Ши Жиньпин Хятадын “цөм” болов

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Хятадын “цөм” болов

Ши Жиньпин Хятадын “цөм” болов

Хятадын Коммунист намын ХХ их хурал өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Хурал өнгөрсөн Бямба гаригт Хятадын дарга Ши Жиньпин  удирдагчийн эрх мэдлээ бэхжүүлж, Коммунист намын түүхэн дэх байр сууриа дээшлүүлснээр өндөрлөсөн. Тус хурлаар намын Үндсэн хуульд “хоёр байгуулалт”, “хоёр хамгаалалт” гэж нэрлэгдсэн өөрчлөлтүүдийг оруулснаар Ши Жинпин намын гол цөм болов.

Долоо хоног үргэлжилсэн хурлаар Хятадын Коммунист намын олон зуун сая гишүүдийг төлөөлж 2000 орчим хүн Бээжин хотод хурав. Хурлын гол зорилго нь намын удирдах албан тушаалын халаа сэлгээ, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах явдал байв. Урьдчилан найруулсан агуулга бүхий уг хурал ихэвчлэн хаалттай болдог.

Хурлын төгсгөлд нам дотроо санал өгөх эрхтэй 200 орчим элитээс бүрдсэн Төв хорооны гишүүдийг "улиран сонгохыг” баталгаажуулсан. Нэрсийг Бямба гаригт зарлахад 11 эмэгтэй Төв хороонд багтсан байв. Ирэх таван жилд Хятадын засгийн газарт улиран ажиллах төлөөлөгчдийн жагсаалтад тэтгэвэртээ гарч буй Ерөнхий сайд Ли Кэчян болон хэд хэдэн өндөр албан тушаалтны нэр байгаагүй.  Ли Кэчян ирэх гуравдугаар сард  албан тушаалаасаа бууна. Мөн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга Ли Жаншу, Ерөнхий сайдын орлогч Хан Жэн нарын нэр жагсаалтад байгаагүй.

Дахин бүрдсэн намын Төв хороо нь 25 гишүүнтэй Улс төрийн хороог сонгох ба тэднээс долоон хүн нь хамгийн хүчирхэг институци болох Улс төрийн байнгын хороог бүрдүүлнэ.

Гэхдээ хурлын үеэр анхаарал татсан нэг үйл явдал болсон. Тодруулбал, Ши Жиньпин хаалтын үгээ хэлэхээс хэдхэн минутын өмнө Хятадын дарга асан Ху Жинтаог танхимаас ямар ч тайлбаргүйгээр албадан гаргасан. 79 настай Ху Жинтао нь Ши Жиньпинээс өмнө БНХАУ-ын даргаар ажиллаж байсан эрхэм.

Намын их хурлаар 69 настай Ши Жиньпин Хятадын даргаар үлдэх нь тодорхой болсон ба ирэх хавар болох Бүх Хятадын Ардын их хурлаар батламжилна. Тэрбээр намын дарга, Хятадын төрийн тэргүүн, цэргийн командлагч гэсэн гурван гол албан тушаалыг хашиж буй. Хурлыг хааж хэлсэн үгэндээ Ши Жиньпин “Тэмцэж, ялж, ажилд даруулж, шаргуу хөдөлмөрлө. Цааш урагшлах урам зоригоор тууштай байгаарай” гэж хэлсэн.

ХУВЬСГАЛЫН ЭСЭРГҮҮГЭЭС ҮНЭМЛЭХҮЙ УДИРДАГЧ

2012 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш Ши Жиньпин хувийн эрх мэдлээ улам бэхжүүлж эхэлсэн. Харин  2018 оноос эхлэн төр барих эрхийн хязгаарлалтыг арилгахаар ажиллаж эхэлсэн. Уг хязгаарлалтыг өөрчлөөгүй бол Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт даргын суудлаас буух байсан. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар тэрбээр үлдсэн амьдралынхаа турш Хятадын дарга хэвээр үлдэх нөхцөл бүрдлээ.

Шинжээчид энэ амралтын өдрүүдийн үйл явдлуудыг анхааралтай ажиглаж,  "Ардын удирдагч" цолыг Ши Жиньпинд албан ёсоор өгөх эсэхийг харж байв. Уг нэршлийг Мао Зедунаас хойш албан ёсоор ашиглаагүй. "Энэ цол Ши Жиньпинийг өөр түвшинд хүргэнэ. Тэрээр Хятадын Коммунист намын дарга гэдгээрээ Хятад улсын дээд удирдагч юм. Харин “Ардын удирдагчид” бүрэн эрхийн хязгаар гэж байдаггүй бөгөөд түүнийг албан тушаалаас нь буулгах "ард түмний эсрэг" үйлдэл болно. Тиймээс энэ цолыг Ши Жиньпин авснаар “халдашгүй” нэгэн болж, Мао Зедунтай эн тэнцэнэ” гэж Хятадын судалгааны институтийн профессор Стив Цанг тайлбарлажээ.

Энэ чухал цаг үед Ши Жиньпин гэж хэн болох ямар гаралтай гэдгийг ойлгох нь түүний Хятадыг удирдаж буй чиглэлийг илүү сайн ойлгоход бидэнд тусална. Ши Жиньпинийг анх засгийн эрхэнд гарч ирэхэд барууны олон эрдэмтэд Соёлын хувьсгалын үеэр гэр бүлийнх нь хэлмэгдүүлэлтэд өртсөн учраас түүнийг илүү либерал үзэлтэй гэж маргаж байв. Гэтэл Ши Жиньпин өөрийгөө "илүү хувьсгалч", "бүр илүү коммунист" гэж харуулахыг хичээсэн. Тэрбээр Соёлын хувьсгалын үеэр аавыгаа шоронд хоригдож, тамлуулж байсныг нүдээрээ харсан бөгөөд ийм хувь тавиланг давтахыг хүсээгүй. Тиймээс тэрбээр Мао Зедуныг загвар болгон авсан.

Ши Жиньпин бол халдашгүй нэгэн. Ямар нэг сэтгүүлч түүнээс биечлэн ярилцлага авна гэдэг нь боломжгүй зүйл. Социалист орнуудын удирдагч нар ерөнхийдөө үгээ ном болгон хэвлүүлж, ард түмэнээ “сургадаг”.

Ши Жиньпин шинэчлэл, нээлттэй байдлын тухай ярьж байгаа ч үнэн хэрэгтээ эсэргээр нь хийж байна. Тэрээр COVID-19 цар тахлаар далимдуулан Хятадыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарласан. Тэрбээр нэг хүнийг шүтэх үзлийг баримтлагч гэдгээрээ гадаадад улсад алдартай.

Авлигын эсрэг кампанит ажил, гадаад улс орнуудад хатуу байр суурь баримталж буй зэрэг нь түүнийг Хятадын ард түмний төлөө зогсдог хүчирхэг хүн гэдэгт хятадуудад итгүүлж чадсан. Ши хэлэхдээ, 2049 онд болох БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой гэхэд Хятадыг эдийн засгийн хувьд төдийгүй дэлхийн тэргүүлэх гүрэн болгох нь түүний гол зорилго гэсэн. Түүнчлэн Тайванийн арлыг эх газарт эргэн нэгтгэх нь зайлшгүй гэж мэдэгдсэн. Тиймээс Хятадаас энэ оны сүүлээр Тайвань руу довтолно гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж