Эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж буй. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах байр суурийг илэрхийлж байна. Тэрбээр ирэх сарын 1-нээс аж ахуй нэгжийн цахилгааны үнийг нэмэхээр болсон талаар дуулгалаа.
-Эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж ирсэн. Энэ салбарын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Энэ жилийн гүйцэтгэлээр Эрчим хүчний салбар 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Гарцаагүй үнэ тарифыг нэмэхээс өөр гарцгүй болсон. Эсвэл ирэх жилийн төсөвт 300-400 тэрбум орчим төгрөгийн татаас суулгаж, татаасаар амьдрах хоёр сонголттой байна. Энэ байдлаараа цаашдаа явбал энэ өвлийг давах байх.
Цаашдаа тогтой байх уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүйгээс энэ салбарын ажилчид дийлэнх нь төрийн үйлчилгээ авч чадахгүй болчихсон байна. Цар тахлын үед эрчим хүчний салбар байж болох бүхий л нөөцөө шавхаад дууссан. Тиймээс хүнд хэцүү шийдвэр гаргана. Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс албан байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлнэ. Үүнийг сайн зүйл гэж бодохгүй байна. Ахуйн хэрэглээнд бол нэмж чадахгүй байгаа. Цар тахлын үед хөл хорио тогтоосноос улс орнуудад тээвэрлэлтийн үнэ өссөн. Мөн ОХУ-ын дайнаас шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. 2019 онтой харьцуулахад эрчим хүчний салбарын өртөг 28 хувиар нэмэгдсэн.
-Эрчим хүчний тарифыг ямар байдлаар нэмэх вэ. Айл өрхийн хэрэглээний тарифыг нэмэх үү?
-Эхний ээлжид айл өрхүүдийн эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүй. Харин ААН-ийн хувьд 5,000 кВт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй бол 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлж тооцно.
Мөн уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефоны операторууд, архи үйлдвэрлэгчид, криптовалют үйлдвэрлэгч гэх мэт санхүүгийн ачааллыг дааж чадах байгууллагууд 200 мянган кВт хүртэл 28 хувь, үүнээс дээш хэрэглээнд нь 38 хувийн нэмэгдэл тооцох талаар Сангийн сайдтай ярилцсан.
2023 оны нэгдүгээр сарын 1-ээс төсвийн байгууллагуудын дулааны үнийг 28 хувиар нэмэгдүүлнэ. Цахилгааныг мөн ялгаагүй дээр дурдсан тарифаар нэмэгдүүлнэ. Энэ асуудлыг шийдэх юм бол энэ өвлийн ачааллыг давна. Иргэдийн хэрэглээний тарифыг нэмэхгүй байгаа шалтгаан нь иргэд дөнгөж хямралаас гарч байна. Тиймээс дараагийн нэмэлтийг эдийн засгийн өсөлт тогтворжиж, өсөлт эхэлсэн жилд нэмнэ. Гэхдээ хөгжингүй орнуудад ахуйн хэрэглээ өндөр байдаг, эсрэгээрээ аж ахуй нэгжийн хэрэглээний үнэ хямд байдаг. Аргагүй эрхэнд энэ салбарыг дампууруулчихгүйн тулд дээрх арга хэмжээг авах гэж байна. Ерөнхийдөө уг нэмэлтээр 280 орчим тэрбум төгрөг орж ирэх тооцоо бий. Багануурын уурхай тонн нүүрсийг 35 мянган төгрөгөөр зарж байгаа. Өөрийнх нь өртөг 46,800 төгрөг. Шивээ-Овоогийн нүүрсийг 29 мянган төгрөгөөр зарж байгаа нь ямар хэмжээний алдагдалтай явааг харуулж буй.
Улстөрч хүний хувьд сайд болсноор салбартаа том төслүүд хэрэгжүүлэхийг зорьж, дараа нь үнэ нэмэхийг бодсон. Харамсалтай нь ажлаа аваад салбарынхантайгаа уулзахад “сайдаа та гоё юм яриад хэрэггүй, эхний ээлжид тарифыг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулаач ээ” гэдгийг бүх түвшинд хэлж байна.
Холбоотой мэдээ