Улсын бүртгэлийн ерөнхий газар хуурамч лавлагаа хийхгүй гэх баталгаа алга. Сүүлийн үед тус байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой хэд, хэдэн тохиолдол олон нийтийн шүүмжлэлийг дагуулах болсон.
Жишээ нь, иргэн Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийн бүртгэлийг хуурамчаар цуцалсан гэх асуудал олны шүүмжлэлд өртсөн
Энэ асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах тайлбар өгөхдөө ₮Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн сангаас мэдээлэл устгах боломжгүй. Тухайн иргэнтэй холбоотой түүх Цахим мэдээллийн сан, Иргэний бүртгэлийн архивт хадгалагддаг. Иймээс хувийн мэдээлэл Улсын бүртгэлийн сангаас устгагдах боломжгүй гэдгийг албан ёсоор хэлье. Улсын бүртгэлийн сан төрийн тусгай байгууллагын хяналтад үйл ажиллагаа явуулдаг.
Жилд 16 мянга орчим гэрлэлт бүртгэдэг. Харин гэрлэлт дуусгавар болсон бүртгэл 4000 орчим хийгддэг.
Т.Ганболд, Х.Янжингаажид нартай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөд бага зэрэг төвөгтэй байна. Учир нь, эдгээр иргэдийн мэдээлэл хязгаартай бүлэгт хамаарагддаг. Гэхдээ цахим орчинд Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгасан, ташаа мэдээлэл яваад байна. Тэд 2016 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Гэвч иргэн Т.Ганболд гэрлэлтээ хууль бус гэх үндэслэлээр манай байгууллагад 2021 оны аравдугаар сард гомдол гаргасан. Түүний зүгээс "Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлт бүртгүүлж байгаагүй" гэж мэдүүлсэн. Гомдлынх нь дагуу улсын байцаагчийн дүгнэлт гарч, гэрлэлтийг хүчингүй болгосон. Манайх тус гэрлэлтийг хууль бус, хүчин төгөлдөр биш гэж үзсэн" гэж байв.
Хоёр дахь жишээ бол нэр бүхий банкнаас их хэмжээний мөнгө залилсан этгээд эрэн сурвалжлагдаж байх хугацаандаа хуурамч бичиг баримт буюу гадаад паспорт хийлгэж оргон зайлахаар зэхжээ.
Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкийг залилсан хэрэгт холбогдуулан 2021 оны тавдугаар сарын 29-нд эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн этгээдийн гурвыг нь буюу Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг баривчилсан тухай Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн. Тухайн үед сэжигтэн Б.Бямбадорж оргон зайлсан бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн хайсаар өнгөрсөн долдугаар сард Ховд аймгаас баривчилсан. Түүний талаар мэдээлэл өгсөн хүнд 20 сая төгрөг амлаад байсан билээ.
Тэгвэл тус этгээдийг эрэн сурвалжилж, баривчлахад биеэс нь хуурамч гадаад паспорт гарсан байна.
Өөрөөр хэлбэл, Б.Бямбадоржийн зурагтай, өөр нэртэй гадаад паспорт олджээ. Тэрбээр уг паспортыг ашиглан хил нэвтрэхээр төлөвлөж байсан ч хил нэвтэрч чадалгүй цагдаагийнханд баривчлагдсан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас Б.Бямбадоржид хуурамч бичиг баримтыг хэн хэрхэн гаргаж өгсөн, ямар учиртай бичиг баримт болох эсэхэд шалгалтын ажиллагаа хийжээ. Шалгалтаар улсын бүртгэл ажилтан Х гэгч нь "ХХБ"-ыг дээрэмдсэн Б.Бямбадоржид хуурамч гадаад паспорт гаргаж өгсөн нь тогтоогджээ. Иймээс улсын бүртгэлийн ажилтан Х нь хууль бус бичиг баримт үйлдэж, гэмт хэрэгтэнд тусалсан үйлдэл нь тогтоогдсон тул ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна.
Энэ талаар УБЕГ холбогдох хэлтсээс тодруулж мэдээллийг өгнө гэлээ.
Дээрх хоёр жишээ бол бидэнд мэдэгдэж байгаа, хууль хяналтын байгууллагын шалгалтаар ил болсон бодит баримт. Тэдний хуудуутай үйлдэл үүгээр дуусаагүй гэдгийг батлах боломжгүй ч итгэхэд бас бэрх. Харин энэ бүхэнд өөрсдийгөө хаацайлж, өрөөл руу бурууг чихэх маягтай өнгөрч байгаа нь цаашид энэ мэт үйлдэл давтагдахгүй гэсэн баталгаа алга.
Ялангуяа сонгуулиар хууль ёсоор "царцаа" нүүлгээд тойргийнх нь иргэдийн өмнөөс төлөөллийг нь сонгочихдог тухай байнга гомдол гардаг ч ялсны нь зол, ялагдсаны хохь болоод өнгөрдөг жишиг, барин тавин яриа байсаар байх уу гэх асуулт урган гарна.
Тиймээс иргэнээ хуурамчаар бүртгэж, бүртгэлээ устгах боломжтой эсэхэд тус байгууллага тайлбар өгөх биз ээ. Удахгүй бүх үйлчилгээ цахимд шилжинэ гээд буй энэ үед тэдний завхарлыг засахгүй бол иргэдийн мэдээлэл илүү аюулд орох, нэр төр, эрүүл мэнд, эдийн засгаараа ч хохироод үлдэх эрсдэл байсаар байна. Монгол Улсын бүртгэлийн системд шинэчлэлт хийе. Гэхдээ хийсэн шиг хийе. Эхлээд энэ мэт асуудлыг эцэслэн шийдэх хэрэг гарч байна. Гэр бүлийн хоёрыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд гэрлэлтийг баталж, бүртгэсэн ч нэг нь байгаагүй гэж гомдол гаргахаар нөгөөгийнх нь эрхийг зөрчөөд шууд цуцалчихаар цаашид бид хэндээ итгэх билээ?
Холбоотой мэдээ