Ойн сан төрийн бодлогыг хүлээж тэсэхгүй нь

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

Ойн сан төрийн бодлогыг хүлээж тэсэхгүй нь

Манай улсад сүүлийн 20 жил ой санг хамгаалах асуудал орхигдсон гэхэд хилсдэхгүй. Муу хэлээд, ад үзээд байдаг социализмын үед байгуулсан ойн аж ахуйн газруудыг 90-ээд оны өмч хувьчлал нэрийдлээр  хувьчлан “амийг нь тасалж” байхын оронд ой хамгааллын орчин үеийн ойг хамгаалах олон улсын шилдэг туршлагыг өөрийн орны цаг уурын нөхцөлд зохицох хэмжээнд нутагшуулаад явсан бол өдийд бид цөлжилт, дулаарлын хор уршгийг арай л бага мэдрэх байсан биз. Ойн сангийн нөөцийг нэг хоёр жилдээ яриад, сэргээчихдэг юм биш. Урт удаан хугацааны уйгагүй хөдөлмөрөөр л үр дүн нь гардаг. Гэтэл ойн нөөцтэй аймаг бүрд байсан ойн ангиудын 70 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон эрүүл ойг хэдхэн жилийн дотор ямар болгочихов оо. Ойн салбарыг татан буулгаж, эзэнгүйдүүлж, үрэн таран болгон сүйдлээд дууссаны дараа буюу хоёр жилийн өмнө Ойн газар гээчийг байгуулсан. Одоо ингэж сүйдсэн ойгоо нөхөн сэргээхэд хичнээн хэмжээний зардал, хэдэн жилийн хөдөлмөр орох нь ойлгомжтой. Харин тухайн үед ойн ангиудыг татан буулгалгүй үйл ажиллагааг нь үргэлжлүүлээд, ойгоос авах юмаа авч, авснаа төдий хэмжээнд нөхөх ажлаа гүйцэтгээд явсан бол адаглаад иргэдийн амь амьжиргаа, цаашлаад улс орны хөгжилд нэмэр тусаа өгөх зэргийг “том толгойтнууд”-ын холын хараа, алсыг харж чадсан бол өдийд ийм байдалд хүрэхгүй л байсан. Магадгүй алсыг харсан ч нийтийн биш, нэг хэсгийн эрх ашгийг бодолцон нүдэн балай чихэн дүлий өнгөрөөсөн. Түүний уршгаар хуучин ойн ангиудын байр сав, эд хөрөнгийг тухайн үеийн аймаг, сумдын засаг дарга нар танил тал, найз нөхөддөө, хувьдаа ягаан, цэнхэр тасалбараар худалдан авч хувийн эзэмшлийн болгосон тохиолдол хаа сайгүй байдаг.  Тухайн үед төрийн өмч хэдхэн албан тушаалтны ашиг хонжоо болоод л өнгөрсөн. Манайхан “уламжлал ёсоор” ниргэсний дараа хаш­гирав гэгчээр ойгоо сүйдлээд дууссаны да­раа нөхөн сэргээх нэрийдлээр гадаад, до­тоо­дын олон төсөл хөтөл­бөрүүдийг хэ­рэг­жүүлж байгаа хэ­дий ч “нүдээ олсон” нь тун цөөхөн. Улсын төсвөөс жил бүр 600 орчим сая төгрөгийг ойд зарцуулдаг ч ашиг тусаа өгсөн нь бас л чамлалттай.

Улсын хэмжээнд 1990-ээд оны эхээр төвлөрсөн төлөв­лөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн за­сагт шилжилтийн эхэн үед нийтдээ 30-аад оноос эхлэн байгуулсан 11 айм­гийн нутаг дэвсгэрт 20 гаруй ойн аж ахуйн 50 гаруй жилийн хө­дөл­мөрөөр нийт нутаг дэвсгэрийн най­ман хувь буюу 13 мянган га газрын ойг эрүүлжүүлэн, харь­цангуй залуу ой бий болгосон хөдөлмөрийг хэдхэн жилийн дотор гал түймэр, хортон шавьж, хууль бус мод огтлолт зэргээр “эрэмдэг зэрэмдэг” болгон хувиргасан. Нэг ёсондоо үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй дутуу цохьсон үхэр адил болчихоод нийт хэрэглээний ойн сангийн хувь хэмжээ хэдэн жилийн өмнөх тоогоор халхавчлан өдийг хүртэл яваа. Албан бус мэдээллээр нийт газар нутгийн 6 хүрэхгүй хувь нь ойн сан бүхий газар нутаг байна гэсэн судалгаа байна. Сүүлийн таван жилд дунджаар 14 аймаг, нийслэлийн 61 сум, дүүрэгт 150 удаа ой хээрийн түймэрт жилд дунджаар 340 мянган га газар, дэлхийн цаг агаарын дулаарлын давтамж, уул уурхай, хортон шавьжийн нөлөөгөөр 350-380 мянган га газар сүйтгэж, хууль бус мод бэлтгэлийн нөлөөгөөр ойжуулах шаардлагатай 350-800 мянган га талбай газрыг хамарсан ойн сан “ой” нэрээр цааш үлдсэнгүй. Гэтэл салбар хариуцсан ойн газрын дарга нь ч, ойд хортон шавьж устгал хийсэн мэргэжилтэн нь ч ой хэрхэн хортон шавьжид нэрвэгддэг, хичнээн хэмжээний шавьж байгаа тохиолдолд үхжиж яваа гэж үзэх зэрэг ерөнхий ойлголтуудаа мэдэх ч үгүй явна. Ойн нөөцийг бүрдүүлж байна гээд заачихсан байгаа газар нь бие биеэ хэзээд дараад унахад бэлэн болчихсон оройн хэсэгтээ  тав гурван ногоон мөчрөөс цаашгүй үхэжсэн мод дийлэнхийг эзэлдэг. Иймэрхүү дээрээс нь харахад ногоон хөвч тайга гэж андуурмаар газарт өнөө маргаашгүй үндсээрээ булгарч унах дөхсөн “хулхи” ой дийлэнх болжээ. Ийм ойг өвчтэй хүнээр төсөөлбөл эрүүл юм шиг хирнээ уг өвчнийг нь газар аваагүй байхад нь эмчилж эдгээхгүй хэрхэн тарчилж үхэхийг нь хараад суух мэдлэг чадваргүй, эм тариагүй эмчийн адилаар ажиллах байгаль орчны салбарынхан ойгоо “амьдаар нь авсанд хийгээд” байгаатай адил юм. Нэгэнт л өөрсдөө ойгоо “эмчилж чадахгүй” байгаа бол орон нутагт түшиглэсэн ойн ангиудыг сэргээж, идэвхжүүлбэл ямар арга хэмжээ авах талаар олон жилийн туршлагатай улс. 2009 оны хавар ой бүхий нэгэн суманд БОАЖЯ-наас ойн сангийн доройтлыг тогтоохоор яваа мэргэжилтэн нь нэг га газарт дунджаар нэг модонд 15 ба түүнээс дээш хэмжээний хортон шавьж үүрлэсэн тохиолдолд үхжиж яваа ойд тооцдог хэмээн мод модны хальсыг хуулан “хий хоосон” онол ярьж, нутгийн иргэдийн дургүйг хүргэж байлаа. Учир нь олон жилийн туршид ойн захад амьдарсан нутгийн иргэдийн яриагаар бол “жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэгчээр нэгэнт л нэг ч бай, хоёр ч бай хортон шавьж орсон л бол идэгдээд дуусна гэдэг. Нэг хоёр жилдээ амжиж шавьж устгал хийвэл 80 хувь нь устаж, үлдсэн нь дахиад л бусдадаа “халдвар түгээх” ажлаа үргэжлүүлдэг гэж тухайн үед ойн ангийн үржүүлгийн газрын мэргэжилтэн байсан н.Цэрэндондог гэгч буурай ярьж байсныг санаж байна.

Харин саяхнаас ойн ангиудыг сэргээх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх талаар их ярих болж. Орон нутагт ойн анги байгуулсны үр дүнд ядаж л жил бүр мэргэжлийн бус хүмүүс ургах эсэх нь үл мэдэгдэх суулгац тарих бус ямар модноос огтлол хийх зэргээ сайтар мэддэг мэргэжлийн хүмүүс нэгдэх сайн талтай. Нөгөө талаар шинэ зүйл нэвтрүүлэх бус урьд нь хийж байсан ажлын туршлага дээр үндэслэн сэргээхдээ тухайн үед ойн ангид ажиллаж байсан ахмадууд залуу үедээ туршлагаа өвлүүлж, хүн амын төвлөрлийг багасган хөдөө орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зэрэг тал бүрийн ач холбогдолтой. Тухайн үед татан буулгасан ойн ангиудаас өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа зогсоолгүй ажиллаж байгаа газар бол Хэнтий аймгийн Биндэр сумын ойн аж ахуй. Анх 1924 онд байгуулсан ч ойн аж ахуйг хувьчлахын хор холбогдлыг нү­дээр үзсэн учраас 2001 онд аж ахуйн нэгжийн хуулийн да­гуу гэрчилгээг өөрч­лөн улсын бүрт­гэлд бүртгүүлж, “Бин­дэр-ой” Төрийн өм­чит үйлдвэрийн га­зар гэдэг нэрээр үйл ажиллагаагаа үр­гэлж­лүүлсэн байна. Тус ойн аж ахуй нь өнөөг хүртэлх 80 жи­лийн хугацаанд 5016.2 га газарт мод үржүүлэн, 421.4 тонн бор­гоцой бэлтгэж, 9607 кг үр гарган авч, 24006.4 мянган тарьц ургуулсан байна. Тэр хэмжээгээр Хэн­тийн нурууны хөвч тайга гадны нө­лөөнд бага өртөж, нөхөн сэргээлтийг мэр­гэжлийн дагуу хийс­нээр хамгийн эрүүл ой энэ нутагт л байна. Нөгөө талаар мод үржүүлгийн зал­гамж халаа болох мэргэжилтнүүдээ бүрэн бэлтгэсэн газар. Тус ойн аж ахуй нь өдгөө Хэнтий болон Дорнод аймгийн модны тарьц, суулгацны нөөцийг бүрэн хангах хүчин чадалтай болсон.

1990-ээд оноос өмнөх ойн аж ахуйн газрууд олон жил тогтвортой ажилласнаар мэргэжлийн ажилчид бэлтгэгдэн, үйл ажиллагааны чиглэл ч нарийсаж, ойн асуудал цэгцэрч шатандаа орж эхэлсэн 1976 оны үеэс Сайд нарын зөвлөлийн тогтоолоор  ой мод, ан хэмээх баялгийг хамтад нь хамгаалах асуудал хамгийн оновчтой арга гэж үзэн Ойн агнуурын аж ахуй болгон өргөтгөсөн байна. Ингэснээр ан амьтдын 80 гаруй хувь нь ойд амьдардаг учраас цогцоор нь хамгаалж байв. Түүний “ач буянаар” 1986 оны тооллогоор 130 мянга болтлоо өссөн буга, согоог 1990-эд оноос хойш хайр найргүй хядан, өмнөд хөрш рүү зөөж, зарим нэг нь “аавын хаалга” татсанаар сүүлийн 18 жилийн дотор 92 хувь болтлоо буурсан бугын сүргийг хамгаалах талаар дээр дооргүй шуугисан. Энэ бол ганцхан амьтныг яаж сүйдсэн талаарх жишээ. Бусдыг нь яаж, хэрхэн “нүдний гэм” болгосон талаарх жишээ олон бий. Ингэж  бусдын бэлтгэсэн буяныг барахгүй юм шиг хайр найргүй устгасаар ой, ан, амьтнаасаа хагацах аюул бидэнд тулгараад байна.  Энэ бүхнийг хамтад нь бий болгосон ойн ангиудын ач тус байсан болохоос биш, дуртайдаа өсөж үржсэн баялаг биш гэдгийг санах нь чухал.

Энэ бол тухайн үед энэ ойн ангид ажиллаж байсан хүмүүсийн хөдөлмөр, зүтгэлээр   өдийг хүргэсний ач буян. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ихээхэн хөрөнгө оруулалт шаардсан сүржин нэртэй даржин цолтой  үндэсний хэмжээний “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, ”Ногоон хэрэм” “Ус” хөтөлбөрүүдийн үр дүнг хүлээж тэсэхгүй нь байна шүү, ой мод.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж