Цахиураа цахиж, дэнгээ барих уу?

Хуучирсан мэдээ: 2022.10.25-нд нийтлэгдсэн

Цахиураа цахиж, дэнгээ барих уу?

Цахиураа цахиж, дэнгээ барих уу?

Ноцтой мэдэгдэл:

– Гарцаагүй үнэ тарифыг нэмэхээс өөр гарцгүй болсон. Эсвэл ирэх жилийн төсөвт 300-400 тэрбум орчим төгрөгийн татаас суулгаж, татаасаар амьдрах хоёр сонголттой байна. Энэ байдлаараа цаашдаа явбал энэ өвлийг давах байх. Цаашдаа тогтой байх уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Цар тахлын үед эрчим хүчний салбар байж болох бүхий л нөөцөө шавхаад дууссан…

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. /Төрийн ордон. 2022.10.24/

УРГАЖ ГАРДАГ НАРАН ШИНГЭНЭ…

Өвөл монголчууд гал алдаж магадгүй талаар Эрчим хүчний ээлжит сайд дахин дуулгав. Өмнөх сайд ч өөрийнхөө хэмжээнд сэрэмжлүүлээд буусан билээ. Сонгууль ойртсон учраас иргэдийн цахилгааны тарифт энэ удаад өөрчлөлт орохгүй аж. Харин ААН-ийн хувьд 5,000 кВт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй бол 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлж тооцно.

Хийсэн, бүтээсэн болгон илүү ихийг төлнө. Оюутолгойн татварын маргаанаас үүдэн байршуулсан мөнгө, Эрдэнэт үйлдвэрийн орлогыг иргэдийн цахилгаан, дулааны мөнгөнд зарцуулж сонгуулийн шоу хийсний гай гарч байна.

Тэрхүү мөнгийг цахилгаан станцуудаа тордоход зарцуулсан бол өвөл хаяанд тулсан үед  ноцтой мэдээлэл хийхгүй байсан билээ. Дэлхийн улс орнуудад цахилгаан хэмнэх үүднээс ахуйн хэрэглээ өндөр байдаг бол манайд тэглэдэг. Эсвэл үйлдвэрлэсэн өртгөөс нь хямдаар үнэ тогтоодог. Харин аж ахуйн хэрэглээ хямд байдаг бол манайд 40 хүртэл хувиар нэмэх тухай ярьж байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд нар жаргалаа.

ШИЛЭН ДЭНЛҮҮ ХЭРЭГГҮЙ…

Шивээ хиагтыг эзлэхэд шилэн дэнлүү хэрэггүй… гээд өнгөрсөн жилжингээ дуулж, бүхнийг 100-тай холбосны гайгаар бид энэ өвөл хотоо хөлдөөж магадгүй нөхцөл байдалд хүрчээ. Дархан, Эрдэнэт ч хөлдөх эрсдэлтэй байна. Монгол энэ өвөл лаа барих эрсдэлд орсоныг салбарын сайдаасаа эхлээд мэргэжилтнүүд нь анхааруулж байна. “Аргагүй эрхэнд энэ салбарыг дампууруулчихгүйн тулд дээрх арга хэмжээг авах гэж байна” гэж аргалдаг сайдын учирлаад байгаа ч бид цахилгаанаа аврах гээд аж ахуйн нэгжүүдээ дампууруулж мэдэх нь. Бодит байдалд дүгнэлт хийж сэргээгдэх эрчим хүчний төлбөр нэрийдлээр огт оргүй байгаа цахилгааны төлбөрөө одоо зогсоож, бодитоор хандмаар байна.

Гэтэл Багануурын уурхай тонн нүүрсийг өөрийнх нь өртгөөс 30 хувь буулгасан үнээр, Шивээ-Овоогийн нүүрсийг бүр ч хямдаар буюу 29 мянган төгрөгөөр зарж алдагдлаа дахин нэмэгдүүлсээр байгаа энэ үед Монгол цахилгаанаа өөрсдөө хангана гэж гоё гоё юм ярих нь ёстой лөөлөө.

Монголд эрчим хүч шиг хэрэгтэй зүйл үгүй гэдэг ч хэрэг дээрээ хэрэггүй гэж үздэг нь гаргасан шийдвэр, барьж буй бодлого, гацаасан төслүүдээр маш тодорхой харагдана. Үүнд элдэв статистик, судалгаа дурдах огтоос шаардлагагүй бөгөөд утасны төлбөрөө цахилгаан дулааны төлбөртэйгөө харьцуулахад л хангалттай. Уг нь утас, интернэт, хоол гээд бүхний үндэс нь эрчим хүч байлтай.

ҮҮРСЭН БУУ НЬ ЦАХИУР, УНАСАН УНАА НЬ ГҮҮ

Ийм байтал сэргээгдэх эрчим хүчний тухай ярин сэрүүн зүүдэлж, түүгээр дамжуулах тэрбум тэрбум доллар олох тухай дарга нар дэмийрэх. Гэтэл эдийн засгийнхаа 27 орчим хувийг бүрдүүлж буй нүүрсээ ч урд хөрш рүүгээ олигтойхон тээвэрлэж чадахгүй нь ээ. Хэдийгээр төмөр зам ашиглалтад орсон ч бүдүүн царигтай. Терминал барьж гэмээнэ нарийн царигтай Хятадын талд нийлүүлэх болж байна. Үүнийгээ Үндсэн хуульд нийцсэн гэж үздэг улс билээ, бид. Тиймээс бид урьд нь ямар байсан яг тэр хэвээрээ л байна.

ДЭНГИЙН ЭРВЭЭХИЙ…

Коммунизмын аугаа бүтээн байгуулалтын үед Улсын нэр томъёоны комисс хуралджээ. Эрчим хүчтэй болсондоо хөөрцөглөн "дэнлүү" гэх хятад үгийг хэрэглээнээс хасахаар шийдэж. Оронд нь оросуудын адил "лампа" гэдэг үг нэвтрүүлэх ёстой. Харин энэ үест билгүүн номч, их эрдэмтэн Б.Ренчин гуай
Арван тавны cap нь

Агаар тэнгэртээ лаампаг даа

Арван тавтай шоожуу нь

 Аав ээждээ лаампаг даагэж дуулснаар тэнэглэлийг нь зогсоосон гэдэг. Өнөөдөр ч уламжлалаараа бидний “тэнэглэж” явна. Өөрсдийг нь тэжээж буй нүүрсээ гурил, цавуутай холиод “шахмал түлш” гэж дуудах “зарлиг” гаргачихсан яваа. Гэхдээ ухааруулах хүн нь аль 1996 онд гарч ирээд эрчим хүчний үнийг чөлөөлөхөөр болсон ч намынхандаа шүүмжлүүлээд таг зогссон. М.Энхсайхан тухайн үед жилдээ 250 цахилгаан тасарч байсныг судлуулсан байдаг.

Тухайн үед эрчим хүчний үнийг чөлөөлсөн бол зах зээлийнхээ жамаар хөгжөөд өнөөдөр ажрахгүй суух байлаа. Харамсалтай нь тэгээгүй учраас бид нөгөө л Оросоос хамааралтай хэвээрээ, хэрээ мэдэхгүй өртөгөөс нь хямдаар түгээр өрөнд баригдсан янзаараа сууна.

Цахилгаан станцуудаа барихаар Засгийн газар бодлогодоо тусгасан нь сайн хэрэг. Гэхдээ бас л дутагдалтай. Хятад авахаа мэдэгдээгүй байгаа хийн хоолойг газар нутгаараа дамжуулах шийдвэр гаргасан эрх баригчид хийн болон сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр бас тусгаад авчээ. Яг дэнгийн эрвээхий шиг…

"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГO"-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨГЖЛИЙН ТӨСЛИЙН ЖАГСААЛТ

ХОЁР.ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ
7Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх төслүүд

/Дулааны III цахилгаан станц, Дулааны II цахилгаан станц, Чойбалсангийн дулааны цахилгаан станц, Улаанбаатар хотын дулаан хангамжийн тархмал эх үүсвэр болох Амгалангийн дулааны станц, Дулааны IV цахилгаан станцын зуух болон хийн эх үүсвэрүүд/

8Эрчим хүчний шинэ эх үүсвэр барих төслүүд

/Тавантолгойн дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Төвийн бүсийн 5 дахь эх үүсвэр, Багануурын дулааны цахилгаан станц/

9Эрчим хүчний дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний төслүүд

/Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай, Тавантолгойн дулааны цахилгаан станц-Оюутолгой, Сайншанд-Цагаансуварга, Багануур-Өндөрхаан, Багануур-Чойр, Мандалговь-Арвайхээр, Багануур-Налайх-Улаанбаатар/

10Байгальд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэт технологид суурилсан эрчим хүчний төслүүд

/Цөмийн, ногоон-устөрөгчийн, байгалийн хийн болон сэргээгдэх эрчим хүчний төслүүд/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж