Орос, Хятадын худалдааны эргэлт 2022 оны эхний гурван улирлын байдлаар 32.5 хувиар нэмэгдэж, 136 тэрбум 890 сая ам.долларт хүрчээ. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тус улс дээрх хугацаанд ОХУ-д 52 тэрбум 244 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон нь 2021 оны мөн үеийнхээс 10.3 хувиар өссөн дүн болжээ. Оросоос Хятадад нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний хэмжээ мөн хугацаанд 51.6 хувиар нэмэгдэж, 83.845 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Орос, Хятадын худалдаа, бараа эргэлтийн талаарх мэдээллийг онцолж байна.
Хятадын Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн Даваа гариг (2022.10.24)-т мэдээлснээр, 2022 оны 1-9 дүгээр сард Хятадын гадаад худалдаа өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар нэмэгдэж, 31.11 их наяд юань буюу 4.75 их наяд ам.долларт хүрчээ.
ОРОС, ХЯТАД 2024 ОН ГЭХЭД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ 200 ТЭРБУМД ХҮРГЭНЭ
Хоёр улсын худалдаа өнгөрсөн есдүгээр сард 18 тэрбум 656 сая ам.долларт хүрч, ОХУ-аас БНХАУ-д 10 тэрбум 656 сая ам.долларын бараа, БНХАУ-аас ОХУ-д 7.99 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолжээ. 2021 оны эцсийн байдлаар энэ үзүүлэлт 35.8 хувиар өсч, 146.887 тэрбум ам.доллар болж, дээд амжилт тогтоов.
ОХУ-аас БНХАУ-д экспортолж буй бараа, бүтээгдэхүүний үнийн дүнгийн 70 орчим хувийг газрын тос, байгалийн хий, нүүрс эзэлж байна. ОХУ-аас импортолж буй бусад гол бүтээгдэхүүнүүдэд зэс, зэсийн хүдэр, мод, түлш, далайн бүтээгдэхүүн оржээ.
БНХАУ-аас ОХУ-д хийсэн экспортын хэмжээ энэ оны эхний есөн сард 10.3 хувиар нэмэгдэж, 52.24 тэрбум орчим ам.долларт хүрсэн бол Оросын бараа, үйлчилгээний импорт 51.6 хувиар өсч, 83.84 тэрбум ам.доллар болсон байна.
Оны эхний найман сард БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 26 хувиар өсч, 38.2 сая тонн болжээ. Ялангуяа ОХУ-аас БНХАУ-ын импортолсон нүүрсний хэмжээ 81 хувиар өсч, 12.3 сая тонн болсон байна.
БНХАУ-ын коксжих нүүрсний импортод эзлэх ОХУ-ын нийлүүлэлтийн хэмжээ өнгөрсөн онд 20 хувь байсан бол энэ онд 33 хувь болж өсөв. Талууд рубль, юаниар худалдаагаа хийж байна.
Хятад улс ОХУ руу олон төрлийн бүтээгдэхүүн экспортолдог бөгөөд үүний ихээхэн хувийг ухаалаг гар утас, үйлдвэрийн болон тусгай зориулалтын тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоом, гутал, тээврийн хэрэгсэл, агааржуулагч, компьютер эзэлж байгаа аж.
Орос, Хятадын удирдагчид өмнө нь хоёр орны худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлж, жилд 100 тэрбум байсныг 2024 он гэхэд 200 тэрбумд хүргэх зорилт тавьж буйгаа мэдэгдсэн.
ОХУ-ын худалдааны тэнцэл 1-9 есдүгээр сард эерэг гарч, 31.6 тэрбум ам.долларт хүрсэн нь 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад бараг дөрөв дахин өссөн үзүүлэлт болжээ. Хоёр улсын худалдааны хэмжээ өнгөрсөн есдүгээр сард 18.65 тэрбум ам.долларт хүрсэн нь наймдугаар сарынхаас 3 орчим хувиар бага үзүүлэлт аж.
Орос, Хятадын худалдааны эргэлт 2020 онд Covid-19 цар тахалтай холбоотойгоор 2.9 хувиар буурсан (107.76 тэрбум доллар) бол 2021 онд 35.8 хувиар өсч, 146.88 тэрбум ам.долларт хүрсэн нь дээд үзүүлэлт болжээ.
МОНГОЛ УЛСЫН ИМПОРТЫН 35.1 ХУВИЙГ БНХАУ, 29.9 ХУВИЙГ ОХУ БҮРДҮҮЛЖЭЭ
Монгол Улсын хувьд 2022 оны эхний есөн сард 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 8.8 тэрбум, импорт 6.4 тэрбум ам.доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 31.2 хувь буюу 3.6 тэрбум, экспорт 36.9 хувь буюу 2.4 тэрбум, импорт 24 хувь буюу 1.2 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Харин энэ оны есдүгээр сард экспорт өмнөх сарынхаас 22.1 хувь 285.9 сая, импорт 80.4 (9.6 хувь) сая ам.доллараар багассан байна.
Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний есөн сард 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 88.9 хувь буюу 1.1 тэрбум ам.доллараар нэмэгдэв. Харин энэ оны есдүгээр сард 248.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 45.2 хувь буюу 205.5 сая ам.доллараар багасчээ. Б
БНХАУ-тай энэ оны эхний есөн сард 9.8 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 64.7 хувийг эзэлж байна. Тус улсад экспортолсон бараа, бүтээгдэхүүний 54.2 хувийг чулуун нүүрс, 28.8 хувийг зэсийн баяжмал эзэлжээ.
Экспорт энэ оны эхний есөн сард өмнөх оны мөн үеийнхээс 2.4 тэрбум ам.доллараар нэмэгдэхэд нүүрсний экспорт 3 тэрбум, алтны экспорт 131.3 сая ам.доллараар өссөн нь нөлөөлжээ. Экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний хилийн дундаж үнэ 2022 оны есдүгээр сард өмнөх сарынхаас багасав. Тухайлбал, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 57, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 85 ам.доллароор багассан аж.
Монгол Улсын хувьд БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ мөн өсөлттэй байна. Оны эхний найман сард 32 хувиар өсч, 13.1 сая болсон бол АНУ-ынх 36 хувиар буурч, 3.67 сая тонн болжээ.
Импортын хувьд энэ оны эхний есөн сарын байдлаар БНХАУ 35.1, ОХУ 29.9, Япон 8.3, БНСУ 5.1, АНУ 3.1, ХБНГУ 2.1 хувийг тус тус эзэлж, нийт импортын 83.6 хувийг бүрдүүлсэн байна. ОХУ-аас импортолсон барааны 60 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 66.1 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 4.6 хувийг цахилгаан эрчим хүч, 9.5 хувийг ачааны автомашин эзлэв.
Эх сурвалж: XINHUA, TASS, RIA NOVOSTI, BLOOMBERG
Холбоотой мэдээ