"Нарийн царигтай төмөр зам барих тогтоолын төсөл өргөн барьсан"

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

"Нарийн царигтай төмөр зам барих тогтоолын төсөл өргөн барьсан"

"Нарийн царигтай төмөр зам барих тогтоолын төсөл өргөн барьсан"

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж 2022 оны аравдугаар сарын 21-нд “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Энэ талаар тэрбээр өнөөдөр (2022.10.24) Төрийн ордонд мэдээлэл хийлээ.


ОЙРОЛЦООГООР 1.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДАГДАНА

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Монгол Улс ямар царигтай байх тогтоолын төслийг Засгийн газар өргөн барьснаар УИХ хэлэлцэнэ гэсэн заалттай. Энэ хүрээнд өнөөдрийг хүртэл энэ заалт бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна. Яагаад вэ гэвэл УИХ-ын тогтоолгүйгээр Тавантолгойгоос-Гашуунсухайт хүртэл өргөн царигтай төмөр зам тавьсан. Энэ нь мухар зам болчихоод, асуудал үүсгээд байгаа юм. Өргөн царигтай төмөр замаар уул уурхайн ордоос бүтээгдэхүүн зөөлөө гэхэд хил дээр очоод, дахин нарийн төмөр зам руу шилжүүлэх байгууламжийг 300-400 сая ам.доллараар барих нөхцөл байдал бий болж байна. Ойролцоогоор 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана. Эдийн засаг хүндрэлтэй энэ үед Монгол Улсад ийм их мөнгө байхгүй байна. Тийм учраас тухайн улс ямар царигтай байна тэр царигаар төмөр зам барих тогтоолын төсөл өргөн бариад байна.

-Шивээхүрэн, Бичигт, Ханги Мандалын боомтоор, мөн ирээдүйд Ховд аймгийн Булганы боомтоор барих төмөр замын хувьд төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Эдийн засгийн үр ашигтай, хөрш хоёр орны бодлогод нийцсэн төмөр зам барьснаар цаашдаа Монголын уул уурхайн болон түүхий эд, мал аж ахуйн бүтээгдэхүүн гаргахад нэлээн эерэг үр дүн авчирна гэж энэ тогтоолын төслийг өргөн бариад байна.

Иргэд Тавантолгой Гашуунсухайтын төмөр замыг барих УИХ-ын тогтоол гарсан гэж ойлгодог. 2014 онд нарийн царигтай төмөр зам барих УИХ-ын тогтоолын төсөл гаргасан. Харамсалтай нь, үүнийг үл ойшоож, шууд өргөн царигтай төмөр зам бариад явсан.

ЭКСПОРТОД ГАРГАХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ ЖИЛД ДУНДЖААР 3.5 ДАХИН НЭМЭГДЭНЭ

 “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн үзэл баримтлалд, Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий нүүрс болон бусад ашигт малтмалын ордууд ашиглалтад орсноор экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 3.5 дахин нэмэгдэх тойм тооцоо гарчээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын тээн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр болон экспорт, импортын ачаа эргэлтийг үр дүнтэй хангах тээвэрлэлтийн оновчтой зохион байгуулалт бүхий төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох юм.

Тус төсөлд далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөрш орнууддаа, цаашлаад тэдгээрээр дамжин далайд хүрч гуравдагч улсуудад бараа, бүтээгдэхүүнээ ашигтай нөхцөлөөр экспортлохын тулд зөвхөн төмөр замын дотоодын оновчтой зохион байгуулалт бүхий нэгдсэн сүлжээтэй болохоос гадна төмөр замаар хөрш улсуудын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтын дүнд ОХУ болон БНХАУ-ын төмөр замуудтай холбогдох шинэ гарц нээгдэнэ гэж тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улс, ОХУ болон БНХАУ-ын төмөр замын салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт, тээвэрлэлтийн зардал, хугацаа хэмнэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тогтвортой өсөн нэмэгдсэнээр төсвийн орлого тогтворжиж, эдийн засагт эерэг үр дагавар үзүүлнэ.

Тус төмөр замын бүтцийг дагасан хот, суурин, боловсруулах үйлдвэрүүд бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэн ажлын байр шинээр нэмэгдэж, хүн амын амьжиргааны түвшин дээшилж, амьдрах орчин, нөхцөл сайжирснаар төв рүү чиглэсэн хүн амын нүүдэл саарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж