Цэнхэр гаригийн цэнгэлийн манлай хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Катарын зуны аагим халуунаас зугтааж, өвөл эхлэх энэ удаагийн дэлхийн аварга олон зүйлээрээ таван тивийн найман тэрбум хүний анхаарлыг татаж байна. Мэдээж, гол анхаарал татах шалтгаан нь өнөө цагийн хөлбөмбөгийн тод одод, амьд домгууд, гоц үзэгдлүүд сүүлийн удаа хамгийн том тайзнаа бүжих болно. Магадгүй дараах тоглогчдыг бид ирэх 2026 оны Хойд Америкт болох дэлхийн аваргад харахгүй байж болох юм.
Арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд үргэлжлэх “Катар-2022” ДАШТ-ийг таван тэрбум хүн үзнэ гэх урьдчилсан тооцоо гарчээ.
- КАРИМ БЕНЗЕМА /ФРАНЦ/
Энэ жилийн алтан бөмбөгийн эзэн Карим Бензема сүүлийн удаа дэлхийн аваргад зодоглоно. Өдгөө 34 настай түүний хувьд өнгөрсөн удаад хэрэгт холбогдож, 2018 онд Оросыг зорьж чадаагүй. Түүнгүй Францын дэлхийн аваргад түрүүлсэн. Гэхдээ л энэ удаад Дидье Дешам хэрхэвч Бенземаг гэрт нь үлдээхгүй. Францын аваргаа хамгаалах аяллын гол чиглүүлэгч нь Бензема байх нь дамжиггүй. 2014 онд Германд хожигдож, 2018 онд гэртээ үлдсэн бараан дурсамжаа Франц довтлогч мартахыг хүсч байгаа биз.
- АНХЕЛЬ ДИ МАРИА /АРГЕНТИН/
Шигшээ багаа тивийнхээ аваргад түрүүлэхэд хожлын гоолыг нь оруулсан Анхель Ди Мариа бол яахын аргагүй өнөө цагийн хамгийн авьяаслаг, есөн шид нь бүрдсэн тоглогч. 2014 оны дэлхийн аваргын үеэр хэрэв Ди Мариа бэртэл аваагүй бол Аргентиныг түрүүлчих байсан гэж олон хүн ярьдаг. Гэхдээ спортод хэрэв гэдэг байдаггүй билээ.
Өдгөө мөн 34 настай тэрбээр одоогийн байдлаар гэмтэлтэй байгаа ч дэлхийн аваргад оролцоход асуудалгүй гэнэ.
- МАНУЭЛЬ НОЙЕР /ГЕРМАН/
2014 оны дэлхийн аваргаар Нойерын үзүүлсэн тоглолт хаалгачдын хувьд цоо шинэ зүйл байсан. Бараг л хамгаалагч, хагас хамгаалагч шиг үүрэгтэй тоглолтод оролцож, багийнхаа нөхдөд урагшаа шахах боломжийг тэр олгож байв. Тэгвэл энэ удаад тэрбээр сүүлийн удаа шигшээ багтаа туслахад бэлэн болжээ. 36 нас гэдэг хаалгачдын хувьд дундаж нас хэдий ч Германы шигшээ багт Нойероос гарааны эрхийг нь булаачих чадалтай, чансаатай хаалгачид олон бий. Ямартай ч Нойер сүүлийн дэлхийн аваргадаа зодоглоно. Түүнгүйгээр Герман 2014 онд түрүүлэх боломжгүй байсан.
Хэрэв Месси, Роналдо хоёр байгаагүй бол Нойер 2014 оны алтан бөмбөгийн эзэн болох байв.
- ЛУКА МОДРИЧ /ХОРВАТ/
Цаг хугацаа аргагүй хурдан юм. Дөрвөн жилийн өмнө Орост Лука Модрич гэх бие жижиг ч бэлчээр томтой залуу хөлбөмбөгийн уран тансгийг үзэгч олонд мэдрүүлж, Хорватын хөлбөмбөгийг дэлхийн нийтэд гайхуулж байлаа. Түүний ачаар л шигшээ баг нь финалд шалгарч, мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Лука өөрөө ч тус дэлхийн аваргын шилдгээр нэрлэгдэж, намар нь Месси, Роналдогоос өөр хүн алтан бөмбөг хүртэж болдог юм аа гэдгийг харуулсан. Тэгвэл өдгөө тэрбээр хэдийнэ 37 нас хүрч, сүүлийн удаа алтан тайзнаа симфони, оркестроо удирдахаар гарч ирнэ.
- ЛУИС СУАРЕЗ /УРУГВАЙ/
Хөлбөмбөгийн түүхэн дэх гоц үзэгдлүүдийн нэг бол мэдээж Луис Суарез. Месси, Роналдо гэх хоёр агуу эрхэмтэй замналынх нь ид үед алтан шаахайг булаалдаж явсан тэрбээр Кавани найзынхаа хамтаар сүүлийн удаа бүжнэ. Хамгаалагчдын хар дарсан зүүд явсан Луис Суарез шигшээ багийнхаа төлөө 134 тоглолтод 56 гоол оруулсан үзүүлэлтээрээ бүх цагийн мэргэн буучаар нэрлэгддэг.Хэдий ид үеэ өнгөрөөсөн ч Суарез 35 насандаа шигшээ багтаа туслахад бэлэн байна.
- ЭДИНСОН КАВАНИ /УРУГВАЙ/
Эль Матадор сүүлийн удаа шигшээ багийнхаа өмсгөлтэй Катарт зодоглоно. Юнайтедад дутуу үнэлэгдсэн тэрбээр өдгөө Испанийн Валенсиад давгүй тоглолтыг үзүүлж буй. 35 настай түүнийг Катарт галын шугаманд Суарезтай хамт хэрхэн түймэр тавихыг хамтдаа харцгаая. Түүний гоол, гоолын баяр ирэх дэлхийн аваргын чимэг нь байх нь лавтай.
- РОБЕРТ ЛЕВАНДОВСКИ /ПОЛЬШ/
Сүүлийн жилүүдэд хэн хамгийн өндөр формтой байгаа вэ гэвэл Месси, Роналдо бус Левандовскиг нэрлэх нь ойлгомжтой. Эх орныхоо төлөө 134 тоглолтод 76 гоол оруулсан тэрбээр ирэх дэлхийн аваргад эцсийн удаа сумаа тавина. Хэдий Польшийн шигшээ фаворитуудын тоонд орохгүй байгаа ч Левандовски тэдэнд байгааг мартаж үл болно. Нас бол тоо гэдгийг Бенземагийн адилаар харуулж буй Левандовски одоо ч Барселонад гоол оруулах үндсэн ажлаа хийж л байна.
- ТОМАС МЮЛЛЕР /ГЕРМАН/
2010 оны Өмнөд Африкийн дэлхийн аваргаар “Томас Мюллер гэж ийм хөлбөмбөгчин гарч ирж байгаа шүү” гэж өөрийгөө тив дэлхийд таниулсан Мюллер 2014 онд Бразилд “түймэр тавьж” утгаар нь шигшээ багийнхаа амин сүнс гэдгээ харуулсан. Харамсалтай нь 2018 онд бүтэлгүйтэж, гангарч чадаагүй. Угтаа тэрбээр дэлхийн аваргын бүх цагийн үеийн мэргэн буучийн өрсөлдөөнд дээшээ үзэх боломжтой байсан. Хоёр дэлхийн аварга дараалан тус бүр таван гоол оруулсан түүнийг нутгийн ах Мирослав Клозегийн дээд амжилтыг эвдэнэ гэж таамаглаж байсан ч санаснаар болсонгүй.
2010 онд Африкт тэсрэлт хийсэн Германы шигшээ багийн залуучуудаас өдгөө Мюллер л үлджээ. 33 настай Герман машин сүүлийн ДАШТ-дээ дүү нартайгаа оролцоно.
Мюллер дэлхийн аваргын 16 тоглолтод 10 гоол, зургаан гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй.
1.КРИСТИАНО РОНАЛДО /ПОРТУГАЛ/
Өнөө цагийн хөлбөмбөгийн үзэгч, фанатууд төдийгүй хөлбөмбөг үздэггүй хэнбугай ч Месси, Роналдогийн эрин үед амьдарч байгаа нь үнэхээр азтай хэрэг. Энэ хоёр эрхэм шиг дэлхийн хөлбөмбөгийг шашин шиг талцуулж, эцэс төгсгөлгүй маргаан, мэтгэлзээн үүсгэдэг хөлбөмбөгчид өмнө нь ч байгаагүй, дараа нь ч гарч ирнэ гэдэг эргэлзээтэй.
Месси, Роналдо хоёр сүүлийн удаа ДАШТ-д оролцоно гэхээр уйтгартай, гунигтай, харуусмаар. Өдгөө 37 настай Роналдо тав дахь дэлхийн аваргадаа оролцоно. Гэхдээ нэг асуудал байгаа нь Манчестер Юнайтед дахь түүний нөхцөл байдал тааруу байна. Дэлхийн аварга ойртож байгаа ч тэр формдоо ороогүй хэвээр байгаа нь фанатуудынх нь санааг чилээж буй.
1.ЛИОНЕЛЬ МЕССИ /АРГЕНТИН/
Роналдотой харьцуулахад Месси хөлбөмбөгийн замналаа алтан дагинатай өндөрлүүлэх боломж өнөөдрийн байдлаар арай өндөр байна. Мессид 2014 онд алтан дагина өргөхөд аз дутсан. Энэ жилийн Аргентины шигшээ багийг мэргэжилтнүүд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай баг гэж нэрлэж байгаа ч Месси өөрөө Бразил, Францыг фаворит гэж нэрлэсэн. Өнгөрсөн жил ПСЖ-д даруухан байсан Месси энэ улирал дийлдэшгүй байгаа. Өөрөө ч гоол оруулна, бусдадаа ч боломж олгоно.
Месси, Роналдо хоёр дэлхийн аваргад сүүлийн тоглолтоо хийсэн тэр өдөр хөлбөмбөгийн олон сая фанатуудын зүрхийг зүссэн өдөр байх нь лавтай. Бид тэр өдрөөс хойш хоёр агуу эрхмийг хамгийн том тайзнаа дахин харахгүй.
Месси, Роналдогийн шагналын цуглуулгад дэлхийн аваргын алтан дагина л дутаж байна.
Дээрх шилдгүүдээс гадна Бразилын Тиаго Силва, Бельгийн Эден Азар, Испанийн Серхио Бускетс, Серхио Рамос, Францын Уго Льорис, Оливье Жиру, Португалын Пепе, Уругвайн Диего Годин тэргүүтэй хөлбөмбөгчид сүүлийн удаа дэлхийн аваргад тоглоно.
Холбоотой мэдээ