Б.Ринчений нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн шавыг тавив

Хуучирсан мэдээ: 2022.10.23-нд нийтлэгдсэн

Б.Ринчений нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн шавыг тавив

Б.Ринчений нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн шавыг тавив

Эх орондоо 16 жилийн турш байгаль экологийн сайн дурын ажил тогтвортой хийж буй "My Club online community"-гийн залуучууд Бямбын Ринчений нэрэмжит олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргаж, аравдугаар сарын 15-ны өдөр шавыг нь тавив.

“Надад хэлбэл мартана, Надад харуулбал тогтооно, Надаар хийлгэвэл ойлгоно” гэсэн уриатай тус клубын залуус сүүлийн гурван жилийн турш Богд уулын ойн нөхөн сэргээлтийн ажилд сайн дураараа оролцож, өөрсдийн тарьж ургуулсан суулгац модоо Богд уулын таван аманд тарьж, намар дуустал арчилсаар ирсэн байна.

Барилгын нягтаршилт ихтэй, буруу ашиглалттай Зайсангийн газрын зөвшөөрлийг БОАЖЯ-наас цуцалсан. "My Club online community"-гийн гурван залуу Монголд анх удаа байгуулагдах Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн зураг дизайныг төлөвлөж, бүтээн босголтын тооцоо төсвийг гаргаж, байгууллага, олон нийтийн оролцоог өргөн хамруулахаар зориг шулууджээ. Тус клуб өмнө нь Солонгос эмч И Тей Жуны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулагдахад мод тарьж байснаас гадна Монголын 16 газар хэдэн арван мянган мод тарьж, ургуулахад хувь нэмрээ оруулжээ.

Б.Ринчений нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн Улаанбаатар хотоо тольдон харах хамгийн гоё орчин болно гэдэгт залуучууд итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Тэд олон нийтийн энэхүү цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 10 гаруй төрлийн 10000 орчим мод тарьж ургуулах юм байна. Түүнээс гадна олон нийтийн санал хүсэлтийг харгалзан үзэж, анхны зураг дизайнаа өөрчлөн алхалт гүйлт, спортын дасгал хийх, хүүхэд, хөгшид салхилах эко орчинтой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.

Б.Ринчений нэрэмжит олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ажилд 13-40 гаруй насны 120 гаруй хүн оролцож, 8 төрлийн 1000 мод тарьж идэвхтэй ажилласан байна. Энэ ажлын зардлыг "My Club online community"-г дэмждэг олон нийтийн хандиваар босгожээ.

Нийслэлийн 97-р сургуулийн сурагч, 13 настай Ө. Билгүүн "My Club-ын сайн дурын ажилд энэ хавраас оролцож эхэлсэн. Эхэндээ гоё хоол, амттан идээд, хөгжилтэй сайхан орчинд татагдаад идэвхтэй явдаг байсан бол одоо ажил хийж сурахаас гадна мод тарих, түүнийгээ хэрхэн арчлах, услах гээд цөөнгүй зүйл мэддэг болсон. Цаашдаа идэвхтэй байхыг хичээнэ. Б.Ринчений цэцэрлэгт хүрээлэнтэй болж, дараа нь тарьсан модоо хэр ургасныг нь харахаар ирэх нь гоё" гэв.

ШУТИС-ийн оюутан, 21 настай Н. Насанжаргал хэлэхдээ "My Club-д яваад зургаан жил болжээ. Бид олон газар мод тарьсан, олон газар хүмүүсийн тарьсан модыг усалж арчилж ирсэн. Монголд мод олноороо ургаж байвал хэний тарьсан мод нь хамаагүй, хамгийн гол нь их сайхан ургаад ой мод болоосой гэж хүсдэг. Манай ахмад үеийнхэн энд тэнд мод тарьсан, ингэж ургажээ гэж их ярьдаг. Өнөөдөр бидний тарьсан мод сайхан ургаж, олон хүний очих дуртай сайхан газар болоосой гэж хүсч байна. Эндээс Улаанбаатар хотоо харах сайхан байна. Илүү сайхан орчноос харвал бүр гоё болох байх аа" гэлээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж