Үндэсний статистикийн хорооноос гаргасан орон сууцны үнийн статистик мэдээллээс харахад есдүгээр сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оноос 12.4 хувь өссөн байна. Тодруулбал, хуучин орон сууцны дундаж үнэ 3.1 сая төгрөг бол шинэ байрны үнэ метр квадрат нь 3.3 сая төгрөг байна. Өнгөрсөн жил хуучин орон сууцны дундаж үнэ 1.6-1.9 сая төгрөг байсан бол шинэ нь 2.3-2.8 сая төгрөгөөр үнэлэгдэж байв. Энэ оны гуравдугаар сард хуучин байрны дундаж үнэ 2-2.2 сая, шинэ орон сууцны дундаж үнэ 3.3 сая төгрөгөөс эхэлж байсан. Харин өнгөрсөн сараас байрны үнэ дахин өсч эхэлсэн байна.
2020 онтой харьцуулахад энэ жил орон сууцны үнэ 18 хувиар өсчээ. Мөн шинээр баригдаж буй 51 мянган орон сууцны төслийн 50 гаруй хувь нь Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа аж.
Үнэ нэмэгдсэн шалтгааныг барилгын компаниуд бараа, материал хомсдсонтой холбон тайлбарлаж буй. Барилгын гол нэр төрлийн материал, төмөр бүтэц эдлэл болох арматурын үнэ өнгөрсөн хугацаанд тонн нь 3.2 сая төгрөгт хүрч нэмэгдсэн. Хуучин орон сууцны үнийг дүүргүүдээр харьцуулж үзвэл:
- Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу 3.7 сая төгрөг
- Чингэлтэй дүүрэгт 3.4 сая төгрөг
- Хан-Уул дүүрэгт 3.3 сая төгрөг
- Баянгол дүүрэгт 2.9 төгрөг
- Баянзүрх дүүрэгт 2.9 сая төгрөг
- Сонгинохайрхан дүүрэгт 2.4 сая төгрөг байна.
Харин шинэ орон сууцны тухайд:
- Хан-Уул дүүрэгт 3.6 сая төгрөг
- Сүхбаатар дүүрэгт 3.5 сая төгрөг
- Баянгол дүүрэгт 3.3 сая төгрөг
- Чингэлтэй дүүрэгт 2.9 сая төгрөг
- Баянзүрх дүүрэгт 2.7 сая төгрөг
- Сонгинохайрхан дүүрэгт 2.3 сая төгрөг байгаа юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэгчдээс 100 хувь хангадаг болсны үр дүнд цемент, бетон зуурмагийн үнэ тогтвортой байсан ч Засгийн газраас импортын цементийн татварыг тэглэх болсонтой холбоотой энэ сараас цементийн үнэд өсөлт гарсан. Барилгын бусад гол материалын үнэд ч хилээс шалтгаалсан өсөлт үүссэн тул ийнхүү шинэ, хуучин орон сууцны сүүлийн саруудад өсч байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна.
Холбоотой мэдээ