Импорт, экспортын эерэг дүн, эсрэг хүлээлт!

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Импорт, экспортын эерэг дүн, эсрэг хүлээлт!

Импорт, экспортын эерэг дүн, эсрэг хүлээлт!

Covid-19 цар тахалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд саарч байсан экспорт, импорт нэмэгдэж байгаа талаар эерэг тоонууд гарч эхлэв. Гаалийн ерөнхий газраас гаргасан 2022 оны эхний 9 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 15276.1 сая ам.доллар болж өсчээ.

Энэ нь 2021 оны мөн үеэс 3744.7 сая ам.доллар буюу 32.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Экспортын хэмжээ ч нэмэгдэж импортын дүнгээс 2563.2 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс ч эерэг гарсныг дурджээ.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Нийт экспортын барааны 50 хувийг нүүрсний экспорт, 24.4 хувийг зэсийн баяжмалын экспорт эзэлсэн байна. Оны эхний есөн сарын байдлаар 19 сая тонн нүүрс экспортолсон бол зэсийн баяжмалын экспорт ч өнгөрсөн 2 жилийн мөн үеэс өсчээ. Оны эхний есөн сард нийт 1.1 сая тонн зэсийн баяжмал экспортод гаргажээ. Харин мал махны экспорт өнгөрсөн оны мөн үеэс буурч 4 мянган тоннд хүрсэн бол алт 12,9 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 63,4 хувиар, ямааны самнасан ноолуур 5,9 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 34,7 хувиар тус тус өссөн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онуудаас экспорт нэмэгдсэн гэдгийг эдгээр тоонууд харуулж байна.

Энэ мэт эдийн засгийн таатай үзүүлэлтүүд байгаа ч хамгийн том импорт, экспортын харилцаатай БНХАУ “тэг-ковид” хөтөлбөрөө үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, covid-19-ийн цар тахлын бүрэн дуустал хилийн хязгаарлалт, тодорхой арга хэмжээ авсан хэвээр байвал бидэнд таагүй үзүүлэлт болно.

Эдийн засагчдын зүгээс ч БНХАУ-ын “тэг-ковид” арга хэмжээ үргэлжилбэл, Монгол Улсын валютын орлого буурч, экспорт гэнэт зогсох эрсдэл хэвээрээ. Нүүрс, зэсийн орлогоор дамжуулан валютын орлогоо нэмэх, урсгалаа сайжруулах боломжийг “тэг-ковид” сааруулна гэсэн үг. Одоо болтол covid-19-ийн цар тахал бүрэн намжаагүй байгаа нь БНХАУ хэзээ ч хилээ хаах, бодит эрсдэл хэвээрээ гэсэн үг юм. Валютын орлого буурч эхэлбэл төсвийн орлого хумигдана. Түүнийг дагаад валютын ханш тогтворгүй болох, инфляци өсөх гээд эдийн засагт хүчтэй өөрчлөлтүүд гарч эхлэхийг нь эдийн засагчид сануулж буй.

Засгийн газрын зүгээс макро эдийн засгийн хувьд чанартай экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг таван хувь, жилийн эцэст инфляцийг 10-аас доош түвшинд хүргэж, зээлжих зэрэглэлээ хадгалахыг зорьж буй гэх. Сангийн сайд Б.Жавхлан “Эдийн засгийн хувьд байдал амаргүй байна. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал ирэх жил үргэлжлэх нь. Жилийн өмнө бид өөдрөг төсөөлөлтэй байсан бол одоо эргэсэн. Тийм учраас дэлхий нийтээрээ хамгийн том нийтлэг асуудал болсон инфляцитай хөл зэрэгцэн, бодлого нийлж явахаас өөр аргагүй боллоо. Улс орнуудын Төв банкууд мөнгөний хатуу бодлого руу орж, төсвөө байж болох түвшиндээ хумих бодлого барих нь.

Нөгөө талд эдийн засгийн өсөлт гэж чухал асуудал бий. Бид мөнгөний бодлогоо хатууруулж, төсвөө хумиад, өсөлтөө орхивол түүнийгээ эргүүлэн босгоход өндөр үнэ төлөх болно.

Тиймээс бүх зүйлийн балансыг барих хэрэгтэй байна. Бидний ирэх жилийн хамгийн том зорилго бол эдийн засгаа тогтворжуулах, дараагийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх. Ингэж байж дараагийн тогтвортой өсөлт бий болгох учиртай. Тиймээс  урсгал зардал, хөрөнгө оруулалтын хувьд тэвчиж болох хэмжээгээр багасгаж, хэмнэх бодлого барьж байна. Мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг барьж болох хэмжээнд багасгаж, олон нийтэд том цохилт болж буй үнийн өсөлт, инфляцыг хязгаарлаж, зорилтот түвшин болох нэг оронтой тоо руу жилийн эцэст оруулъя гэсэн зорилтоо чухалчилж байна” гэсэн тайлбарыг өгөөд буй.

Үндсэндээ өнгөрсөн есөн сарын байдлаар экспорт, импортын тоон үзүүлэлт өсч байгаа ч нөгөө талд БНХАУ-ын явуулж буй бодлого, шийдвэрээс шалтгаалж эдийн засагт хүндрэл, эрсдэл үүсч болохыг албаныхан нь ч, эдийн засагчид ч хэлж байна. Тиймээс экспорт, импортын том түнштэйгээ эдийн засагт эерэг үзүүлэлт авчрах, хэлэлцээрийн ширээнд суух чухал цаг үе ирээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж