Тойм: Эрх баригчдад зардлаа танахыг сануулсан долоо хоног

Хуучирсан мэдээ: 2022.10.23-нд нийтлэгдсэн

Тойм: Эрх баригчдад зардлаа танахыг сануулсан долоо хоног

Тойм: Эрх баригчдад зардлаа танахыг сануулсан долоо хоног

“Ньюс” агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

Энэ долоо хоногийн онцлох гол үйл явдлуудын нэг нь ард түмний засаглах эрхийг хангаж, Монгол Улс анх удаа улсын төсвийн төслөө ард олон, эрдэмтэд, ажил олгогчидтой хэлэлцсэн явдал байлаа. Тодруулбал, УИХ-ын Төсвийн байнгын хорооноос санаачлан 2023 төсвийн олон нийтийн анхны хэлэлцүүлгийг Төрийн ордонд эхлүүлсэн. Төсвийн төсөлд иргэдийн саналыг энэ сарын 7-ноос 17-ны хооронд “D-pariament” цахим систем, гар утас, цахим шуудангаар авсан билээ.

Цахим системд 68641 мянган хүн зочилж, 14563 иргэн 2023 оны төсвийн тухай хуультай танилцжээ. Иргэдийн 798 саналаас 302 нь цахимаар ирсэн бөгөөд тухай бүрд нь хариу өгч, холбогдох ажлын хэсэг, Байнгын хороонд уламжилсан байна.

Иргэдийн саналын ихэнх нь зардлыг танах, халамжийг оновчтой болгох, төсвийн алдагдлыг багасгах тухай байжээ.

УИХ дарга Г.Зандаршатар хэлэхдээ “2023 оны төсвийг цар тахлын дараа, геополитикийн хурцадмал байдалд батлах гэж байна. Барааны үнэ нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн орлого хумигдан, тээвэр ложистикийн зардал өсөж байгаа нь дэлхий нийтэд учирч буй том бэрхшээл юм. Ирэх оны төсөв эдийн засгийг тогтворжуулах, эрсдэлт хүчин зүйлээс үүссэн бэрхшээлийг гарз хохирол багатай даван туулах, төсвийн шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлж, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, олон нийтийн хяналтыг тогтоох, хөгжлийг тэтгэсэн төсөв болгоход чиглэж байна.

Хэлэлцүүлгээс үнэ цэнтэй санал, зөв шийдэл гарна гэж итгэж байна. Эдийн засгийн өсөлт энэ оны хагас жилд 1.9 хувьд хүрч, инфляци сүүлийн 11 сард 2 оронтой тоонд хадгалагдлаа. Иргэд, бизнес эрхлэгчдийн орлого, цалин буурч, гадаад валютын албан нөөц 2.4 тэрбум ам.доллар болж багассан. Гадаад өрийн их дарамт бий. Иймд чуулганаар эдийн засгийг цаг алдалгүй тогтворжуулах нь чухал байна” гэж онцлов.

"ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ ИЛҮҮ ТОГТВОРТОЙ БАЙХ, СОЁЛЫН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БУЙГААРАА 2023 ОНЫ ТӨСӨВ РЕФОРМ ЮМ"

Монгол Улсын 2023 оны төсөв эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх төсөв байх учиртайг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр энэ жилийн төсөв хэд хэдэн онцлогтой бөгөөд “Монгол Улсын алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж байгааг дурдаад, “Өмнө нь нэг жилээр, нэг Засгийн газар, эсвэл Ерөнхий сайдын үзэмжид тулгуурлаж төсвөө баталж ирсэн. Цаашид аль ч Засгийн газраас гарсан хөгжлийн бодлого төлөвлөлт илүү тогтвортой байх, соёлын өөрчлөлт оруулж буйгаараа 2023 оны төсөв реформ юм.

2022 оны төсөв эрүүл мэндийн салбарт сүүлийн 12 жилийн хөрөнгө оруулалттай тэнцэхүйц хэмжээний санхүүжилтийг шийдсэн, иргэд аж ахуйн нэжийн дулаан, цахилгааныг хариуцсан, хүүхдийн мөнгөний бодлого ч хүнд үеийг хохирол бага давахад чухал байсан.

2022 оны төсөв боловсруулж байх үед цар тахлын улмаас улсын эдийн засаг -5.3 хувьтай байсан нь 1992 оны нийгмийн шилжилтийн үед ганц удаа тохиолдсонтой адил үзүүлэлт байв. Энэ оны төгсгөлд -5 байсан эдийн засгийн өсөлт 3 хувь болох тооцоолол байгаа нь 7-8 хувийн өсөлт гэсэн үг юм. Иймд 2022 оны төсөв цар тахлын үед үүргээ гүйцэтгэсэн” гэж дүгнэлээ.

Түүнчлэн 2023 оны төсөв хоёр зүйлээр онцлог болохыг тодруулахдаа “Цар тахлын дараах үеийн эдийн засгийн төсөв, олон улсын тодорхойгүй нөхцөл байдал дунд өргөн баригдаж байна. 2022 оны төсөв цар тахлын хүндрэлийг давахад чиглэж байсан бол 23 оны төсөв эдийн засгийн макро тэнцвэрийг хадгалагдахад зориулагдаж байна” гэв.

Иргэд олон нийтийн оролцоо, санал бодолд тулгуурлан улсын төсвөө хэлэлцэх хэлэлцүүлэгт цахимаар 300, танхимаар 400 гаруй хүн оролцжээ. Нэгдсэн хэлэлцүүлэг төсвийн ил тод байдал, халамжаас хөдөлмөрт, боомтын сэргэлт, тогтвортой эдийн засаг гэсэн салбар хуралдаанаар үргэлжлэх юм.

ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛ, ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ИРЭХ ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Сангийн сайд Б.Жавхлан "2023 онд Засгийн газар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, үүнээс нэг их наяд төгрөг хэмнэхээр төлөвлөсөн. Шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, харин шилжих хөрөнгө оруулалтын 86 хувийг дуусгаж, төсвийн алдагдлыг 5.1-ээс 2.8 хувь хүргэж бууруулна. Макро эдийн засгийн хувьд чанартай экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг таван хувь, жилийн эцэст инфляцийг 10-аас доош түвшинд хүргэж, зээлжих зэрэглэлээ хадгалахыг зорьж байна" гэж танилцуулав.

Мөн тэрбээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо (2022.10.18)-ны хуралдаан дээр Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаар танилцуулсан. Б.Жавхлан сайд “Эдийн засгийн хувьд байдал амаргүй байна. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал ирэх жил үргэлжлэх нь. Жилийн өмнө бид өөдрөг төсөөлөлтэй байсан бол одоо эргэсэн. Тийм учраас дэлхий нийтээрээ хамгийн том нийтлэг асуудал болсон инфляцитай хөл зэрэгцэн, бодлого нийлж явахаас өөр аргагүй боллоо. Улс орнуудын Төв банкууд мөнгөний хатуу бодлого руу орж, төсвөө байж болох түвшиндээ хумих бодлого барих нь.

Нөгөө талд эдийн засгийн өсөлт гэж чухал асуудал бий. Бид мөнгөний бодлогоо хатууруулж, төсвөө хумиад, өсөлтөө орхивол түүнийгээ эргүүлэн босгоход өндөр үнэ төлөх болно. Тиймээс бүх зүйлийн балансыг барих хэрэгтэй байна. Бидний ирэх жилийн хамгийн том зорилго бол эдийн засгаа тогтворжуулах, дараагийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх. Ингэж байж дараагийн тогтвортой өсөлт бий болгох учиртай. Тиймээс  урсгал зардал, хөрөнгө оруулалтын хувьд тэвчиж болох хэмжээгээр багасгаж, хэмнэх бодлого барьж байна.

Мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг барьж болох хэмжээнд багасгаж, олон нийтэд том цохилт болж буй үнийн өсөлт, инфляцийг хязгаарлаж, зорилтот түвшин болох нэг оронтой тоо руу жилийн эцэст оруулья гэсэн зорилтоо чухалчилж байна” гэв. 

"ГАДААД ТӨЛБӨР ТООЦОО, ӨРИЙГ АСУУДАЛГҮЙ ТӨЛНӨ"

Манай улсын валютын нөөц 2013 оноос хойш хамгийн доод түвшинд буюу 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай буй. Гадаад валютын нөөц оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан бол наймдугаар сард 2.5-2.6 тэрбум ам.доллар болж багасчээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсөв 2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирэх оны төсөөлөл бодлогын чиглэлийг танилцуулсан. Тэрбээр Засгийн газраас экспортод гарч буй нүүрсийг ил тод болгох, төлбөр нь орж ирэхгүй байгаа нүүрсний тээврийг хязгаарласнаар валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж багахан нэмэгдсэн. Төгрөгийн ханш оны эхнээс 18 хувиар суларсныг дурдав.

Голлох бүтээгдэхүүний экспорт цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрээгүй. Тухайлбал, нүүрс 36.5 сая тн гаргаж байсан бол энэ хэмжээнд хүрэхэд одоогоор 12.5 сая тн нүүрс, зэсийн баяжмал 123 мянган тн, газрын тосны үйлдвэрлэл 4.3 сая торх, төмрийн хүдэр 3.3 сая тн, жонш 290 мянган тн дутуу байна. Харин алт 8 тонноор давуу яваа аж.

Сайд Ч.Хүрэлбаатар “Зээлийн үлдэгдэл сүүлийн хоёр сард багаслаа. Зээл голдуу хэрэглээ, худалдаанд зориулагдаж байна. Өрхийн орлого багасан, хэрэглээ нэмэгдэж байгаа нь иргэдийн хадгаламж дахь тооноос харагдаж байна. Иргэдийн хадгаламж 16.9 их наяд төгрөг байсан нь наймдугаар сард 14.8 их наяд болсон. Засгийн газрын үнэт цаасуудын үнэ унасан. Ам.долларын гүйлгээнд хоногийн хязгаарлалт тогтоосноор бондуудын үнэ унасан нь 2023 онд хийх Засгийн газрын үнэт цаасны хүү нэмэгдэх эрсдэл бий болгоно” гэж дурдаад, гадаад төлбөр тооцоо, өрийг асуудалгүй төлөхөө мэдэгдэв.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨСВИЙГ ТАНАХГҮЙГЭЭР ҮЛДЭЭЖ ӨГӨХИЙГ ХҮСЭВ

Ирэх оны улсын төсвийн төслийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэх үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага нэмэгдсээр байгааг тэмдэглэв. Өнгөрсөн онд улсын хэмжээнд байгаа түр хамгаалах 33 байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 4500 иргэн үйлчлүүлсэн. Үүний 3000 нь хүүхдүүд байсан бол энэ онд  энэ тоо 15-20 хувиар нэмэгджээ.

Г.Батдорж “Ирэх оны төсөвт хүүхэд хамгаалалд зарцуулах хөрөнгийг бууруулахгүй байх, бусад орны жишгээр хамгааллын үйлчилгээний төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх саналыг бид УИХ-ын байнгын хороо болон холбогдох яам, газруудад тавьж байна. Хүүхэд хамгааллаас гадна ялангуяа гэр бүл рүү чиглэсэн соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэмэгдүүлж, үүнд түлхүү зарцуулах хэрэгтэй байна.

Ингэхгүй бол манай улс хүний хөгжлөө орхигдуулсан орон болон хувирч, эрсдэлийг араас нь нөхөж ажилладаг болох нь. Монгол Улсын нийт 3.4 сая хүн амын 1.3 сая нь буюу 30 гаруй хувь нь хүүхдүүд байдаг. Хүүхдэд үзүүлэх хамгааллын үйлчилгээ тэдний дөнгөж 30 хувьд хүрдэг. 70 хувь нь хөгжлийн гадна үлдэж байгаа нь Монгол Улс “Алсын хараа-50” хөгжлийн бодлогод туссан хүн амын хөгжил, хүүхэд хамгааллын талаар тавьж буй зорилтдоо хүрэхэд томоохон бэрхшээлтэй учрахаар болоод байна.

Ирэх оны төсөвт хүүхэд хамгааллын төсвөөс 1.6 тэрбум төгрөг танахаар тусгаад байна. Мөн энэ онд төсөвт 2.1 тэрбум төгрөг суулган хуваарилаад байгаа хүүхэд харах үйлчилгээний төсөв 80 хувийн гүйцэтгэлтэй, ирэх онд энэ төсөв орон нутагт нэмэгдэхээр байна. Учир нь БШУЯ нийслэлд сургуулийн өмнөх боловсролд анхаарч, дүүргэлтийг нэмэгдүүлэх гэж байгаа тул хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоо хөдөө, орон нутагт нэмэгдэхээр байна. Улсын хэмжээнд хүүхдийн асуудал хариуцсан 100 орчим алба хаагч, ажилтан ажиллаж байна” гэв.

“Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв хэлэхдээ “Хүүхдийн мөнгийг халамж гэсэн ангиллаас гаргаж, эдийн засгийн ирээдүйн хөрөнгө оруулалт гэдгээр эдийн засгийн ангилалд оруулж, “Хүртээмжтэй эдийн засгийг хүртээж байна” гэсэн үзэл баримтлалаар байгалийн баялгаасаа хойч үедээ зарцуулах хэрэгтэй байна” гэж хэлэв.

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ ЗӨВХӨН НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ДУУГАРНА

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар дэмжив.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шүгэл үлээгчийн харилцааг хуучин нийгмийн үеийн матаасны тогтолцооноос өөрөөр ойлгоосой. Шүгэл үлээх харилцаа нь нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал үүсгэсэн үйлдэл бүрийг олон нийтийн хяналтад оруулна. Санхүүгийн салбарын мөнгөн урамшуулалтай холбоотой харилцаа нь хууль тогтоогчийн эрх хэмжээний асуудал. УИХ өмнө нь энэ төрлийн хууль батлаагүй, анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлж байна. Хэлэлцэх эсэхийг дэмжсэн тохиолдолд хэлэлцэх үеэр санхүүгийн салбарын шүгэл үлээх тогтолцоог өргөжүүлэн оруулах боломжтой. Мөн 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгийн урамшууллын тогтолцоотой байхаар оруулж ирсэн. Урамшууллын зөвлөл хэлэлцэж, шүгэл үлээсэн нь үндэслэлтэй, учирсан хохирлыг нь арилгуулах боломжтой дүгнэлтийг үндэслэн асуудлыг шийдэх юм” гэв.

Хууль зүй, дотоо хэргийн яамны Төрийн нарийн бичгийн д арга П.Сайнзориг “Хуучин цагийн матаас гэдэг ойлголт хувь хүн рүү чиглэж байсан. Энэ удаагийн шүгэл үлээгч зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө гэдгээрээ ялгаатай. Нийтийн эрх ашгийг авлига, ашиг сонирхол, нийтийн эрүүл мэнд, шударга өрсөлдөөн гэсэн тодорхой хүрээнд авч үзнэ. Хүлээж авах сувгийг хэт өргөн болгож болохгүй, 6 байгууллага нь гэмт хэрэг зөрчлийг шалгадаг газар юм. Мөнгөн урамшууллыг заавал өгнө гэсэн үг биш.

Шүгэл үлээхэд шүүхээр эцэслэн шийдэгдэх ёстой. Үүний дараа мэдээлэгч этгээд хүсэлт гаргавал гэмт хэрэг, зөрчлийн улмаас орж ирсэн орлогоос тодорхой урамшуулал олгоно гэж байна. Нууц гэсэн халхавчийн дор олон авлига, ашиг сонирхлын хэрэг дарагддаг гэх олон нийтийн шүүмжлэлийг нээж өгч байна. Хувийн ашиг сонирхол, өс хонзон авах байдлаар шүгэл үлээхийг хориглож өгсөн. Тодорхой хуулийн хариуцлагатай байхаар зохицуулсан” гэлээ.

“ОХУ, БНХАУ-ЫН ТӨМӨР ЗАМУУДТАЙ ХОЛБОГДОХ ШИНЭ ГАРЦ НЭЭГДЭНЭ”

Энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чухал тогтоолын төсөл өргөн барив. Тодруулбал, тэрбээр 2022 оны аравдугаар сарын 21-нд “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Тус тогтоолын төслийн үзэл баримтлалд, Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий нүүрс болон бусад ашигт малтмалын ордууд ашиглалтад орсноор экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 3.5 дахин нэмэгдэх тойм тооцоо гарчээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын тээн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр болон экспорт, импортын ачаа эргэлтийг үр дүнтэй хангах тээвэрлэлтийн оновчтой зохион байгуулалт бүхий төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох юм.

Тус төсөлд далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөрш орнууддаа, цаашлаад тэдгээрээр дамжин далайд хүрч гуравдагч улсуудад бараа, бүтээгдэхүүнээ ашигтай нөхцөлөөр экспортлохын тулд зөвхөн төмөр замын дотоодын оновчтой зохион байгуулалт бүхий нэгдсэн сүлжээтэй болохоос гадна төмөр замаар хөрш улсуудын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтын дүнд ОХУ болон БНХАУ-ын төмөр замуудтай холбогдох шинэ гарц нээгдэнэ гэж тусгажээ.

Тогтоолын төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн мэдээлснээр, тогтоолын төсөл хоёр зүйлтэй. Нэгдүгээр зүйлд экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордоос хилийн боомт хүрэх ачаа тээврийн зориулалттай төмөр замын шугамын цариг нь импортлогч оронд тавигдсан царигтай тохирч байхаар; хоёрдугаар зүйлд: “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэрэгжилтэд хяналт тавих талаар тус тус тусгасан байна.

Б.Пүрэвдорж гишүүн "Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улс, ОХУ болон БНХАУ-ын төмөр замын салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт, тээвэрлэлтийн зардал, хугацаа хэмнэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тогтвортой өсөн нэмэгдсэнээр төсвийн орлого тогтворжиж, эдийн засагт эерэг үр дагавар үзүүлнэ.

Тус төмөр замын бүтцийг дагасан хот, суурин, боловсруулах үйлдвэрүүд бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэн ажлын байр шинээр нэмэгдэж, хүн амын амьжиргааны түвшин дээшилж, амьдрах орчин, нөхцөл сайжирснаар төв рүү чиглэсэн хүн амын нүүдэл саарна” гэв.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДААР Т.АЮУРСАЙХАНЫГ ТОМИЛОВ

Энэ долоо хоногт олны анхаарлыг татсан асуудлын нэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын томилгоо байлаа. Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томилов.

Улсад 22 жил ажилласан тэрбээр 2016 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн, 2019-2020 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2020 оноос УИХ-ын Дэд даргаар тус тус ажиллаж буй юм.

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Т.Аюурсайхан энэ сарын 21-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тангараг өргөж, тангарагийн бичигт гарын үсэг зурав. Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас яамны тамгыг хүлээн авснаар ажилдаа албан ёсоор орох юм.

МХЕГ-ЫГ ТАТАН БУУЛГАЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АГЕНТЛАГ БАЙГУУЛНА

МХЕГ-ыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс татан буулгаж, салбарын хяналтын үйл ажиллагааг салбарын яамдад хариуцуулахаар болов. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Мэргэжлийн хяналтын байгууллага 1600 гаруй алба хаагчтай. Тогтолцооны хувьд МХЕГ 21 аймаг, нийслэлд Мэргэжлийн хяналтын газар, дүүрэгт Мэргэжлийн хяналтын хэлтэстэй үйл ажиллагаа явуулж байсан.

МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хуулийн төслийг шинээр бичиж, 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан. Мэргэжлийн хяналтын байгууллага 26 чиглэлийн хяналт хийдэг, 1600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1400 гаруй байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа явуулж буй нь бодитой болсон.

Мэргэжлийн хяналтын байгууллага нийт 26 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Уг агентлагийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс татан буулгаж, Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж