Амьдралыг тэтгэсэн түүхт 99 жил

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

Амьдралыг тэтгэсэн түүхт 99 жил

Монголын эм хангамжийн салбарт түүхийн цоо шинэ хуудас тэртээх 1923 онд эхэлж байв. Тухайн үед “Нэгдүгээр эмийн сан” нэртэйгээрМонгол эм импекс концерн үүдээ нээсэн билээ.Үндэсний хэмжээний эм хангамжийн ууган байгууллага болох Монгол Эм Импекс Концерн нь ийнхүү хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд тасралтгүй 99 жил зүтгэж ирсэн юм.Тэд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл эх орноо чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах хариуцлагатай үүргийг тасралтгүй 99 жил нэр төр­тэйгөөр гүйцэтгэж байна.

Монгол түмнийхээ амьдралыг тэтгэсэн түүхт 99 жилтэйгээ зол­гож буй Монгол Эм Импекс Концерн хэмээх их айлыг энэ удаа­гийн дугаартаа онцолж байна. Тус байгууллагын гурван үеийн төлөөлөл­тэй уулзсан ярилцлагыг толилуулъя.


Р.Баатар: Монголын ууган эмийн сан 14 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байв

Тэрбээр Монголын эм хангамжийн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхэм юм.

-Манай улсын ууган эмийн сан болох Монгол Эм Импекс Концернын түүхэн ойн баярын мэндийг танд хүргэе. Анхэм хангамжийн салбартай холбогдсон дурсамжаа хуваалцахгүй юу?

-Хамгийн олон уншигчтай Өдрийн сониноор дамжуулж Монголын эм хангамжийн салбарын үе, үеийн төлөөлөл, МЭИК-ийн хамт олонд түүхт 99 жилийн ойн баярын мэнд хүргэж байгаадаа талархалтай байна. Миний бие 1962 онд Хүн эмнэлгийн техникумын Эм найруулагчийн ангийг төгсөж байлаа. Тухайн үед Улаанбаатар хотын Тавдугаар эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байв. 1964 он Анагаах ухааны дээд сургуулийн Эм зүйн ангид элсэн орж, 1969 онд эм зүйч мэргэжлээр төгссөн. Ингээд Эрүүл мэндийн яаманд эм хангамжийн мэргэжилтнээр ажиллах болов. 1971 оноос яамны дэргэд Эм хангамж үйлдвэрлэлийн газар гэж шинээр байгуулагдахад Эмийн сангийн хэлтсийн даргаар томилогдож билээ. Энэ албан тушаалд 1990 оныг дуустал хашсан. 1991 оноос Уламжлалт эм, эмийн ургамлын компанийн захирал, орлогч захирал, Уламжлалт эмийн улсын үйлдвэрийн ерөнхий технологич бөгөөд захирал гэсэн албан тушаалыг ажиллаж байгаад 2004 онд насныхаа тэтгэвэрт суусан даа.

-Монголд анхны эмийн сан бай­гуу­лагдсан түүхээс манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-1923 онд анхны эмийн сан 7995 янчааны хөрөнгөтэй, 14 хүний орон тоотойгоор нийслэл хотод байгуулагдаж байв. Эрхлэгчээр ньОросын мэргэжилтэн А.И.Ржановский гэдэг ажиллаж байсан гэдэг. Хоёр дахь эмийн сан Сэлэнгийн Алтанбулагт, гурав, дөрөв дэх салбар нь Улаан­баатарт, тав дахь нь Налайхын их уурхайн дэргэд байгуулагдсан. Цааш­лаад аймгуудад эмийн сангийн салбаруудыг нээсэн л дээ. 1945-1947 онд сумдад эмийн сангийн салбарууд байгуулагдаж, эмийн сангийн зохион байгуулалтад райончилсан систем бий болсон түүхтэй. 1932 онд Улсын бэлтгэлийн газар гэж байгуулагдаж, эмийн сангуудыг ерөнхийд нь удирдаж байсан юм. 1927 онд эмийн зовудын суурь тавигдсан гэдэг. Эм хангамжийн ажил ерөнхийдөө Монгол Улсад ингэж л эхэлсэн юм байгаа.

Анхны эм зүйчдэд ЗХУ-д төгссөн Д.Ням-Осор гэдэг хүн хичээл зааж байв. Тэрбээр залуу боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийн удирдлагаар хангахад мөн ч их зүтгэсэн хүн дээ. Д.Ням-Осор 1965 оноос Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын даргаар ажиллаж байсан юм. Энэ хугацаандаа гадаад улс орнуудаас импортоор эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэх ажлыг идэвхтэй гүйцэтгэсэн. Монголын эм хангамжийн салбарт үнэтэй хувь нэмэроруулсан шилдэг удирдлагуудын нэг байсан даа. Дараа нь С.Хандсүрэн, Нацагмаа, Саранцэцэг, Даваасүрэн, Лувсаннамжил, Лувсаншарав, А.Ламжав гээд гадаадад өндөр боловсрол эзэмшсэн бэлтгэгдсэн сүрхий чадварлаг боловсон хүчнүүд ирж байв.

1923 онд анхны эмийн сан бай­гуулагдахад Зөвлөлтийн хүмүүс ирж ажиллаж байсан. Тэнд Монголын ганцхан эм боогч хүн байсан нь Ишдорж. Тэрээр сүүлд нь эмийн зовудад мастераар ажилласан юм. Хуучин цагт МЭИК-ийн одоогийн энэ байгаа хашаанд эмийн бааз, Улсын хангамж үйлдвэрлэлийн газар хамтдаа байв. Тэгэхэд би улсын эм хангамж үйлдвэрлэлийн газарт нь боловсон хүчний хэлтсийн даргаар ажиллаж байлаа.

-Та мэргэжлийнхээ онцлог, үнэ цэнийн талаар залуу хойч үеийн­хэндээ юу гэж хэлэх вэ?

-Эм зүйч бол нарийн мэдлэг шаард­сан өндөр хариуцлагатай мэргэжил.Цаана нь хүний амь, амьдрал яриг­дах учраас давхар хяналттай ажиллах ёстой. Ийм энэ мэргэжлийг сонгож суралцаж байгаа залуу үеийн төлөөлөлдөө энэ сайхан мэргэжлийг хайрлаж, хүндэлж суралцаарай гэж захья.


Ш.Хонгорзул: Бид дэлхий дахинд нэвтэрсэн дэвшилтэд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эмчилгээг Монголынхоо хөрсөнд нутагшуулахад бодитой хувь нэмэр оруулж ирлээ

Тус байгууллага зөв менежмэнт­тэй ажилласнаар өргөжин тэлж, эрүүл мэнд, эм зүйн салбарт фарммаркет хэлбэрээр эмийн сангийн сүлжээгээ 21 аймгийн хэрэглэгчдэд ойртуулсан. МЭИК-ийнДэд захирал Ш.Хонгорзултай та бүхнийг уулзуулъя.

-Монголынанхныэмхангамжийн ууган байгууллагынхаа талаар мөн салбарын онцлогоос дурдахгүй юу?

-Бид чанарын баталгаатай, эмчил­гээ­ний өндөр өртөгтэй эм эмнэлгийн хэрэгслээр жигд хүртээмжтэй тасралт­гүй боломжийн үнээр хангах, хүн амд мэргэжлийн эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ 99 жилийн турш нэг ч өдөр алгасалгүй үзүүлсээр ирлээ. Хүний эрүүл мэнд амь настай холбоотой ажлыг эрхэлдэг учраас нэн түрүүнд чанар стандартыг баримтлан ажилладаг. Энэ бол бидний ажлын амин сүнс юм.

-Танай компани хэдэн орноос эм импортолдог вэ. Энэ явцдаа ямар, ямар шат дамжлага туулдгийг сонирхуулахгүй юу. Эмийн тээвэрлэлт, хадгалалтын талаар асуумаар байна л даа?

-МЭИК өнөөдөр дэлхийн 50 гаруй улсын 80-аад компаниас эм, эмнэлгийн хэрэгсэл импортолж байгаа. Бид минут, секундтэй уралдаж ажилладаг онцлогтой. Яагаад гэвэл хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал үргэлж цаг хугацаагаар хэмжигдэж байдаг шүү дээ. Бусдыг өвчин зо­виураас нь салгаж, аз жаргал бэлэг­­лэхийн тулд амралтын өдрийг алга­сахгүй ажиллахын зэрэгцээ бараа бүтээгдэхүүнийхээ нөөцийг хангалттай бүрдүүлэх үүрэг хүлээдэг. Эм бол хүнстэй адилхан стратегийн ач холбогдолтой онцгой бүтээгдэхүүн. Ингэхдээ үйлдвэрлэгчээс зааж өгсөн хадгалах горим, нөхцөлд эм, эмнэлгийн хэрэгслээ тээвэрлэн импортолж, өөрийн агуулахдаа хүлээж авдаг. Эндээсээ эмийн сангуудад түгээхдээ, хэрэглэгчдийн гарт очих хүртэл хадгалалтын горимыг чанд сахидаг.

-Үндэстэн дамнасан эм үйлдвэр­лэгч­дийн хувьд том зах зээлийг сонирхоно. Харин Монголын хэрэг­лээ бага. Гэтэл танайх ховор эм, тариаг хүртэл импортолдог юм билээ. Ернь нэг эмийг Монгол Улсад бүртгүүлэхэд хэдий хэр хугацаа ордог вэ?

-Нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон өвчнүүдийн үед хэрэглэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийг судалж, шинжилж байгаад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлдэг. Аливаа улсын эмийн бүртгэл гэдэг нь тухайн эмийн чанар, аюулгүй байдлын том баталгаа болдог л доо. Зөвхөн бүртгэлтэй эмийгхил, гаалиар оруулж ирж, импортлохыг зөвшөөрдөг. Иймд бидний зүгээс тухайн эмийг бүртгүлэхийн тулд үйлдвэрлэгчээс 20-иод төрлийн бичиг баримт бүрдүүлж, эмээ авчраад, лабораторид шинжлүүлнэ. Дараа нь мэргэжлийн салбар зөвлөл шинжээчдийн дүгнэлт, лабораторийн хариу зэргийг үндэслээд бүртгэх эсэх шийдвэрээ гаргадаг. Нэг эмийг бүртгэхэд зургаан сараас нэг жилийн хугацаа зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хилээр ганцхан ширхэг эм оруулж ирэхийн тулд манайхаас бүхэл бүтэн баг ажилладаг гэсэн үг. Үйлдвэрлэгчидтэй гадаад харилцаагаа өргөжүүлэх тал дээр нэлээд идэвхтэй ажлуудыг өрнүүлдэг. Монгол Улс гуравхан сая хүн амтай. Таны хэлснээр том үйлдвэрлэгчийн хувьд сонирхол татахааргүй, жижиг зах зээлтэй орон. Тэд санаснаар бидэнд эмээ нийлүүлье гэхгүй. Саад бэрхшээлээс тойрч зугталгүй үйлдвэрлэгч орнуудтай ойлголцож, зөвшөөрүүлнэ гэдэг том ажил шүү. Эм гэдэг бол эмчийн хувьд бууных нь сум юм. Тухайн эмчид яг шаардлагатай сонголттой эм нь байхгүй бол өвчтөнөө эмчлэхэд хүндрэлтэй шүү дээ. Тэгэхээр өвчтөнийг эрүүл байлгахад эмч, эм ханган нийлэх байгууллага, эм зүйч гурав тулгын чулуу шиг холбоотой. Хүний эрүүл мэндийн асуудлыг тэдний оролцоогүйгээр төсөөлөхөд бэрх.

-МЭИК нийгэмд хүлээсэн хариуц­лагынхаа хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?

-Дэлхий дахинд нэвтэрсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслээс гадна тэдгээрийг нутагшуулахад Монголынхоо эмч, эм зүйч мэргэжилтнүүдийг гадаад болон дотоодын сургалтуудад жил бүр тогмол сургах зэрэг ажлуудыг системтэйгээр зохион байгуулж салбарынхаа болон хүн амын эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулж ирсэн. Тухайлбал, дутуу нярайн уушги хөгжөөгүй байдаг. Уушгины хөгжлийг гүйцээж, тэлэх зориулалттай тариаг оруулж ирэхийн зэрэгцээ уг эмчилгээг Монголд нутагшуулсны үр дүнд одоогийн байдлаар 7000 гаруй нярайд амьдрал бэлэглээд байна. Үүний зэрэгцээ анагаахын шинжлэх ухааны хөгжил бол минут, секундээр урагшилж байдаг. Тэр хөгжилтэй хөл нийлүүлж алхах нь бидний гол үүрэг. Хөл нийлүүлэн алхахын төлөө бид хүч ухаанаа зурцуулан ажиллаж байна. Мөн 2016 онд Монгол орон даяр “Элэгний С вирүсгүй Монгол Улс” – Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг дэмжиж ажилласан. Тус төсөл хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Mylan Компанитай хамтран элэгний С вирусийг эмчлэх LEDVIRэмийг Монголд нэвтрүүлсэн юм. Ингэснээр элэгний С вирусийн өвчнөөр шаналж байгаа өвчтөнүүд вирусийн эмийг үнэ төлбөргүй хэрэглэж аюулт өвчнөө эмчлэх боломж бүрдсэн.

2022 онд Хелико­бак­терийн стандарт эмчилгээ болох Жи Кит, болон Амбис бэлдмэлийг Монголд амжилттай нэвтрүүлсэн. Ингэснээр Хеликобактерийн эмчилгээний үр дүн сайжирч, зардал буурах боломж бүрдсэн юм. Монгол эм импексийн өнөр хамт олон аливаа нэгэн нийгэмдээ чиглэсэн сайн сайхан үйлсэд баг хамт олноороо санаа нэгтэй түүчээлэн оролц­догт нийт үе үеийнМЕИК-чүү­дээ­рээ бахархаж байна.

Мөн бидний хийж бүтээж байгаа ажлын маань эцсийн үр дүн нь ЭРДЭНЭТ ХҮНИЙ АЛТАН АМИАР дэнслэгддэг бид ийм л энэрэнгүй үйлст хамт олон юм.

-Ковидын хоёр жилийн хугацаа эрүүл мэндийн салбарт хамгийн ачаалалтай байсан. Ялангуяа эм ханган нийлүүлэх байгууллагын хувьд онцгой үүрэгтэй ажилласан байх?

-Ковидын хүнд үеийг эрсдэл багатай давах юмсан гэсэн чин зорилго­той­­гоор бүгд хаа, хаанаа эрвийх дэр­вий­хээрээ ажилласан. Бид эрүүл мэндийн салбарт тулгамдаад байсан ковидын эм, эмийн бүтээгдэхүүнийг цогц хэлбэрээр нь хангасан. Ковидын эмчилгээний урдьчилан сэргийлэх, дархлааны суурь болсон Витамин С, Витамин Д, Бэрэш Мөн эмч нарын маань хүчирхэг зэвсэг болох Арбидол, Remdesvir, Favipivavir, Tocilizumab, зэрэг эм бүтээгдэхүүнийг цаг хугацаа алдалгүй шуурхай, тасралтгүй ханган нийлүүлж ажиллалаа. Мөн ОХУ-ын СПУТНИК-V вакциныг амжилттай оруулж ирсэн нь ард иргэдээс маш их талархал хүлээж чадсан. Нас баралт багатай цар тахлын ард нь гарахад эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн үүрэг оролцоо, нөлөөлөл их байсныг онцолмоор байна.

Ирэх 2023 онд Монголын анхны ууган эм ханган нийлүүлэх байгууллагын 100 жилийн ой тохионо. Бид энэхүү агуу түүх болон Монгол орны 21 аймаг дахь салбарт маань мэргэжлийн чадвар­лаг хамт олон ажиллаж байгаад бахархдаг. Тиймээс эм зүйчдэдээ, эм ханган нийлүүлэх байгууллагынхандаа, хамтран ажилладаг харилцагч нартаа, биднийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч та бүхэндээ Монгол Улсад эм зүйн салбар үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн мэндийг энэ дашрамд уламжилж байгаадаа таатай байна.


М.Сувд: Мэргэжлийнхээ үнэ цэнийг хүмүүст таниулахыг хүсч, ажлаа дурлаж хийдэг

АШУҮИС-ийг өнгөрсөн хавар эм зүйч мэргэжлээр дүүргэсэн шинэ төгсөгч М.Сувдыг Монгол Эм Импекс Концернын хамт олон халуун дулаанаар хүлээн авчээ. Өөрийнхөө ирээдүйн карьерыг 99 жилийн түүх­тэй хамт олны нэг хэсэг болон эх­лүүлэхээр том зорилготой ажиллаж буй залуу үеийн төлөөлөл болсон түүнтэй хөөрөлдлөө.

-Эм зүйч мэргэжлийн сайхан нь юу вэ. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ?

-Манай гэр бүлд эрүүл мэндийн салбарын хүн байхгүй л дээ. Хүүхэд байхын эмч болно гэж боддог байв. Ингээд хүсэл мөрөөдлийнхөө дагуу АШУҮИС-д элссэн. Суралцах явцдаа эм зүйч мэргэжилд дурлаж, энэ мэргэж­лийн онцлог, давуу талыг олж харсан. Ми­ний хувьд хүсч сонгосон мэргэжил маань учраас сэтгэл хангалуун байдаг.

-Монголд үйлажиллагааявуул­даг эмханган нийлүүлэх олон ком­панибий. Тэр дундаас яагаад Монгол Эм Импекс Концерн-д ажилд орсон юм бэ. Ирээдүйгээ хэрхэн төсөөлж сонголтоо хийв?

-Биднийг төгсөхийн өмнө манай сургууль дээр эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх бүхий л байгуул­лагууд ирж үйл ажиллагаагаа танил­цуулж байсан л даа. Миний хувьд нэг байгууллагадаа тогтворт суурьшилтай,тууштай ажиллах зорилготой байсан болохоор бүх л газруудын ажлын ярилц­лагад орсон. Монголдоо топ эмийн компаниудтай хүртэл очиж уулзсан. Тэдгээрээс МЭИК хамгийн их таалагдаж, сэтгэлд дулаахан мэд­рэмж төрүүлсэн л дээ. Хамт олны уур амьсгал, харилцаа хандлага намайг их дотно сайхнаар хүлээж авсан. Бусад компаниуд шиг шинэ төгсөгч гэдэг байдлаар надтай харьцаагүй. Яг л өөрийнхөө ажилтан шиг хандаж, бүх зүйлээ чин сэтгэлээр тайлбарлаж өгсөн нь надад маш итгэл үнэмшил, урам зориг өгсөн. Дээрээс нь намайг хэрхэн хөгжих боломжуудыг ч маш сайн тайлбарласан.Ингээд Монголын ууган компани, туршлагатай, хамт олны нэг болсондоо туйлын баяртай байдаг. Хамгийн чухал нь хүний амьдралыг тэтгэсэн гэрэл гэгээтэй сайн үйлийг бү­тээдэг мэргэжил юм. Үүнийхээ хэ­рээр өндөр хариуцлага хүлээдэг онцлогтой.

-Шинэ залуу ажилтан болохоор үйлчлүүлэгчдийн хандлага ямар байна?

Эм авч байгаа хүн сандарч, тэвд­сэн байдаг л даа. Өөрт нь болон ар гэрт нь ямар нэгэн өвчин шаналал байгаа учраас санаа зовсон байх нь элбэг. Тэднийг ойлгоод, хүлээцтэй хандаж, авч байгаа эмийнх нь талаар тайл­бар­лахаар нүүрэнд нь инээмсэглэл тод­роод ирдэг. Үйлчлүүлэгчдийнхээ харил­цаа, талархлаас мэргэжлийнхээ үнэ цэнийг илүү их мэдэрч, урам зориг авдаг даа.

-Цаг зав гарган ярилцсан та бүхэнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж