Украины цахилгаан станцуудын 30 хувь Оросын пуужингийн цохилтод өртөж, олон хот суурин газар гэрэл цахилгаангүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Киевээс зүүн өмнөд хэсэгт орших Черкасск мужийн чухал дэд бүтэц өчигдөр (2022.10.22) сүйрсэн гэж “BBC”агентлаг мэдээлэв. Агаарын цохилтын улмаас Смила хотын ойролцоо асар том түймэр гарчээ. Мөн баруун зүгийн Хмельницкий, Одессаас баруун хойд зүгт орших Ривне, Лукц хотуудад ч цахилгаан тасарсан байна.
Цахилгаан эрчим хүчний үндэсний оператор “Укренерго” компани Киев тэргүүтэй хэд хэдэн бүс нутагт нийлүүлэлтийг хязгаарлахаа мэдэгдэв. Энэ удаагийн агаарын цохилт урьд өмнөхөөсөө илүү их хор хөнөөл учруулсан байж болзошгүй байна. Гэхдээ Украины агаарын цэргийн хүчин Оросын 18 далавчит пуужинг устгаж чаджээ.
Украины засгийн газар өнгөрсөн Пүрэв гаригт анх удаа эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тавьсан. “ОХУ-ын гол стратеги бол өвлөөс өмнө чухал дэд бүтцийг сүйтгэж, фронтын шугамаас давсан бүс нутагт дайныг авчрах явдал” гэж Львовын орлогч дарга Сергей Кирал хэлжээ. Мөн тэрбээр “Украины арми фронтод хэдий чинээ их амжилт гаргана төдий чинээ дотоод фронт дахь хүмүүсийн байдал дордоно. Учир нь Оросын арми энгийн иргэдийг онилж, чухал дэд бүтцийг сүйтгэхийн төлөө чадах бүхнээ хийнэ” гэв.
Херсон муж дахь Каховка усан цахилгаан станцын далан дээр мина суулгасан гэж Зеленский оросуудыг буруутгаад буй. Хэрвээ энэ станц сүйрвэл олон зуун мянган хүн үерийн аюулд нэрвэгдэх аж. Гэвч тус даланг дэлбэлэх төлөвлөгөөг Орос үгүйсгэжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ