Сурвалжлага: Эрдэнэт, Дархан хот энэ өвөл хөлдөх эрсдэлд оржээ

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Эрдэнэт, Дархан хот энэ өвөл хөлдөх эрсдэлд оржээ

Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станц /ДЦС/ -аас дараах сурвалжлагийг бэлтгэлээ.


Эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж, цахилгаан, дулааны тарифыг нэмэхгүй бол нийслэл, орон нутагт цахилгааны хязгаарлалт хийхэд хүрснийг мэргэжилтнүүд нуухаа больсон.  Энэ талаар Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх ирэх өвөл хязгаарлалт хийж магадгүй гэх таагүй мэдээг хүргэж, салбарын экспертүүд үнэ тарифыг либералчлахгүйгээр энэ өвөл ачааллаа даахгүй, хөлдөх эрсдэлтэйг шүүмжилж буй.  Тэгвэл зөвхөн нийслэл гэлтгүй зарим хотууд цахилгааны хязгаарлалтад орж, энэ өвлийг давахад “бэрх” болжээ.

Тухайлбал, Эрдэнэтийн ДЦС энэ онд 11 тэрбумын алдагдалтай ажиллаж байгаа бол, Дарханы ДЦС-ын алдагдал 10 тэрбумд хүрэхээр байгаа гэнэ. Цар тахал, хил гаалийн хориг, валютын ханшийн зөрүү, төмөр замын тээвэрлэлтийн зардал өссөн нь эрчим хүчнийхэнд том цохилт болсон байна.

Эрдэнэтийн ДЦС 2021 онд өргөтгөлөө ашиглалтад оруулж эрчим хүчний үйлдвэрлэлийг 60 хувиар нэмсэн ч өнөөдрийн байдлаар “дампуурахад” ойрхон очсоноо нуусангүй. Дээр хүний нөөцийн хомсдол, ажилтнуудын цалин хөлсний асуудал “толгойн өвчин” болсныг тус ДЦС-ын удирдлагууд хэллээ. Мөн хэрэглэгчдэд цахилгаан, дулааныг үндсэн өртгөөс хоёр дахин бага үнээр хүргэж байгаа нь алдагдалтай ажиллах гол шалтгаан болсон байна. Иймээс цаашид эрчим хүчний тарифыг нэмэхгүй бол эрчим хүчний салбар доголдолд орох талаар мэргэжилтнүүд онцоллоо.

ЭРДЭНЭТ ДЦС ЭРЧИМ ХҮЧЭЭ ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭС ХОЁР ДАХИН БАГА ҮНЭЭР ХЭРЭГЛЭГЧДЭД НИЙЛҮҮЛЖ БАЙНА

Эрдэнэтийн ДЦС-ын гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ "Эрдэнэтийн ДЦС-ийн 35 Мвт-ийн өргөтгөл 2021 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Хэдийгээр, нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 60 хувиар нэмэгдэж, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 40 хувиар нэмэгдсэн ч  цахилгаан эрчим хүчний тариф нь бага байгаа нь  11 тэрбумын алдагдалтай ажиллахад хүргэсэн.  Үүнээс болоод үндсэн болон туслах тоног төхөөрөмжийн урсгал засварын тоног төхөөрөмжийн засварыг хийж чадахгүйд хүрч байна. Үнийн өсөлтөөс улбаалан ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага бий. Өнөөдрийн байдлаар 17 хүн ажлаас гарсан. Шалтгаан нь цалин хөлс.  Станцад ажиллаж байгаа хүмүүс цалингаас болоод “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” руу явж байна. Эрчим хүчний салбар онцлогтой. Сургууль төгссөн хүүхдийг 4-5 жил бэлтгэх шаардлагатай байдаг. Үндсэндээ хүний нөөцийн хүчин чадал суларвал найдвартай ажиллагаанд асуудал үүснэ. Цахилгаан эрчим хүчний хувьд өртгөөс 20 хувь доогуур нийлүүлж байна. Дулааны эрчим хүчний хувьд 50 хувь доогуур нийлүүлж байна. Дор хаяж үнийг 20 хувь өсгөж байж алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдэнэ. Технологийн шинэчлэл хийхийн тулд хөрөнгө мөнгө шаардлагатай. Хоёр гурван өдрийн өмнө үйлдвэрчний эвлэлээс жагсаал хийсэн. Ингэхдээ, цалин хөлсийг нэмэгдүүлэх, цалингийн бүтцийг өөрчлөх, орон сууцны хөнгөлөлтийг энэ ондоо багтааж олгох гэсэн шаардлага тавьсан" гэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФТ ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙН УЛМААС 160 ТЭРБУМЫН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Харин Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Г.Болор-Эрдэнэ "Эрчим хүчний салбар, сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж байна. 2022 онд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр эрчим хүчний салбар 160 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэх судалгаа хийсэн. Шалтгаан нь цахилгаан, дулааны эрчим хүчний тариф өөрчлөлт оруулаагүйтэй холбоотой. 2019 оны долдугаар сараас гурван жил гаруй хугацаанд, хэрэглэгчдийн цахилгаан дулааны үнэд өөрчлөлт ороогүй. Энэ хугацаанд валютын ханшийн 18 хувиар,үйлдвэрлэгчийн үнийн индекс өөрчлөгдсөн. Үүний цаана тээврийн зардал, түлш шатахууны үнэ өссөн. Үүнээс шалтгаалан эрчим хүчний нэгжийн өртөг 224 төгрөг болсон. Харин хэрэглэгчдэд борлуулж үнэ 175 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 49 төгрөгөөр буюу доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулж байна. Үүний зөрүүгээс нүүрсний уурхай, эрчим хүчний компаниуд, алдагдал хүлээж байна. Тиймээс ахуйн хэрэглэгчдийн тарифт өөрчлөлт орохгүй. Харин аж ахуй нэгж байгууллагын цахилгааны үнийг 28 хувиар нэмэхээр тооцсон" гэлээ.

Ингээд мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэе.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ЗОГСВОЛ ЭРДЭНЭТ ХОТ ХӨЛДӨНӨ

Эрдэнтийн ДЦС-ын Үйлдвэрчний хорооны дарга П.Баттөр:

-Манайх жилдээ 58 тэрбумын борлуулалт хийдэг. Ажилчдын цалингийн зардал 10 гаруй тэрбум байдаг. Цалингаа нэмэх шаардлагыг тавиад зургаан сар болж байна. Гэхдээ бодит байдалд “тамын тогооны үлгэр” шиг асуудлыг бие биеэсээ бултуулдаг. Эрх баригчдын зүгээс эрчим хүчний үнэ тарифыг нэмчихвэл ирэх сонгуульд санал авахгүй гэж айгаад байна. Үнийг нэмэхгүйгээс эрчим хүчний салбар улам л алдагдалд орж, дампууралд орно. Хэрэвзээ эрчим хүчний салбар зогсвол Эрдэнэт хот хөлдөж, доголдол үүсч эхэлнэ. Хэрэглэгчийн үнэ тарифыг нэмэх боломж байгаа. Дэмжих тарифыг айл өрх бүрээс авч байгаа. Энийгээ больчих гэж байгаа юм. Хэрэглэгчийн тарифыг 5-10 мянгаар нэмбэл бид алдагдлаас гарах бүрэн боломжтой. Гэтэл Засгийн газар аж ахуй нэгжийн үнэ тариф руу “зүтгэж” байна. Аж ахуй нэгжийн тарифыг нэмснээр асар их хохиролтой. Тиймээс миний хувийн санал бол хэрэглэгчийн үнэ тарифыг багаар нь нэмэх нь зөв гэж үзэж байна.

ДАРХАНЫ ДЦС ОНЫ ЭЦЭСТ 10 ТЭРБУМЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭХЭЭР БАЙНА

Дарханы ДЦС, ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан:

-Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд хурдацтай өсч байна. Энэ хэрэглээг хангахын тулд засвар шинэчлэлийн ажлыг хийх ёстой. Компанийн найдвартай ажиллагааг хангахын тулд хөрөнгө мөнгөн урсгал дутагдаж байна. Энэ нь хил гаалийн хаалттай байдал, валютын ханшийн өөрчлөлттэй холбоотой. Компанийн хувьд орлого бид өсгөж, зардлаа бууруулж чадаж байна. Гэсэн хэдий  ч алдагдалтай гарлаа. Энэ нь эцэстээ үнэ тариф дээр “буудаг”. Компанийн хувьд урьдчилсан тооцоо хийж үзсэн. Одоогоор тариф 141.9 мянган төгрөг байна. Үүнийг 27.8 хувиар нэмбэл алдагдалгүй балансаа барина.

Гуравдугаар улирлын байдлаар 4.4 төгрөгийн алдагдалтай гарч байна. Оны эцэст 10 тэрбум хүрэх магадлалтай. Манайх зардлаа тооцоод үзэхэд нүүрний зардал 44 хувийг эзэлж байна. Нүүрс нэг тонн нь 45 мянган төгрөг байна. Жилдээ 430 мянган тонн нүүрс хэрэглэдэг.

Эрчим хүчний салбарын төгсөгчид шууд ирээд ажиллах боломжгүй. Хэдийгээр сургууль төгссөн ч доод тал нь таван жил болж байж  ажлаа “гадарлах” төдий л болдог. Энэ онд 20 хүн ажлаас гарсан. Судалгаа хийхэд өндөр цалинтай ажлын байрыг сонгож байна. Эсвэл гадаадад ажиллахаар гарч байна. Цаашдаа энэ байдал нэмэгдэх хандлагатай байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувь хангагдсан. Тиймээс энэ өвлийг гайгүй давах байх. Өвөл аваарын нөөц, тоног төхөөрөмжийн доголдолтой байвал ард иргэдийг эрчим хүчээр хангаж чадахгүйд хүрнэ. Одоогоор ес хоногийн нүүрсний нөөцтэй байна.

ДАРХАН ДЦС 1 ККАЛ-ЫГ 35800 ТӨГРӨГӨӨР ҮЙЛДВЭРЛЭДЭГ Ч ХЭРЭГЛЭГЧДЭД 7200 ТӨГРӨГӨӨР ТҮГЭЭЖ БАЙНА

“Дарханы дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Батжаргал:

-“Дарханы дулааны шугам сүлжээ” 191 ажилтантай. Бид Дарханы ДЦС-аас дулааны эрчим хүчийг худалдаж аваад хэрэглэгчдэд түгээдэг төрийн өмчит компани юм. Жилдээ 10.1 тэрбумын орлого олж, 12.3, тэрбумын зарлагатай гарч байна. Гуравдугаар улирлын балансаар 1.2 тэрбумын алдагдалтай гарлаа. Гол алдагдал нь дулааны эрчим хүчийн үнэ тарифтай холбоотой гарч байна. Дархан ДЦС 1 кКал-ыг 35800 төгрөгөөр үйлдвэрлэдэг ч хэрэглэгчдэд 7200 төгрөгөөр түгээж байна.

Манай дулааны сүлжээний ажилчдын үндсэн дундаж цалин 669 мянган төгрөг байдаг. Тиймээс эрчим хүчний салбар үнэ тарифыг шинэчилж, ажичлдын нийгмийн асуудалд анхаараасай. Дарханы дулааны шугам сүлжээ нийтдээ 1669 аж ахуй нэгж, 15 мянган айл өрхөд дулааны эрчим хүч борлуулдаг. Өөрөөр хэлбэл, манай компани 11-20 хувийн алдагдалтай ажиллаж байна. Одоогийн байдлаар иргэн аж ахуй нэгжээс 1.1 тэрбумын авлагатай байна.

2023 ОНД ЦАЛИН ХӨЛСИЙГ ДООД ТАЛ НЬ 30 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Дархан ДЦС-ын Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Болд:

-Ажилтнууд цалин хөлс, орон сууцны асуудлыг ярьдаг. Сүүлийн зургаан сарын хугацаанд зөвхөн манай компанийн хувьд 20 ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцалж гадагшаа явсан.  Эрчим хүчний салбар, мэдлэг, ур чадвар шаардсан салбар. Богино хугацаанд эзэмшдэггүй. Хүний нөөцийн хомсдолд орж байна. Ингэснээр ажилчдын ажлын ачаалал нэмэгдэж байна. Удахгүй өвлийн их ачаалал ирэхэд осол гарах эрсдэлтэй байгааг үгүйсгэхгүй. 2023 онд цалин хөлсийг доод тал нь 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. Сайдад албан бичгээ өгсөн. Үүнтэй холбоотой Эрдэнийн дулааны станцад очиж тайван жагсаал хийсэн. Цалин хөлсийг яаралтай нэмэгдүүлэх, хамтын гэрээний үүргийг биелүүлэх хэрэгтэй.

Энэ мэтчилэн эрчим хүчний салбар том төслүүдээ цаг алдалгүй хэрэгжүүлж, станцуудын урсгал засвар, цахилгаан дулааны үнэ тарифыг  эргэж харахгүй бол  алдагдлаас хотоороо тоггүй өвөлжихөд ойрхон байна.

 

Үргэлжлэл бий.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж