, Эрдэнэт үйлдвэрийн ДЦС, Дарханы ДЦС, Хөтөл зэрэг газрууд нийлээд жилдээ сая 400 тонн нүүрс гаргадаг. Өнөөдрийн байдлаар 600 орчим ажилтантай ажиллаж байна.

Хүндрэлтэй асуудал нь бид наймдугаар сарын 20-ноос, есдүгээр сарын 20-ныг хүртэл тэг зогсолт хийсэн. Тэг зогсолт хийсэн шалтгаан нь түлшний үнийг төлж чадаагүйгээс болсон.

2020 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос /ЭХЗХ/ эрчим хүчний нүүрсний үнийг 44500 төгрөгөөр тогтоосон. Тухайн үед дизелийн түлшний үнэ 1600 төгрөг байсан. Энэ оны долдугаар сард дизелийн түлш 4000 төгрөг гарах болсон. Уурхайн хувьд хоногт 23 мянган литр түлш хэрэглэдэг бол  өнөөдрийн дизель түлшний үнэ 3800 төгрөг байна. Тиймээс тухайн үеийн үнэ тогтоосон 1600 төгрөгийн зөрүүгээр бодоход хоногт түлшний үнийн зөрүүнд өдөрт 60 сая төгрөгийн алдагдалтай ажилладаг. Энэ нь жилдээ 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Үүнаас гадна валютын ханш, геополитикийн байдлаас улбаалан сэлбэгийн бэлтгэн нийлүүлэлт удаашралтай, энэ хэмжээгээр дагаад нь үнэ нь өсөлттэй байгаа.

-Ажилчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал хэрхэн хангагдаж байна вэ?

– Ажилчдын нийгмийн асуудал хүнд байгаа. Нүүрсний үнээс хамаараад цалингаа нэмж чадахгүй байна. Манай компанийн хувьд онцлог зүйл байдаг. Зардал талаа харахаар уул уурхайн компани гээд нэмэгдэлтэй байдаг. Жишээ нь, НДШ-ийг бусад аж ахуй нэгжүүдээс хоёр хувь илүү төлдөг. Үүнд жилдээ 200 сая орчим төгрөг илүү төлдөг. Эрчим хүчний үнэ гэдэг дээр уул уурхайн компани өндөр тарифаар явдаг. Ингэхээр, жилдээ 400 орчим сая төгрөгийн нэмэгдэл байдаг. Орлого талаа  харахаар эрчим хүчний нүүрс гэдгээр Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан бага үнээр явдаг. Орлого тал нь төрийн хяналтад бага үнээр, зардал нь зах зээлийн жамаар өсөлттэй үнээр явдаг.  Энэ хоёрын зөрүүнд бид алдагдал хүлээж байна.  Операторуудын дундаж цалин 1.3 сая орчим бий. Өмнийн говийн бүс нутагт цалин хоёр дахин илүү байдаг. Тиймээс тарифын үнэ ханшийг эргэн нэг хараасай.

“ШАРЫН ГОЛ” ХК-ИЙН ДЦС-УУДАД БОРЛУУЛАХ ҮНЭ 55,446 ТӨГРӨГ БАЙХ ЁСТОЙ

Тус компанийн олборлож байгаа нүүрсний үнийг ЭХЗХ-ноос 2020 онд 44500 төгрөг байхаар тогтоосноор өдийг хүртэл мөрдөж байна. Энэ үнийг тогтоож байх үед дизелийн түлш 1600 төгрөг байсан бол одоо 2.5 дахин, бусад сэлбэг материалын үнэ 60 хувиас дээш нэмэгдээд байна.

ЭХЗХ гаргасан аргачлалаар тооцоход “Шарын гол” ХК-ийн ДЦС-уудад борлуулах үнэ 55,446 төгрөг байх ёстой хэдий ч энэ үнийн тооцоонд 2023 оноос хэрэгжих хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдсан цалингийн нэмэгдэл,  инфляцийн өсөлт тооцогдоогүй аж.

Нүүрсний үнийг нэмэгдүүлж чадаагүйгээс бэлтгэн нийлүүлэгч болоод татварын байгууллага, нийгмийн даатгалын байгууллагад төлөх өр төлбөрийг хойшлуулж үйлдвэрлэлд нэн шаардлагатай засвар үйлчилгээг хийж байна. Компанийг Татварын ерөнхий газар болоод Нийгмийн даатгалын байгууллагаас хуримтлагдсан өр төлбөрөө төлөхгүй бол компанийн харилцах дансыг хаахыг мэдэгдэж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрсдэл үүсгэж байгаа юм байна. Түүнчлэн нүүрсний үнийг тогтоохдоо бодит өртөг зардлаас нь доогуур тогтоож ирсэнээс компани мөнгөн урсгалын дутагдалд орж шаардлагатай төлбөрүүдээ хугацаандаа төлж чадаагүйгээс компанийн өр төлбөр жилээс жилд өсч байгааг ярилаа.

Ийнхүү эрчим хүчний үнийг сүүлийн гурван жил нэмэгдүүлээгүйн улмаас валютын ханшийн зөрүү, дизель түлшний үнээс хамааран төрийн өмчит аж ахуй нэгжүүд “нугаслуулж”, алдагдалд орж байна. Эрчим хүчний салбар бол улс орны стратегийн салбар. Тиймээс хэрэглэгчийн тарифын үнийг нэмэгдүүлж, алдагдлаа бууруулахгүй бол тус салбарынхан тэг зогсолт хийхэд ойрхон байгаа илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж