НЭГ СЭДЭВ 8 ЭХ СУРВАЛЖ: Жолоочийн ХАРИУЦЛАГА ба ХҮНИЙ АМЬ

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

НЭГ СЭДЭВ 8 ЭХ СУРВАЛЖ

НЭГ СЭДЭВ 8 ЭХ СУРВАЛЖ: Жолоочийн ХАРИУЦЛАГА ба ХҮНИЙ АМЬ

НЭГ СЭДЭВ 8 ЭХ СУРВАЛЖ: Жолоочийн ХАРИУЦЛАГА ба ХҮНИЙ АМЬ

Сүүлийн нэг жилийн хугацаанд зөвхөн согтуу жолоочийн буруугаас болж 130 хүн нас барсан гэх харамсалтай статистик бий. Тухайлбал, энэ оны есдүгээр сарын байдлаар зам тээврийн ослоор 400 гаруй хүн амиа алджээ. Зөрчлийн хуулийн 147.3.1-д зааснаар согтуугаар жолоо барьсан  тохиолдолд 400 хүртэлх нэгжээр торгож, нэг жилийн хугацаанд жолоо барих эрхийг нь хасдаг. Харин бусдын амь насанд хохирол учруулсан бол тав хүртэлх жилийн хорих ял оноох заалттай. Гэхдээ осол гаргасан хүн хохирлыг нөхөн барагдуулсан эсэхийг харгалзаж шүүхээс хэдий хугацаанд хорих, хэдэн нэгжээр торгохыг шийдвэрлэдэг байна. Мөн тус хугацаанд автомашин жолоодох эрхийг хасдаг. Гэвч согтуугаар жолоо барих тохиолдол буурахгүй байгаагаас харвал энэ нь хангалттай шийтгэл болж чадахгүй байна гэх шүүмжлэлийг иргэд олон нийтийн зүгээс хэлэх болсон билээ.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн тоон мэдээллээр 2022 оны гуравдугаар улирлын байдлаар илрүүлсэн нийт зөрчлийн тал нь буюу 23 мянга гаруй зөрчил нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хязгаарлуулсан эсвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүмүүс байсан аж.

Эндээс харвал зөрчил гаргаж, жолоодох эрхээ хасуулсан ч тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй жолоодож байгаа хүний тоо буурахгүй байна. Тиймээс NEWS.MN энэ удаагийн “Нэг сэдэв найман эх сурвалж”аар жолоочийн хариуцлагыг чангатгах шаардлагатай эсэх асуудлаар холбогдох эх сурвалжуудаас тодруулан хүргэж байна.


ЭХ СУРВАЛЖ 1

"Эрхээ хасуулсан болон жолоо барих эрхгүй 23834 зөрчлийг таслан зогсоосон"
ТЦА дугаарын хязгаарлалт (8 of 12)

ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.ОТГОНТАМИР:

-Цагдаагийн байгууллага согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилтэй хатуу тэмцэж байгаа. Тухайлбал, үе шаттай хяналт шалгалтыг зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Улсын хэмжээнд он гарснаас хойш эхний есдүгээр сарын байдлаар зам тээврийн ослоор 426 хүн амиа алдсан бол 2150 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн. Дээрх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 мянган зөрчил илэрч таслан зогсоох арга хэмжээ авсан.

Эдгээрээс эрхээ хасуулсан болон жолоо барих эрхгүй 23834 зөрчлийг таслан зогсоосон.

Мөн есдүгээр сарын байдлаар зам тээврийн осолд 569 хүүхэд өртөж, 481 хүүхэд гэмтэл авсан. Үүнээс 57 хүүхдийн амь нас хохирсон. Эдгээрийн 51 нь орон нутгийн замд амь насаа алдсан. Хүүхэд хөдөлгөөнд зорчигчоор болон явган зорчигч гэх хоёр хэлбэрээр оролцдог. Тиймээс эцэг эхчүүд болон жолоочийн хариуцлага чухал.

Сүүлийн жилүүдэд гарцан дээр гарч байгаа осол, хэрэг нэмэгдсэн.

Хуульд зааснаар уулзвар, гарц дөхөж ирсэн үед жолооч хурдаа сааруулах ёстой. ТЦА-наас холбогдох аянуудыг зарлаж байгаа ч ослыг 100 хувь бууруулах боломж бага. Тэгэхээр иргэд, жолоочдын хариуцлагатай байдал мөн чухал.

ТЦГ-ын нийслэлийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, хурандаа Б.БАТБОЛД:

-Хариуцлагыг дээшлүүлэх гэсэн ойлголт бий. Жолооч торгуулиад яваад байж болдог юм байна гэдэг ойлголт дараагийн том хэмжээний зөрчил гаргах сэдэл бий болгодог гэж үздэг. Тиймээс бидний зүгээс торгуулийг оногдуулж байгаа тохиолдолд тухай бүрд нь төлөлтийг хийхэд анхаарах шаардлагатай. 

 

Торгуулийг чангатгаснаар дараагийн удаа осол аваар гаргахаас тухайн жолооч урьдчилан сэргийлэх, хэн нэгний амь нас, эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдэнэ.

ЭХ СУРВАЛЖ 2

"Жолоо барих эрх, үнэмлэхийг цагдаагийн байгууллага олгодог"
жолооны сургалт

Нийслэлд 700 гаруй авто сургууль үйл ажиллагаа явуулдаг агаад тэд хоёр сарын хугацаанд жолооч бэлтгэдэг.  
Ингэхдээ 72 цагт нь дүрэм, 32 цагт нь жолоодлогын дадлага заадаг байна. Энэ нь чадвартай жолооч бэлтгэхэд хангалттай хугацаа мөн эсэх талаар холбогдох албаныхны байр суурийг хүргэж байна.

Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга В.БОЛДМӨНХ:

-Одоо хэрэгжиж байгаа сургалтын багц цагуудын хувьд жолооч бэлтгэхэд хангалттай. Монголын жолооч нарыг хэрэглээний жолооч, үндсэн жолооч гэж ангилж болно. Хэрэглээний гэдэг нь хувийн хэрэгцээнд автомашин унах. Энэ тохиолдолд талбайн жолоодлогын нарийн ур чадвар шаардлагагүй. Харин юу хэрэгтэй вэ гэхээр амьдралын практик буюу хөдөлгөөнд тогтмол оролцох, машинаа зөв байршуулах зэрэг хамаарна. Жолооч болчхоод дүрмээ сэргээн санахгүй бол гурван сарын дотор мартдаг. Зам тээврийн осол олон шалтгааны улмаас гардаг. Хөдөө орон нутгийн замд хамгийн олон хүний амь эрсдэж байна. Хурд ихсэх тусам осол гарахад тооцогдох эрсдэл нэмэгддэг.

Жолооны сургалтын чанарын хувьд муу биш. Жолооны курс дүрэм, дадлага заадаг. Харин жолоо барих үнэмлэх, эрхийг нь цагдаагийн байгууллага олгодог.  Сургалтын үйл ажиллагааны зөвшөөрлийг Хөдөлмөр нийгэм хамгааллын яам өгдөг.

Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг сургуулийн өмнөх бага, дунд, ахлах ангид системтэйгээр олгох шаардлагатай. Ингэж байж замын хөдөлгөөнд оролцох зөв чиг хандлага, дадал үүснэ. Дэлхийн дийлэнх улс оронд замын хөдөлгөөний дүрмийг хүүхдүүдэд үе шаттайгаар зааж өгдөг. Гэтэл Монгол Улсад жолооч болох шаардлагатай үедээ л сургалтад суудаг.

Жолооны курсүүд суралцагчдад дүрэм, дадлагыг хичээлээр олгодог. Гэтэл цахимаар жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө гэсэн зар зөндөө байдаг. Гэтэл бид цагдаагаар шалгуулсан ч нотолгоо байдаггүй.

Жолооч нар төгсөж гараад өөрийн болон өрөөлийн амь насыг дааж явдаг. Мэдээж жолооны сургалт муу газрууд байгааг үгүйсгэхгүй. Сүүлийн үед жолооч бэлтгэх сургалт чанаргүй байгаа талаар мэдээлэл тархаж байна. Жолоодох шалгалт авахгүй байгаа хэдий ч сургалтын байгууллагууд сургалтаа явуулж байна. Энэ шалгалтыг цагдаагийн байгууллагаас авдаг. Замын хөдөлгөөний осол хүмүүсийн ухамсар, соёлоос хамаарна. Осол шалтгааныг зөвхөн жолооч бэлтгэх сургалтын байгууллагатай холбож ойлгож болохгүй. 

ЭХ СУРВАЛЖ 3

"Зөрчлийн хуулиар торгодог ч төлөлтөд анхаарах механизм хангалтгүй"
замын Түгжрэл бусад машин(1 of 1)

2022 оны есдүгээр сарын байдлаар нэг сая гаруй зөрчилд 30 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Торгуулийг тухайн жолооч хуулийн хугацаанд буюу 14 хоногийн дотор төлж барагдуулах ёстой. Гэвч энэ хэрэгжилт хангалтгүй байгаа. Тухайлбал, одоогийн байдлаар 30-аас долоон тэрбум гаруй төгрөгийн төлөлт хийгдсэн байна. Тиймээс торгуулийн төлөлтийн механизмд өөрчлөлт хийх хэрэгтэй.

Хот хариуцсан сайд Ж.СҮХБААТАР:

-Жолоочийн хариуцлагыг бүхий л талаар чангатгах шаардлагатай. Торгууль бичигддэг ч татан төвлөрүүлэх, хурааж авах системд хяналт хангалтгүй байдаг. Үүний улмаас нэг жолооч олон удаагийн торгуультай ч зам тээврийн хөдөлгөөнд оролцоод явж байна. Тиймээс жолооч нарын хариуцлагыг сайжруулах үүднээс торгуулийн хэмжээг нэмэх шаардлагатай.
Ирэх оноос эхлээд нийслэлд даатгалгүй, торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй машинуудыг хянаж хөдөлгөөнд оролцуулахаа болих асуудлыг судалж байна. Мөн Зөрчлийн тухай хуульд жолоочийн хариуцлагатай холбоотой заалтыг шинэчлэх талаар ярьж байгаа.

Бусад улс оронд зам тээврийн осол аваарыг торгуулиар цэгцэлдэг. Монгол Улс ялгаагүй торгуулийн хэмжээг нэмж, олон улсын жишгийг дагахаас өөр аргагүй.

Гол нь торгуулиа заавал эргэн төлүүлдэг байх тогтолцоо. Харин олон удаагийн гэмт үйлдэл, зөрчил гаргаж торгуулиа төлөөгүй бол түүнийг хүндрүүлж Эрүүгийн хууль руу авч үзэх гэх мэт зохицуулалтыг судалж байна.

ЭХ СУРВАЛЖ 4

Барууны орнууд шиг өндөр торгууль, олон жилийн хорих ял оноох хэрэгтэй
Шүүх хүрал

Хууль зохицуулахаас гадна урьдчилан сэргийлэх /айлгах/ үүрэгтэй. Тиймээс Зөрчлийн хуулиар зохицуулагдаж буй зарим зөрчлийг Эрүүгийн хуульд хамааруулж хариуцлага тооцох нь зөв.

Хуульч О.БАТХҮҮ:

-Одоогийн хуулиар жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн согтуугаар зөрчил гаргавал торгуулиад өнгөрч байгаа. Хоёроос дээш удаагийн зөрчил гаргасан тохиолдолд 3-30 хоног баривчилна. Тэгэхээр хүмүүс энд их найдаж байна. Зөрчил гаргасан ч цагдаа зогсоохгүй бол боллоо. Цагдаа зогсоосон ч нэг удаадаа торгоод өнгөрөх биз гэхчлэн. Барууны орон тэр дундаа АНУ зэрэг улсад согтуугаар жолоо барина гэдэг бол эрүүгийн хэрэг. Энэ зөрчлийг гаргасан тохиолдолд гурваас дээш сар заавал баривчлах шийтгэл оноодог. Осол гаргасан бол хохирлын хэмжээ зэргээс хамаарч шийтгэлийг бүр нэмэгдүүлдэг тогтолцоотой.

Харин Монгол Улсад хэрэгжиж байгаа хариуцлагын системийг заавал чангаруулах шаардлагатай.

Хуульд зааснаар замын хөдөлгөөний ослыг болгоомжгүй гэж авч үздэг. Тиймээс шийтгэл нь бага байдаг. Угтаа хүн согтуурсан үедээ машин барина гэдэг нь болгоомжгүй үйлдэл биш. Тэгэхээр хуулиар оноос хариуцлагыг өндөр байлгах нь зөв.

Монгол Улс хуулийн хүрээнд бусад улс орны хариуцлагын өндөр тогтолцоог яагаад нэвтрүүлж болохгүй гэж.

УИХ-ын аль ч гишүүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох осол их гарч байгаатай холбоотой учруулж байгаа хохирлын хэмжээн дээр үндэслэж Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Учир нь зам тээврийн осол зөвхөн эд хөрөнгийн хохирол учруулаад зогсохгүй хүний амь насанд халдах зөрчил ихэсч байна. Хуулийн нэг зорилго бол хүмүүсийг айлгах. Хүн айдаг учраас гэмт хэрэг хийхгүй, зөрчил гаргахгүй гэсэн үг. Ингэснээр хууль жинхэнэ утгаар үйлчилж байгаа юм. Түүнээс согтуу явж байгаад үсрээд л эрхээ хасуулж, хэдэн төгрөгөөр торгоно биз гэдэг хууль бодит байдал дээр зорилгоо биелүүлэхгүй байгааг илтгэж байна.

Миний хувьд зам тээврийн ослыг шууд жолооны курстэй холбоотой гэж боддоггүй.

Барууны оронд жолооны курсүүд цөөн байдаг. Хүмүүс нь заавал 3-6 сар сургалтад суухгүйгээр өөрсдөө жолоо бариад сурчихдаг. Харин шалгалтыг маш сайн авдаг. Нэгдүгээрт, дүрмийн мэдлэгийн шалгалт. Дүрмийн шалгалтаа давж чадвал жолоодох дадлагын шалгалт өгдөг. Аль, аль дээр нь аргалаад өнгөрөх ямар ч боломж олгодоггүй. Тиймээс жолооны курсүүдэд хариуцлага тооцохоос илүүтэй жолоочийн зөрчилд оногдуулах шийтгэл маш өндөр байх хэрэгтэй.

Торгуулийн хэмжээг согтуугаар зөрчил гаргасан тохиолдолд 400 мянгаас биш 5-10 сая төгрөгөөс эхэлж тооцох ёстой. Олон удаагийн дээрх зөрчлийг гаргасан бол унаж байгаа машиныг нь улсын орлого болгох зэрэг арга хэмжээ авдаг байх нь зүйтэй.

ЭХ СУРВАЛЖ 5

Машин тансаг хэрэглээ, дүрэм зөрчсөн хүнийг өндөр дүнгээр торгодог байх нь зөв
e-police

"E-police" аппликэйшн ашиглан иргэд камерын хяналтаар зөрчлийг илрүүлэх чиглэлээр ажиллавал урамшуулдаг байх журмыг яаралтай гаргах саналыг албаныхан мэдээлж буй. Тэгвэл Засгийн газрын 47 дугаар хуралдааны тэмдэглэлээр Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарт "E-police" аппликэйшнийг ашиглан зам тээврийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдэд урамшуулал олгодог болох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэг болгожээ.

Ингэснээр зөрчлийн зургийг авч илгээн урамшуулал авах, иргэн бүр замын хөдөлгөөний дүрмийг олон нийтэд мөрдүүлэх боломжтой болох аж. Тиймээс бид тус аппликэйшний идэвхтэй хэрэглэгчээс мэдээлэл авлаа.

Хан-Уул дүүргийн иргэн П.БАТЖАРГАЛ:

-Би “E-Policy” аппликейшнийг ашиглаад хоёр жил болж байна. Нийт 300 гаруй удаа зөрчлийн талаар мэдээлэл өгсөн. Миний хувьд урамшуулал авахын тулд зөрчлийн талаар мэдээлдэггүй. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө ухамсартай, хариуцлагатай жолооч нар байгаасай гэж хүсдэг. Жил ирэх бүрд зам тээврийн ослын тоо өсч байгааг хүн бүхэн харж байна. Энэ бүхэн шууд нэг л өдрийн хариуцлагагүй байдлаас болж үүсдэггүй.

Тухайн жолооч олон удаа дүрэм зөрчиж зөрчил гаргаж түүнийгээ үл ойшоосноос болж том хэмжээний сөрөг үр дагавар үүсгэж байгаа. Тиймээс зам тээврийн осол, зөрчил дээр сайхан сэтгэл гаргаж, хүмүүсийн толгойг илэх шаардлагагүй.

Автомашин бол тансаг хэрэглээ. Дүрэм зөрчиж, зөрчил гаргасан бол торгууль төлөх ёстой. Гэхдээ бага мөнгөөр биш их хэмжээний дүнгээр торгож байж иргэдийн ухамсарт хариуцлагын талаар ойлголт суух болов уу. Миний хувьд өөрөө жолооч. Тиймээс зөрчлийн талаар ойлголттой. Иргэд ч мөн өөрсдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийнхээ төлөө зөрчил гаргасан жолоочийг мэдээлдэг байх нь зүйтэй. Нэг талаар матаж байгаа мэт боловч нөгөө талаар ганцхан өөрийн төлөө бус үр хүүхдийнхээ төлөө аюулгүй орчныг бүрдүүлэхэд тусалж байгаа явдал. Тиймээс цаашид "E-police" аппликэйшний хөгжүүлэлтийг сайжруулж, иргэдийн ойлголтыг мөн дээшлүүлэх хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ 6

"Согтуу жолоочоос болж ажил, амьдралаараа хохирсон"
dbae8f16135fc7d69cca8c4630bd5ad0

Согтуу жолоочийн гэм буруугаас болж олон хүн эд хөрөнгө, амь насаар хохирч байна. Хэдийгээр хуулийн хүрээнд шүүхээс ял оноодог ч тухайн осолд өртөж гэмтэж, бэртсэн хүн насан туршдаа бие, сэтгэл санааны хохиролд өртдөг. Тиймээс осол гаргасан жолоочийн жолоо барих эрхийг бүх насаар нь хасах хэрэгтэйг иргэд хэлж байна. Бид хохирсон иргэнээс нэрийг нь нууцалж дараах мэдээллийг авлаа.

Согтуу жолоочоос болж хохирсон иргэн Баяр/нэрийг нь нууцлав/

-Би 2022 оны долдугаар сарын 26-нд ажлаа тараад гэрлүүгээ харих замдаа гэрийнхээ урд талын явган хүний гэрлэн дохиогүй, явган зорчигчийн давуу эрхтэй гарцаар гарч яваад согтуу жолоочид маш хүчтэй мөргүүлсэн. Баруун хөлнийхөө шилбэний хоёр савхан яс хугарч, шоконд орсон учир гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Эмнэлэгт хэвтэж, гурав хоног татлага хийлгэж долдугаар сарын 29-нд төмөр суулгаж, хадуулах хагалгаанд орсон.

Осол гаргасан жолооч 1.37 бүхэл согтолтын зэрэгтэй гарсан. Намайг мөргөчихөөд шууд хажуугаар машинаа хөдөлгөөд зугтсан. Хажууд нь явсан машин урдуур нь дарж зогсоож байж барьж авсан.

Хагалгаанд ороод хоёр сар гаруй хугацаанд листтэй явж байгаад аравдугаар сарын 6-нд группт орсон. Хэргийн байцаагч нь солигдож, өөр байцаагч руу шилжсэн. Баянзүрхэд гарсан хэрэг Баянгол, Чингэлтэй дүүрэгт очсон байсан. Осол гаргасан жолооч эхэндээ эм тариа гээд ойр зуур юм дөхүүлж байгаад тэгээд таг. Одоо болтол холбоогүй. Би цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа очиж байцаалт өгсөн. Хамгийн сүүлд есдүгээр сарын 7-нд очиж уулзсан байцаагч хэлэхдээ “одоо ингээд прокурор руу шилжсэн учир, надад хамаагүй болсон” гэсэн.

Осол гараад гурван сарын хугацаа өнгөрсөн байхад одоо хүртэл шийдэгдээгүй би гомдолтой байна. Би согтуу жолоочоос болж эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил төрөл бүх юмаараа хохироод группын хүн болоод дуусч байна.

Осолд орсон тухайн үед тархиараа савж унасан учраас тархинд цус хуралттай гээд хоёр ч удаа зураг авахуулсан. Тархи хөдөлж, бариулсан ч одоо байнга өвддөг болсон. Амьд үлдсэндээ баярлаж байгаа ч маш их гомдолтой байна.
Монгол Улс жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой. Би осолд орсоныхоо дараа бусад оронтой харьцуулж маш их судалсан. Монгол шиг хуультай нэг ч орон байдаггүй юм байна лээ. Надад Өмнөд Солонгосын хууль маш зөв санагдсан. Согтуугаар жолоо барьж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан бол бүх насаар нь жолоодох эрхийг нь хасч, улсдаа болон хохирсон хүндээ маш өндөр воны торгууль төлдөг. Монгол Улс ч гэсэн бусад улс оронтой ижил хуулийн хүрээнд хариуцлагыг нэмэх шаардлагатай. Тэгэхгүй бол олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирч үлдсэн хэвээр байна.

ЭХ СУРВАЛЖ 7

2021 онд 40532 иргэний жолоодох эрхийг өршөөлийн хуулиар сэргээсэн
GAzEdJsDIKS_I1A1512

Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс 2017 оноос хойш эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээсэн талаар өнгөрсөн оны долдугаар сард мэдээлсэн. Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны зургадугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээсэн билээ. Ингэснээр жолоодох эрх сэргээх ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нийт 67 мянга 481 жолоочоос Захиргааны хариуцлагын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудаар эрх хасагдсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр эрх хасагдсан, эрх хязгаарлагдсан төлөвт байгаа 26950 иргэний мэдээлэл Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаагүй.

Мөн Бэлэн бус торгуулийн мэдээллийн санд Өршөөл үзүүлэх тухай хуулийн наймдугаар зүйлийн гурав дахь хэсэгт торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөхөөр заасан.

Тухайн үед 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24.00 цагаас өмнө төлбөрөө төлөөгүй нийт хоёр сая 879 мянга 186 удаагийн торгуулийн мэдээллээс өршөөлд хамрагдахгүй 20 мянга 611 удаагийн торгуулийг хасч, хоёр сая 804 мянга 815 удаагийн торгуулийн 50 хувийг, торгох шийтгэл оногдуулсан нийт 53 мянга 760 удаагийн торгуулийн зөрчлийн оноог сэргээсэн юм. Гэвч үүнийг иргэд төдийлөн оновчтой шийдвэр байсан гэж үзүүгүй.

Мөн Монгол Улсад нийт жолооч нарын зөрчлийн торгууль 80 тэрбум төгрөг байдаг ч үүнээс ердөө 40 орчим хувийг нь л жолооч нар төлсөн байдаг аж. 

ЭХ СУРВАЛЖ 8

ДУУДЛАГЫН ЖОЛООЧИЙГ 20-30 МЯНГААР ТҮРЭЭСЛЭДЭГ
Дуудлагын-жолооч-2

Дуудлагын жолооч гэх үйлчилгээ Монгол Улсад хожуу гарч ирсэн ч хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрлөө. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь өөрт болоод өрөөлд эрсдэлтэй нөхцөл үүсгэж байгаа явдал. Тиймээс иргэд дуудлагын жолоочийг цагийн 20-30 мянган төгрөгөөр түрээсэлж байна.Энэ төрлийн зар сурталчилгаа ч цахим хуудаст их тавигдах болсон бөгөөд харамсалтай нь хариуцлага, хяналтыг тавих тал дээр сул байгааг иргэд хэлж байна.

Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооч дуудлагын жолооч дуудсан боловч тухайн хүн нь дөхөж ирэхийг хүсэх, мөн 1-2 пиво уусан үедээ үйлчилгээнд гарах гэх мэтчилэн зөрчил гаргадаг байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албаны согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, хяналт шалгалтыг тавьж ажиллаж байгаа гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж