
Улаанбаатар хотод жилдээ гурван цахилгаан станц 3.3 сая тонн нүүрс, 1300 гаруй нам даралтын уурын зуух 1.3 мянган тонн нүүрс, гэр хорооллын 136 мянган айл өрх 0.7 сая тонн нүүрс шатаадаг нь агаарын бохирдлын томоохон эх үүсвэр болдог. Дээрээс нь нийслэлийн авто машинуудын 50 хувь нь зохих хэмжээнээс илүү хорт утаа ялгаруулдаг. Энэ бүхэн тоосжилт “үйлдвэрлэж” байдаг бөгөөд зөвхөн хорт утаа л ялгарч байгаа гэж ойлгож болохгүй юм. Улаанбаатарт өвөлдөө ялгарч байдаг утаанд тоосны агууламж байдаг бөгөөд хорт утааны өөрийнх нь агууламжтай нийлээд хүний биед сөргөөр нөлөөлдөг юм байна. Яагаад гэвэл тоосны ширхэг нь нэг миллиметрийг мянга хуваасантай тэнцдэг бөгөөд энэ нь хүний уушганд очиж гэмтэл үүсгэхээс гадна хамрын салстыг гэмтээдэг.
1995 оноос хойш хотын иргэдийн дунд харшлын өвчлөл урьд байснаасаа мэдэгдэхүйцээр дээшилжээ. Үүний гол шалтгаан нь тоосжилт юм. Хамрын салстыг гэмтээснээс болж хүн янз бүрийн тоосонд хэт мэдрэг болдог байна. Энэ нь харшлын томоохон шинж тэмдгийн нэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Эрүүл мэндийн салбарт хийж буй янз бvрийн судалгаанаас сүүлийн жилүүдэд тоосжилт нь хотын хүн амын эрvvл мэндэд асар их аюул учруулж байна гэсэн дүгнэлт гарч байна. Агаарын бохирдол нэмэгдэх тусам хүүхдүүдийн амьсгалын хурц үрэвслийн тоо нэмэгддэг гэсэн тооцоо ч байдаг. 2002 онд Дэлхийн эрvvл мэндийн байгууллагаас Улаанбаатар, Түнхэл зэрэг газруудад судалгаа хийж, агаарын бохирдлын хэмжээ, амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлvvлсэн хүүхдийн тоотой шууд хамааралтай болохыг тогтоосон байна. Бага насныхны дунд гарч буй нийт өвчлөлийн 93.7 нь амьсгалын замын, 91 хувь нь бронхит байгаа юм. 1996 болон 2001 онд хийсэн хоёр ч судалгаагаар агаарын бохирдлын улмаас хүүхдүүдийн бие махбодийн өсөлт хөгжил муудаж байна гэсэн дvгнэлт гарчээ.
Тоосжилт их хэмжээтэй байгаа орнууд нь ихэвчлэн Ази болон зүүн Европын улс байна. Өнөөдөр зүүн Европын ихэнх орнууд нь зарим үйлдвэрээ хааж эхлэжээ. Хамгийн харамсалтай нь, тоосжилтын агууламж нь 3-5 дахин их байгаа оронд гажигтай төрөлт хийгээд төрөлхийн суурь өвчлөлийн тоо Чернобилийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт, Хирошима, Нагасакид хаясан атомын бөмбөгдөлтийн дараа төрсөн хүүхдүүдийн өвчлөлтэй зэрэгцэн очиж байгаа гэсэн судалгаа гарсан байна.
Хотынхон тоосжилтыг торгоож чадах уу?
Б. Болорсүх