Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль бий. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүйгээс тус хуулийг шинэчлэх шаардлагатай болсон. Ингэхдээ зөвхөн төрийн оролцоог тусгахаас илүүтэй хувийн хэвшил, төр хоорондын түншлэл ямар байх, түүний бодит харилцааг хэрхэн зохицуулах асуудал анхаарал татаж байгаа. Энэ талаар өнөөдөр /2022.10.24/ Улаанбаатар хотын худалдааны танхимаас ээлжит хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн зорилго нь олон улсын жишгээр төр, хувийн хэвшил хамтран нийгмийн болон дэд бүтцийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд ашигладаг “Төр, хувийн хэвшлийн түншлэл”-ийн механизмуудыг практикт нэвтрүүлэхэд гарч буй дутагдлуудыг засч сайжруулахад чиглэгдэж буй.
Тус хуулийн төсөл нь хэт давуу эрх, мэдлийг төрийн нэг байгууллагад олгосон, хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгө оруулалтаар төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хумих маш олон хяналт, шалгалтын давхардсан шат дамжлагуудыг бий болгох гэж байгаа тул энэ талаар хэлэлцэн, хувийн хэвшлийнхэн төрийн байгууллагуудтай ажиллахад гардаг хүндрэл бэрхшээлүүдийг энэ хуулийн төслөөр дамжуулан засч сайжруулах талаар ярилцаж байна. Үүнд хууль санаачлагчдаас гадна хамаарах танхимууд, ажлын хэсэг, хувийн хэвшлийн төлөөллүүд саналаа хэлж байлаа.
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖСЭН БОДИТ ДЭМЖЛЭГ БАЙДАГГҮЙ
Төр бүх салбарт давамгай оролцоотой байхаас гадна улс төрийн үр өгөөж талаас дэмжлэгийг харж, тодорхойлж байгаа нь бодит зах зээл биш гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлэв. Хэдийгээр Монгол Улсад ардчилал 1990 оноос хойш үүссэн ч төр нь хувийн хэвшлээ дэмжихэд хэрэгжилт гарахгүй байгаагаас өнөөгийн нөхцөл байдал үүсэн. Бодлогын хувьд өнөөгийн байдлыг авч үзвэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зам, барилга, дэд бүтцийн олон төсөл санаачилдаг боловч том төслүүдийг хэрэгжүүлэхэд төрийн бодлогын болон санхүүгийн бус бусад дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болдог. Харамсалтай нь төрийн зүгээс дэмжлэг бараг байдаггүйн дээр цензур өндөр байдаг. Иймээс олон улсад “Төр, хувийн хэвшлийн түншлэл” (ТХХТ) -ийн аргаар ийм төрлийн төслүүдийг хамтран хэрэгжүүлдэг байна.
Монгол Улсад эхний алхам болгож концессын аргыг ашиглаж байгаа ч энэ нь төсөвт дарамт болдог. Харин ТХХТ-ийн бусад аргуудыг хуульчлан хэрэглэж эхэлснээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд төсөвт ямар нэгэн дарамт болохгүй давуу талтай аж.
“ТХХТ-ийн тухай хуулийн төсөл” нь нийт есөн бүлэг, 60 зүйлтэй. Энэ хууль батлагдвал ТХХТ-ийн асуудал хариуцсан нэг яам эсхүл агентлаг, нэг ТХХТ-ийн төв шинээр байгуулагдана. Эдгээр байгууллагууд нь Сангийн яамтай хамтран төслийн санал хүлээн авах, урьдчилсан үнэлгээ хийх, төслийн үнэлгээг Засгийн газраар хэлэлцүүлж, батлагдвал Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрүүдэд оруулан УИХ-аар батлуулах юм Мөн төслийн нэгдсэн үнэлгээг хийж, ТЭЗҮ баталж, төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, сонгож авах, сонгогдсон компанитай хэлэлцээр хийх, гэрээ байгуулах төдийгүй төслийн хэрэгжилтэд хяналт тавих аж.
Сангийн яамнаас өргөн барьж буй хуулийн төслийг ажлын хэсэг судалж үзээд төрийн талд хэт шигдсэн хувийн хэвшлээ бүрэн мэдрээгүй байна гэж дүгнэжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, тус ажлын хэсгийн дарга Д.Өнөрболор “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Өргөн барих хуулийн төсөлтэй холбоотой зайлшгүй сайжруулах ёстой заалтууд бий. Хэрэв хуулийн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийг цогц утгаар тусгахгүй бол УИХ-ын танхимаас дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байна.
Япон, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг хөгжиж буй болон өндөр хөгжилтэй орнуудын жишгээс харахад хөгжлийн нууц нь хувийн хэвшилдээ бодит дэмжлэг үзүүлэх.
Монголд харамсалтай нь тогтолцоо бүрдээгүй. Өнөөдрийн байдлаар нийт 800 гаруй хууль хэрэгжиж байгаа ч зөвхөн төрийн хяналт шалгалт, эрх ашиг болоод иргэний эрх ашиг зэргийг л тусгасан байдаг. Тиймээс хувийн хэвшлээ улс төрийн зорилгогүй, хөгжлийн нөлөөллийг харгалзаж дэмжих шаардлагатай” гэдгийг онцоллоо.
ТҮНШЛЭЛИЙГ ЗӨВХӨН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭНД ОЙЛГОХ НЬ ӨРӨӨСГӨЛ
Төр хувийн хэвшлийн түншлэл гэдгийг зөвхөн эдийн засгийн үр өгөөж талаас харах нь өрөөсгөл. Тиймдээ ч бусад улс орнууд тогтолцооны нэг хэсэг болгож, хөгжлийн хурдасгуур арга техник болгож ашиглаж байна. Гэтэл монгол хуулийн хүрээнд захиргаадалтын аргыг илүү ашигласнаар хувийн хэвшлийнхэн халшрахад хүрч байгаа юм. Мөн давагдашгүй хүчин зүйл буюу геополитик, олон улсад үүсээд буй нөхцөл байдал, валютын хомсдол зэргээс хамаарч үүсэх нөхцлийг ч харгалзах шаардлагатай. Хэрэв эдгээрийг үл харгалзаж, төр ноёлж голлон тоглолт хийсээр байвал хувийн хэвшлийнхний хөгжих боломж хумигдсаар л байх болно.
Нэг талаар төр, хувийн хэвшилтэй ойлголцлын ижил түвшинд хүрэх, нөгөө талаар харааны зөрүүтэй байдлыг олон улсын стандартад нийцүүлэх шаардлага.
Хэрэв Монгол Улс зах зээлийн зарчимтай, ардчилсан орон мөн л бол хувийн хэвшилтэй бодит түншлэлийг бий болгох хэрэгтэй. Ингэснээр төр жинхэнэ утгаар тогтолцоонд оролцож, хувийн хэвшлүүд ч төсвийн хөрөнгөөр томоохон төсөл, хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Тиймээс бодлого, баримт бичгийн хэрэгжилтийг тактик, стратегийн хувьд биелүүлэх шаардлага үүсч байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” УНАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙХГҮЙ
"Шинэ сэргэлтийн бодлого" цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, босгоход зориулагдсан. Цаашлаад Засгийн газар хөгжлийн том төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг ханган, экспортыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжихээ мэдэгдсэн. Гэвч төр хувийн хэвшлийн хууль эрхзүйн орчин бүрдэхгүй бол дээрх бодлогын хэрэгжилт амжилттай болох баталгаа байхгүйг албаныхан онцолсон. Учир нь тус бодлогын хүрээнд 120 ин наяд төгрөгийн төсөв яригдаж байгаа.
Энэ мэт бүтээн байгуулалтын ажил, томоохон төслүүдийн алсын хэрэгжилтээ бодсон ч төр, хувийн хэвшлийн түншлэлд зайлшгүй анхаарах нь зөв.
Тэгэхээр хуулийн төсөлд зөвхөн төрийн эрх ашгийг илүүтэй тусгахаас гадна хувийн хэвшлийн оролцоог тэгш хангах асуудлыг нэн чухалд тооцох нь зүйтэй. Ингэснээр компаниудын зүгээс төртэй хамтран ажиллахад учирдаг хүндрэл арилж, хуулиар багасгах боломж бүрдэнэ. Мөн хувийн хэвшил төсөл санаачилсан тохиолдолд одоогийн олон шат дамжлагыг багасгах шаардлагатай зэрэг олон боломжууд бий болно. Гагцүү төр өөрийн оролцоогоо хумиж, хэт гар дүрдэг байдлаа халах хэрэгтэйг хувийн хэвшлийнхэн хэлж байна.
Холбоотой мэдээ