Сена голын эрэг дээр Парисын олимп нээлтээ хийхэд тун бага хугацаа үлджээ. Он гарсаар олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүд эхэлж, тамирчид, дасгалжуулагчдын хамгийн завгүй үе ирнэ.
Олимп дөхсөнтэй холбогдуулан элдэв асуудал дэгдэв. Ялангуяа Орос, Беларусийн тамирчидтай холбооотой мөн Монголыг тойрсон эргэлзээ үүссэн. Тухайлбал, Орос, Беларусийн тамирчдыг олимпод оролцуулах уу?, Монгол допингийн дүрмээ батлуулж чадалгүй олимпод орохгүй юу? Оросын тамирчид Монголын нэр дээрээс олимпод орох уу? гэх мэт асуулт гарч ирсэн. Тэгвэл эдгээр асуултуудад хариулъя.
Орос, Беларусийн тамирчид олимпод оролцох уу?
Орос Украин руу түрэмгийлэл үйлдсэний дараа олон улсын олимпийн хорооноос спорт холбоодод хандан Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахыг хориглож, тус хоёр улсад төлөвлөсөн бүхий л тэмцээн, арга хэмжээнүүдээ цуцлахыг зөвлөсөн. Энэ байдал удаан ч үргэлжилж, олимп ч дөхөв.
Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахын хэлснээр Оросын тамирчид төр засгийнхаа гаргаж буй шийдвэрийг эсэргүүцэж, нэгдэж чадвал тэдний тэмцээнд оролцуулахад асуудалгүй гэдгээ мэдэгдсэн.
Үндэсний олимпийн хороодын 26 дахь удаагийн Ерөнхий ассамблей өнгөрсөн долоо хоногт Сөүл хотноо болсон. Энэ үеэр Орос, Беларусийн тамирчдын асуудал мөн хөндөгдсөн. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Орос, Беларусийн тамирчдад тавьсан хоригийг цуцлах цаг нь одоо биш гэжээ.
ОХУ-ын олимпийн хорооны ерөнхийлөгч Станислав Поздняковын хэлснээр ассемблейн эхний өдөр амаргүй байсан аж. Тэрбээр ярихдаа “Зарим хуралд оролцогсдын зүгээс Оросын эсрэг бага зэргийн үг хэллээ. Гэхдээ гол нь улс төрийн шалтгаанаар тамирчдыг ялгаварлан гадуурхахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн оролцогсод дийлэнх нь байна. Энэ ойлгомжтой байсан. Томас Бах ч ойлгосон” гэжээ.
Ямартай ч 2023 онд олон улсын олимпийн хороо ямар нэгэн шийдэл гаргах нь ойлгомжтой. Магадгүй Орос, Беларусийн тамирчид улсынхаа бус олимпийн хорооныхоо туган дор олимпод өрсөлдөж болох юм.
Монгол Улс Парисын олимпийг өнжих үү?
Допингийн эсрэг үндэсний дүрмээ батлуулж чадаагүй байгаа монголчууд Парисын олимпийг өнжих эрсдэлтэй боллоо гэх яриа гарсан. Монгол “WADA” буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн гишүүн орон учир тус агентлагийн дүрэм журмыг дагаж, өөрсдийн дүрмийг батлах ёстой.
Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ ч олимпийг өнжих эрсдэл үүссэн болохыг хэлсэн.
Эцэст нь, Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын тогтоолын төслийг баталсан юм.
Ийнхүү монголчууд Парисын олимпод оролцох гэрийн даалгавраа хийв.
Оросын тамирчид Монголын нэр дээрээс олимпод оролцох уу?
Оросын тамирчид Монголын нэрээр олимпод оролцох эсэх асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханаас тодруулахад “Тийм юм болоогүй. ОХУ-ын Спортын сайд Олег Матыцинтай уулзсан нь уулзсан. Гэхдээ бид нар нэг төлөвлөгөө баталсан юм. Тэр дотор ийм зүйл байхгүй. Монголчууд олимпод оролцоход ямар ч асуудалгүй. Би өөрөө олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн” гэсэн юм.
Мөн дүрмэндээ олимпод оролцох тамирчин олимп эхлэхээс дор хаяж гурван жилийн өмнө иргэншлээ солих боломжтой ажээ.
Тэгэхээр Оросын тамирчид Монголын нэр дээрээс оролцох яриа болоогүй. Мөн дүрмийн хүрээнд ч одоо нэг жилийн хугацаа үлдсэн учир Орос тамирчид Монголын нэр дээрээс оролцох боломжгүй ажээ.
Холбоотой мэдээ