УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн. Төсөлд хуулийн үйлчлэх хүрээг “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцаа” хэмээн тодорхойлсон аж.
Мөн шүгэл үлээгчид хуулиар эрх олгох, дэмжих, урамшуулах, хамгаалах мөнгөн хөрөнгийн хэмжээ, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдэл буюу шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өш хонзон, ялгаварлан гадуурхалд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлт, хувийн мэдээлэл, аюулгүй байдалд учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд П.Сайнзоригийн мэдээлснээр, шүгэл үлээх тохиолдолд мөнгөн урамшуулал заавал олгохгүй юм байна. Харин тухайн асуудлыг шалгаж, холбогдох ажиллагаа явуулж, асуудал шүүхээр эцэслэсэн шийдвэрлэгдсэн тохиолдолд шүгэл үлээгчийн гаргасан хүсэлтийг прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл бүхий Мөнгөн урамшууллын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ