Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2022.10.21/ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томилсон.
Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдааны үеэр тангаргаа өргөсөн. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Улс орны нийгэм, эдийн засгийн байдал маш хүнд байна. Үнийн өсөлт их, ард иргэдийн амьдрал хэцүү байна. Нийт 3.5 сая хүний амь амьдралын асуудал. Нийгмийн даатгалын багц хуулиуд хүлээгдэж буй. Энэ хуулиар томоохон реформыг хийх шаардлагатай. Нийгмийн даатгалын санд улс төрийн үзэмжээр дуртай өөрчлөлтүүдийг хийж, салбаруудыг тусад нь зохицуулдаг болсон. Энэ сангийн төсвийн алдагдлын асуудал байна. Ард иргэдийнхээ нийгмийн хамгааллын асуудлыг тодорхой хэмжээгээр шийдсэн шинэчлэлийг хийнэ. Монгол Улсад халамж хавтгайрсан гэдэгтэй санал нэг байна. Засгийн газраас халамжаас бодлогод чиглэсэн ажлуудыг зохион байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гол ажлыг хэрэгжүүлнэ. Дэлхийн бусад улс орнуудад нийгмийн халамж нь ДНБ-ий 1-2 хувьтай байдаг бол Монголд долоон хувьтай байдаг. Энэ бол том тоо. Тиймээс халамжийг зайлшгүй шаардлагатай хүн амд өгөх нь зүйтэй. Олон жил яригдсан нийгмийн даатгал, татварын шинэчлэлийг хийнэ. Ядуурлын хэмжээ 27.8 хувь буюу ноцтой хэмжээнд хүрсэн. Нийтдээ 900 гаруй мянган иргэн ядуурлын түвшинд хүрсэнд сэтгэл эмзэглэж явдаг. Үүнийг огцом бууруулахад анхаарч, бодит үр дүнд хүргэнэ" гэдгийг хэлсэн юм.
Ийнхүү шинэхэн сайд улсынхаа ядуурлын түвшинг огцом бууруулахаар ханцуй шамлан ажиллахаар боллоо. Тэрбээр сайдын хариуцлагатай албыг шагнал бус хүнд даалгавар авч байна гэж тодорхойлсон юм.
Холбоотой мэдээ