Монгол Улсын 2023 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж буй эдгээр өдрүүдэд Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг танах асуудал олон нийтийн хараанд байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжсэн Цар тахлын тухай хуулийн дагуу сар бүр 18 хүртэлх насны бүх хүүхдэд олгож буй мөнгөн тэтгэмжийн хэмжээ 100 мянган төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл ирэх оны Улсын төсөвт Хүүхдийн мөнгийг зөвхөн нийгмийн халамж шаардлагатай өрхүүдэд өгөхөөр тусгаж оруулж ирсэн нь олон хүний эсэргүүцлийг дагуулж байна.
Үүнээс гадна Цар тахлын тухай хууль энэ оныг дуустал хүчинтэй бөгөөд цуцлагдсанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээ буцаад 20 мянган төгрөгт буух ёстой юм.
Харин энэ асуудалд Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг өнгөрсөн Лхагва гаригт /2022.10.19/ Төрийн ордонд болсон "Төсөв-2023" хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм.
Тэрбээр "Хүүхдийн мөнгө бол сүүлийн 10 жил үргэлжилж буй халамж. Ингэхдээ нийт хүүхдийн 80 хувь болон саналыг нь үндэслэж олгож байсан түүхтэй. Харин ковидын нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийн мөнгийг 20-100 мянга болгож өсгөсөн. Харин өдгөө хүүхдийн мөнгөө хэрхэн өгөх талаар суурь судалгаа, сонголтуудыг хийсэн.
Тухайлбал, бүх хүүхдэд өгч, мөнгөн дүнг нь бууруулах уу эсвэл мөнгөн дүнг буулгахгүйгээр тодорхой бүлэгт өгөх үү гэх мэт.
Ингээд өндөр орлоготой өрхүүд нь хүүхдийн мөнгөөс татгалзаж, шаардлагатай хэсэгтээ өгдөг болъё гэж санал гаргасан. Өрийн орлогын хэмжээгээр тооцож үзвэл 9 хувь нь хүүхдийн мөнгө авах шаардлагагүй байна.
Хүүхдийн мөнгийг өмнө нь олгохдоо өрхийн телевиз, хөргөгч, угаалгын машин зэргийг тоолдог байсан. Харин өдгөө Хүн амын орлогын албан татвар төлөлт, малын бүртгэл, хадгаламжийн дүн, үл хөдлөхийн бүртгэл гэх мэт бэлэн өгөгдлүүдэд суурилан өрхийн орлогыг тооцох боломжтой болсон" гэсэн юм.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ