УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.10.24/ хоёр асуудлыг хэлэлцлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид нийцэхгүй хүдрийн овоолгыг ашиглахтай холбоотой асуудлыг хэлэлцэж, УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй. Засгийн газар овоолгыг ашиглахтай холбоотой асуудалд хуулийн дагуу шийдвэр гаргана.
Тиймээс Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.
Хоёрдугаарт, Боловсролын тухай багц хуулийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэх. Боловсролын тухай нийт таван хууль яригдаж байгаа. Боловсролын ерөнхий хуулийн концефц нэг бүрийг бүлгийн хуралдаанаар авч үзэж, ажлын хэсгүүдийг татан буулгаж нэг ажлын хэсэгтэй болгосон. Мөн түргэвчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Хүмүүнлэг боловсролын тухай хуулийг Ерөнхий боловсролын хуультай нэгтгэх, Судалгааны их сургуулийн хуулийг их, дээд сургуультай нэгтгэж авч үзэхээр болсон. Үүний дараагаар намрын чуулганаар Боловсролын тухай багц хуулийг хэлэлцэнэ.
-"Эрдэнэт" ТӨҮГ-ын овоолгоос гадна бусад орон нутгууд уурхайн овоолгыг авч ашиглах сонирхлоо илэрхийлсэн гэх. Өөрөөр хэлбэл, өөрсдийн нутаг дэвсгэр дээр олборлолт явуулж байгаа уурхайн овоолгыг ашиглах зөвшөөрлийг орон нутгууд нь олгох уу?
-Ашигт малтмалын тухай хуулиар лиценз олгох эрх Засгийн газарт байгаа. Овоолготой холбоотой асуудал лиценз эзэмшигчтэй хамаатай. Эдгээрийг Засгийн газар өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. Тиймээс Ашигт малтмалын хуулийн хүрээнд л явагдана гэсэн үг.
-УИХ-ын дэд даргын томилгоог хэзээ хэлэлцэх вэ, МАН-ын бүлгээр энэ асуудал хэдийд орох бол?
-Томилгооны асуудлыг бүлгийн дараагийн хуралдаанаар ярих байх гэж бодож байна. Учир нь намын дүрэмд заасны дагуу МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байж шийднэ. Нөгөө талаар УИХ-ын дарга гадаад томилолттой байгаа учраас дэд даргын асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.
Холбоотой мэдээ