Ургац хураалт хойшлох эрсдэлтэй юу?

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

Ургац хураалт хойшлох эрсдэлтэй юу?

Ургац хураалт хойшлох эрсдэлтэй юу?

Үндэсний статистикийн хорооноос ургац хураалтын тоон мэдээллийг гаргасан байна.  Тодруулбал, хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 18.5 (26.6 хувь) мянган тонноор өсчээ.

Явцын мэдээгээр улсын хэмжээнд 2022 оны аравдугаар сарын байдлаар:

  • Үр тариа- 166.0 мянган тонн
  • Төмс- 173.5 мянган тонн
  • Хүнсний ногоо- 88.2 мянган тонн
  • Таримал тэжээл- 54.4 мянган тонн
  • Хадлан- 555.6 мянган тонн
  • Гар тэжээл 9.8 мянган тонн бэлтгэсэн байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан таримал тэжээл 8.7 (13.8 хувь) мянган тонн, бэлтгэсэн гар тэжээл 2.6 (20.9 хувь) тонноор буурч, харин бэлтгэсэн хадлан 74.9 (15.6 хувь) мянган тонн, хураасан төмс 51.4 (42.1 хувь) мянган тонн, үр тариа 38.0 (29.7 хувь) мянган тонн, хүнсний ногоо 18.5 (26.6 хувь) мянган тонноор тус тус өссөн байна.

Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн  тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.

Өнөөдрийн байдлаар 269.5 мянган га-гаас 331.9 мянган тонн үр тариа, үүнээс 251.7 мянган  га-гаас 311.9 мянган тонн улаанбуудай, 19.1 мянган га-гаас 206.1 мянган тонн төмс, 10.9 мянган га-гаас 119.3 мянган тонн хүнсний ногоо, 33.0 мянган га-гаас 71.7 мянган тонн тэжээлийн ургамал, 69.0 мянган га-гаас 28.8 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна.

Хувиар авч үзвэл, үр тарианы хураалт 76.2 хувь, улаанбуудай 76.5 хувь, төмс 96.2 хувь, хүнсний ногоо 98.3 хувь, тэжээл 42.8 хувь, тосны ургамал 49.7 хувьтай үргэлжилж байна.

"129 МЯНГАН ГА-Д УЛААН БУУДАЙ ТАРИАЛСНААС  52.8 МЯНГАН ГА-Г ХУРААЖ АВААД БАЙНА"

Газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймагт ургац хураалтын нөхцөл байдал ямар байгаа талаар тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөрөөс тодрууллаа.

-Ургац хураалтын явц ямар байна вэ?

-Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургац хураалт өнөөдрийн байдлаар үр тарианы хувьд 40 хувьтай, төмс хүнсний ногооны тухайд аравдугаар сарын 10-ны байдлаар 70 хувьтай явагдаж байна. Энэ жил нийт 304 аж ахуй нэгж, 199 иргэн үр тариа тариалсан. Төмс хүнсний ногооны хувьд 33 аж ахуй нэгж 2300-аад иргэн 204 мянган га газарт үр тариа тариалсан. Үүний 129 мянган га-д улаан буудай тариалснаас одоогийн байдлаар 52.8 мянган га-г хурааж аваад байна.

-ХХААХҮЯ-наас 2022 оны ургацын блансыг харьцангуй өөдрөг байгаа тухай мэдээлсэн. Ургацын хэмжээ Сэлэнгэ аймагт арвин байна уу?

-Ямар ч байсан бидний тухайд бланс хэмжээг баримталж, төлөвлөсөн ургацаа хурааж авахаар ажиллаж байна. Ургац арвин байгаа нь тариалангийн нутгаар зуншлага харьцангуй сайн байсан, цаг агаарын таатай нөхцөл бүрдсэнтэй холбоотой.

-Зарим нутгаар эрс хүйтэрч байна. Сэлэнгэ аймгийн тариалангийн бүсүүдэд цасанд дарагдсан талбай бий юу?

-Цаг агаарын хувьд намрын улиралд бороо үе, үе их хэмжээгээр орж байгаа нь ургацад нөлөөлж байна. Тухайлбал, хур тунадас орж буй тариалалтын нутгаар ургац хураалт хойшлох төлөвтэй байгаа. Гэхдээ их хэмжээний цас ороогүй учраас харьцангуй дажгүй гэж болно. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд уулархаг хэсгээр цас орсон. Бусад нутгаар бол хур тунадас, цаг агаарын аюулт үзэгдэл гараагүй. Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутгуудаар энэ жил цаг агаарын аюулт үзэгдэл холуур өнгөрч байгаа нь ургац хураалт төлөвлөгөөнөөс бага зэрэг хойшилсон таатай боломж үүсгэж байна.

Хавар газар тариалангийн бүсээр хуурайшилт ихтэй байсан ч зун сэргэсэн. Харин намрын борооны хувьд айхтар ус ихтэй орж байгаа нь ургацад нөлөөлж байна.

-Тэгвэл цаг агаарын нөхцөл байдлаас гадна ургац хураалтад тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Тулгамдаж байгаа гурван асуудал байна. Нэгдүгээрт, ажиллах хүчний хомсдол. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Боловсрол шинжлэх ухааны яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарсан шийдвэрийн дагуу оюутан, цэргүүдийг ургац хураалтад ажиллуулж байгаа нь сайшаалтай. Мэдээж ажиллах сэдэл төрүүлнэ гэдэг бол хэцүү.

Одоо ургац хураалт дөнгөж тал гаруй хувьдаа явж байхад оюутнуудын буцах хугацаа болсон нь тулгамдах асуудал болоод байна.

Оюутнууд буцчихвал ажиллах хүчний 50 хувь нь дутна гэсэн үг. Энэ нөхцөл байдлын талаар бид холбогдох газруудад хүсэлтээ өгсөн. Мөн Зэвсэгт хүчний жанжин штаб тодорхой хэмжээний квот тогтоож өгсөн байгаа. Нийт 1000 цэргийн квот байлаа гэхэд 500-г гаргасан гэх мэт. Эдгээр ажиллах хүчний нөөц багасвал ургац хураалт дахин хойшлох эрсдэлтэй.

Хоёрдугаарт, намар оройдоо хүйтэрч байгаатай холбоотой мал, тариаланч хоорондын зөрчил гарч байна.

Хүйтрэхээр мал өвөлжөө рүүгээ гүйх зэрэг асуудал үүсдэг. Ингэснээр зарим хариуцлагагүй малчин болоод тариаланчдын хооронд зөрчил үүсч байна. Үүнийг зохицуулахад тодорхой хэмжээний бэрхшээл гарч байгаа. Гуравдугаарт, талбай дээр их хэмжээний будан бууснаас авах будаа нийлүүлэлтгүй болоод талбайн будаа их хэмжээгээр нэмэгдэх нөхцөл байдал ажиглагдаж байна. Одоогоор эдгээрээс өөр онц тулгамдсан асуудал бага. Ямар ч байсан тариаланчид авах ёстой тариагаа хураагаад савандаа хийх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хувьд аймаг, сумын засаг дарга нартай тогтмол холбогдож мэдээллээ солилцоод явж байгаа.

БАРУУН БҮСИЙН НУТГУУДАД ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс улсын хэмжээнд ургац хураалт ямар түвшинд байгааг тодрууллаа. Тэрбээр, газар тариалангийн бүс нутгуудад их хэмжээний цас, хур тунадас орсон тохиолдол одоогоор гараагүй. Өвөрхангай, Архангай, Хөвсгөл зэрэг уулархаг нутгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд цас орсон. Тариалангийн бүс нутгаар бол харьцангуй сайн үзүүлэлттэй байна. Харин баруун бүсийн нутгуудаар өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байгаа учраас онцгой анхаарч байгаа. Гэхдээ ургац хураалтаас илүү мал аж ахуй талдаа анхаарч ажиллаж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж