Х.Нямбаатар хуулийн сайд юм бол зарлах биш шалгах хэрэгтэй!

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар хуулийн сайд юм бол зарлах биш шалгах хэрэгтэй!

Х.Нямбаатар хуулийн сайд юм бол зарлах биш шалгах хэрэгтэй!

Хууль  зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн арга заль шахуу, амны уншлага болсон нэг үг байдаг, “Би бүгдийг мэдэж байгаа, цаг болохоор хэлнэ” гэж.  Олон асуудлыг нь ингээд аргалаад өнгөрсөн, одоо түүний энэ үгэнд улстөрчид байтугай хүүхэд ч хууртахаа больсон байна. Магадгүй Ц.Нямдоржид  хэлэх үг огт байдаггүй байсан биз. Эсвэл цаанаа шантааж хийж, цаг нь ирэнгүүт эрх мэдэлд хүрэх  “зэвсэг” болгодог байсныг хэн мэдэхэв. Насаараа л хуулийн сайд хийсэн, насаараа л ингэж хэлсэн хүн.

Тэгвэл Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт нийгмийн анхаарал татсан хоёр мэдэгдэл хийсэн байдаг. Нэгдэх нь  гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн, хууль хүчнийхэнтэй нийлж хувьцааг нь булааж авсан хэргүүдийг судлаж, улмаар энэ сарын 28-нд Улсын ерөнхий прокурор болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзаж энэ талаар ярилцах аж.  2012-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай аж, ахуйн нэгжүүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт хэн хэн холбогдсон, ямар прокурор хяналт тавьж ажилласан, яагаад хаагдсан талаар олон нийтэд зарлах гэнэ. Уг нь Х.Нямбаатар зарлах биш шалгаж тогтоох ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдыг гомдол саналыг барагдуулах хэрэгтэй. “Зарлана” гэж зарлаж байгаагийнх нь  цаана хувийн болон хувьсгалын ямарваа нэгэн ашиг сонирхол байхгүй юм бол хэн, хэзээ, хэнийг яаж дээрэмдсэн хэргүүдийг олон нийтэд зарлах төдийгүй шалгах нь хуулийн сайдын үүрэг.  Дээрэмдсэн, тоносон нөхдүүдтэй хариуцлага тооц, хэрэг хуучирдаггүй гэдэг.

Үнэнийг хэлэхэд, Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн, хууль хүчнийхнээр айлгаж, өмч хөрөнгийг нь булаасан хэрэг ганц нэгээр тогтохгүй. Иргэний хөдөлгөөнийхөн буу, зэвсэг агсаж очоод гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж, дарамтлах нь ил цагаандаа гарсан. “Цайны мөнгө” нэхэх, шатахууны мөнгө гуйх бол байдаг үзэгдэл болоод удаж байна.

Зөвхөн иргэний хөдөлгөөнийнхөн ч биш хууль батлагчид нь ч, хууль сахиулагчид нь  дээрэмчин болцгоосон. Галт зэвсэг ашиглаад гадаадын иргэний мөнгийг дээрэмдчихдэг л тагнуултай улсад амь нас, эд хөрөнгөнөөсөө уйдсан адгийн тэнэг биш бол хөрөнгө оруулалт хийхгүй нь тодорхой. Сүүлийн таван жилд Оюутолгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхгүй байгаа нь “хүртэх ёстойгоо л хүртэж” яваа хэрэг.

Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны  төрсөн дүүгийнх нь 20 сая ам.долларыг луйвардаад хөөчихсөн хэрэг яригдаад лав долоон жил боллоо. Луйвардагч этгээд нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэрийнх нь төрсөн ах гэх Д.Буянтогтох гэгч. Хоёр орны харилцаанд сэв суулгасан энэ хэргийн ард “хүргэн” Ж.Мөнхбат байгаа эсэхийг шалгах  нь Х.Нямбаатарын хийх ёстой ажил биз дээ.  Хорин сая долларыг жирийн хүн луйвардахгүй нь тодорхой. Тэр тусмаа хилээр оргон зайлахад нь хэн нэгэн, цагдаа, тагнуулынхан тусалсан бүр ойлгомжтой.  Арван мянган төгрөг хулгайлсан хүнд 10 жил оноодог хууль, шүүхийнхэн яагаад ажлаа хийсэнгүйг дэлгэ, шалга.

Дээр нь “Суруга Монгол”-ын япон захирлыг дээрэмдсэн хэргийн үнэн, зөвийг олж тогтоох ёстой биш үү. Миний мэдэхийн Х.Нямбаатар сүүлийн нэг жил энэ хэргийн талаар ярилаа. Одоогоор баривчилагдсан, шалгагдсан, ял шийтгэл хүлээсэн хүн алга. Энэ хэрэгт ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх, Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нар холбоотой нь үнэн юм бол тэднийг мөрдөн шалгах ёстой баймаар. Үгүй бол бусдын нэр хүндэд санаатайгаар халдах шаардлагагүй юм.

Тэрчлэн Х.Нямбаатарын анхаарал татсан хоёр дахь мэдэгдэл нь ямар ч тендергүй оффтек нөхцөлөөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн компаниудтай холбоотой асуудал. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн тухай хууль хэлэлцэх үеэр  тэрбээр “Томоохон төсөл хөтөлбөрийн ард томоохон авлига яригддаг нь үнэн. Жишээ нь "Голомт" банк ямар ч тендергүй оффтек нөхцөлөөр төмөр замын төслийг аваад явж байгаа. Төмөр замын төслийг авахдаа төртэй байгуулсан оффтек гэрээнийх нь нөхцөл нь 1 хувийн хүүтэй, цаашаа зарж байгаа гэрээнийх нь үнэ бас өөр. Дахиад дараагийн төсөл авна гээд явж байгаа” тухай дэлгэсэн.  Үүнийг таслан зогсоож чадах үгүй нь Х.Нямбаатараас шалтгаална. Төрийн болон албаны нууцын тухай хуульд аж ахуйн шинж чанартай төсөл төсөл хөтөлбөрүүдийг төрийн болон албаны нууцад хамаарахгүй гээд суулгаад өгчихөд л   “Голомт”-ын Д.Баясгалан, Женко хоёрын барьсан төмөр замын санхүүжилт олон нийтэд ил тод болно.  Хулгай, луйвар, авлига нь илчлэгдэнэ.

Ц.Нямдорж шиг “цаг нь болохоор” гэж өөрт ашигтай нөхцөлийг хүлээх гээгүй юм бол Х.Нямбаатар зарлана, дэлгэнэ гэх биш зарлаад, дэлгээд, шалгаад, тогтоогоод явчих  эрх мэдэл нь байна. Хөгжлийн банкны луйвар, нүүрсний бүлэглэлийн хулгайн асуудалд Х.Баттулга холбоотой гэсэн, атал АТГ нь  “экс Ерөнхийлөгчид эрүүгийн хэрэг үүсгээгүй” л гэсэн байна лээ шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж