БНСУ-ын Сөүл хотноо Бямба гаригт ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцрохыг шаардсан жагсаал болсон. Жагсаалд консерватив болон либерал идэвхтнүүд оролцжээ. Консерватив идэвхтнүүд сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мёныг авлигын хэрэгт оролцсон гэх үндэслэлээр албан ёсоор баривчлахыг уриалсан бол либерал идэвхтнүүд түүний мөрдөн байцаалтыг улс төрийн өшөө авалт байсан гэж буруушаагаад, ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцрохыг шаардлаа.
Тэгвэл Ли Жэ Мёны авлигын хэрэг ямар учиртай вэ? Ли Жэ Мён нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулиар Юн Сук Ёлтой өрсөлдсөн. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт Дэжан Дун хотын бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой хөрөнгө оруулагчаас 800 сая вонын авлига авсан хэргээр баривчилжээ. Энэ мөнгөөрөө ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлсэн байж болзошгүй гэж Сөүлийн прокурорууд үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа тэр Либерал ардчилсан намын даргаар сонгогджээ.
Ли Жэ Мёноос гадна Ардчиллын хүрээлэн гэх судалгааны төвийн дэд дарга Ким Ёныг Лхагва гаригт баривчилсан. Түүнийг Улс төрийн сангийн тухай хуулийг зөрчсөн гэж Сөүлийн прокурорууд мэдэгдэв. Ким Ён өнгөрсөн онд хэд хэдэн удаа бэлнээр авлига авсан бөгөөд Ли Жэ Мёноос ч мөнгө авсан гэж үзэж байна. Сонгуулийн үеэр Ким нь Ли Жэ Мёны кампанит ажлын ерөнхий штабын орлогч дарга байсан. Ким Ён хөрөнгө оруулагчдаас авлига авснаа үгүйсгэж, өөрийг нь хорлох зорилготой зохиомол хэрэг гэж мэдэгджээ.
Юн Сук Ёл ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа янз бүрийн төслүүдийг шалгах ажиллагааг эрчимжүүлсэн. Энэ хүрээнд Ли Жэ Мёноос улс төрийн өшөө авалт авсан гэж жагсагчид үзжээ. Ли Жэ Мёны баривчилгааг улс төрийн зорилготойгоор Юны ерөнхийлөгчийн тамгын газар зохион байгуулсан гэж Либерал ардчилсан намынхан мэдэгдлээ.
Эх сурвалж: KOREA JOON GANG DAILY