ТӨСӨВ-2023: Зээл, тусламжийн 57 хувийг түнш орнуудаас бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

ТӨСӨВ-2023: Зээл, тусламжийн 57 хувийг түнш орнуудаас бүрдүүлнэ

ТӨСӨВ-2023: Зээл, тусламжийн 57 хувийг түнш орнуудаас бүрдүүлнэ

Монгол Улс ирэх онд 1,224.5 тэрбум төгрөгийн зээл, 570.5 тэрбум төгрөгийн тусламж авч ашиглахаар төсвийн төсөлд тусгаад буй. 2022 оны төсвийн тодотголоор гадаад төслийн зээлийн ашиглалт 1,307.6 тэрбум төгрөг, тусламжийн ашиглалт 298.5 тэрбум төгрөгөөр батлагдсан билээ. Ирэх онд авч ашиглах зээл тусламжийн 43 хувийг хөгжлийн түнш олон улсын байгууллага, 57 хувийг хөгжлийн түнш улс орнуудын эх үүсвэрээс бүрдүүлэх нь. Үүнд, өмнөх жилүүдийн адил зээл тусламжийн санхүүжилтэд эзлэх Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилт 27.4, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ных тус бүр 7.1 хувийг эзэлж байна.

БНХАУ-ын зээл, тусламж 19.5 хувийг эзэлж, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, Эрдэнэбүрэнгийн УЦС барих, 1008 айлын орон сууцны хороолол барих томоохон төслийг санхүүжүүлэх юм байна.

Түүнчлэн АНУ-ын тусламжаар санхүүжүүлэх Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэх төсөл 19, БНЭУ-ын зээлээр санхүүжүүлэх Газрын тосны үйлдвэр барих төсөл 6, БНСУ-ын зээлээр санхүүжүүлэх 10 аймгийн Дулааны станц барих төслийн санхүүжилт нийт зээл тусламжийн санхүүжилтийн 4.6 хувийг эзлэх нь.

Засгийн газрын 2023 оны гадаад зээл тусламжийн ашиглалтын бүтцийг авч үзвэл, 1,297.5 тэрбум төгрөг буюу 72.3 хувийг хөрөнгө оруулалтын, 310 тэрбум төгрөг буюу 17.3 хувийг дамжуулан зээлдүүлэх зардалд, 187.5 тэрбум төгрөг буюу 10.4 хувийг урсгал зардлын санхүүжилтээр ашиглахаар төлөвлөжээ.

Засгийн газраас ДНБ-д эзлэх өрийн хязгаарыг 2017 онд 72,5 хвьтай байсныг 2020 онд 50.1 хувь болгож багасгасан, цаашид ч бууруулна гэж тооцоолжээ. Гадаад зээлийн төлбөр төлөхөд зээлдэгч зэрэглэлийн В1 үзүүлэлтээ энэ оны 5 болон 7 дугаар сард хийсэн үнэлгээгээр хадгалж үлдсэн нь гадаад эх үүсвэр босгох, бондын төлбөр төлөхөд чухал үүрэгтэйг салбарын сайд онцолсон.

2023 оны төсөвт гадаад зээлийн төлбөр төлөхөд нэлээн их хэмжээний дүнг тооцож тусгажээ. Ирэх жил Засгийн газрын гадаад үйлчилгээнд 1 тэрбум 147 сая ам.доллар төлнө. Үүнээс 533 сая ам.долларыг “Гэрэгэ” бондын, 330 сая ам.долларыг гадаад зээлийн төлбөрт сар бүр хуваарийн дагуу төлөх юм. Гадаад бондын хүүгийн төлбөрт 175 сая, гадаад зээлийн хүүгийн төлбөрт 109 сая ам.долларыг ирэх жил төлнө.

Ирэх онд  нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 18.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.7 хувь, нийт зарлагыг 20.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий  2.8 хувьтай тэнцэхээр төсөлд тусгажээ.

Төсвийн алдагдал улсын өрийг нэмэгдүүлдэг. Төсөлд тусгасан 1.5 их наядын алдагдлын 1 их наядыг Засгийн газрын үнэт цаасаар, 417.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын зээлээр, 132.7 тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдлээс нөхөхөөр тооцсон байна.

Үндэсний аудитын газраас 2018-2020 оны байдлаарх шинээр олгосон болон үргэлжилж буй гадаад зээл, тусламжийн ашиглалтад аудит хийжээ. Засгийн газрын гадаад зээлийн хэмжээ 2018 онд өмнөх оноос 22.3 хувиар, 2019 онд 14.3 хувиар, 2020 онд 28.9 хувиар тус тус өсчээ. Нийт авсан зээлийн 44 орчим хувь нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж