БАЙР СУУРЬ: Ашигт малтмалын салбар гадаад зах зээлтэй уялдах ёстой

Хуучирсан мэдээ: 2022.10.21-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Ашигт малтмалын салбар гадаад зах зээлтэй уялдах ёстой

БАЙР СУУРЬ: Ашигт малтмалын салбар гадаад зах зээлтэй уялдах ёстой

“Эрдэс боловсруулалт 2022” олон улсын хурал өнөөдөр /2022.10.21/ болж байна. Тус онол практикийн хуралд УУХҮЯ, АМГТГ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюу толгой ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК болон бусад ашит малтмалын компанийн төлөөллүүд оролцож илтгэл хэлэлцүүллээ. Тухайлбал, баяжуулах  үйлдвэрийн хууль эрхзүйн орчин, өнгөц металлын баяжуулалт болон баяжуулах үйлдвэрийн туршлага, нүүрс болон металл бус ашигт малтмалын баяжуулалт зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг явагдсан юм.

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч Б.Чинзориг:

-Хурлын онцлогийн хувьд дөрвөн жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй. Олон улсын онол практикийн хэлэлцүүлэг учраас харилцан бие биенээс туршлага судлах, мэдээлэл солилцох эрэлт хэрэгцээ их байна гэж харж байна. Тэгэхээр, цаашид бид үйлдвэр доторх техник гэхээс илүүтэй гадаад зах зээл яаж өөрчлөгдөж байна, олон улсын хэрэглэгчдийн хэрэгцээнд ямар стандарт шаардлага тавигдаж байгаа талаар авч үзэх зайлшгүй шаардлагатай боллоо. Жишээлбэл, АНУ-д гэхэд сонгууль болж нүүрсийг эдийн засгийн эрэлтээс хассан. Ингэснээр зах зээл нь байгалийн хий, сэргээгдэх эрчим хүч талруугаа явах шийдэл гаргалаа. Энэ тохиолдолд нийлүүлэгч байсан гадаадын олон уурхай төдийгүй дотоодын уурхайн үйлдвэрлэл зогсч, ажилчид ажилгүй болсон. Тэгэхээр энэ давлагаатай уялдаад дэлхийн томоохон тоглогч нар бүтэцдээ өөрчлөлт оруулсан учир нийлүүлэгчид ч гэсэн бүтцээ шинэчлэх хэрэгтэй болж байна.

Өмнө нь анхдагч нүүрсийг шууд нийлүүлдэг байсан бол одоо хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулж, нүүрсээ хийжүүлж экспортлох зэрэг шаардлага гарч байгаа гэсэн үг.

Олон улсын нөхцөл байдалтай уялдан гарч байгаа шийдлүүд нь нийлүүлэгч орнуудад том цочроо болж байна. Монгол Улсад ч энэ нөхцөл үүсэх учраас бид урьдчилан таамаглаж, холбогдох шат шатны бэлтгэлийг хангаж байна. Технологи болоод хөрөнгө оруулалт, хэрэглэгчтэй харилцах, тэднийг сонгох зэргээс гадна экспортын орлогыг бууруулахгүй байх эрсдэлийг харгалзах гэх мэт.

Сүүлийн жилүүдэд нүүрс баяжуулах үйлдвэрийн салбар илүү хөгжиж байна. Ялангуяа говийн бүс нутгуудад усны эрэлт өндөр байдаг болохоор нүүрсийг уураар баяжуулах, экспортод гарч байгаа ордуудын хувьд зарим нэг механик бохирдлыг салгаж, хаягдал руу шилжүүлэх шаардлага үүссэн. Ингэснээр нүүрсний чанар сайжирч, ачаа эргэлт ч хурдасна. Мөн хамгийн чухал нь бүтээгдэхүүний үнэлгээ өснө.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн баяжуулах үйлдвэрийг авч үзвэл дээрх асуудал шийдвэрлэгдээд явж байна. Эхний ээлжид 10 сая, дараагийн удаа мөн 10 сая гэхчлэн шатлалтай 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна гэсэн.

Үүний дараагаар кокосны үйлдвэрлэл. Зөвхөн Хятадыг харвал гангийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, хөгжүүлж эхэлж байна. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр гангийн металл уургийн коксын эрэлт хэрэгцээ нэмэгдэх боломжтой. Мэдээж аливаа хөрөнгө оруулалт эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх чухал. Тиймээс техник эдийн засаг, тээвэрлэлтийн зардлын хувьд өртгийн хувьд бага байлгахыг эрмэлзэнэ. Хятадын дээрх үйлдвэрийн гол нийлүүлэгч Монгол Улс байх боломж өндөр. Гэхдээ бид тийм хэмжээний том тоглогч биш. Энэ бүхэнд хэрэглэгчтэй харилцан ойлгох чухал.

ШҮҮХ ХУВИЙН ХЭВШЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОХИРОЛТОЙ БАЙДЛААР ШИЙДЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

“Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир:

-Засгийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын хуралдаанаар Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью Эс Си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан. Одоогийн байдлаар  “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” бүрэн зогсож, удирдлагууд нь өөрчлөгдсөн.

Манай компанийн хувьд шүүхэд гомдол гаргаад байгаа. Шүүхээс өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Хугацаа их шаардах байх гэж харж байна.

Яагаад манай үйл ажиллагааг зогсоох болсон бэ гэвэл, АТГ-ын буруу үйл ажиллагаанаас болж энэ асуудал гарсан. Тиймээс бидний зүгээс буруу шийдвэр гаргасан гэж үзээд Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүсгээд явж байна. Мэдээж хоёр талаасаа хэлэлцэн, ярилцаж зөв шийдвэр гаргана гэж харж байна. Учир нь хувийн хэвшлийн үйл ажиллагааг хэт харлуулж хохиролтой байдлаар шийдэхгүй байх гэж найдаж байгаа.

Өнөөдрийн болж байгаа олон улсын хурал бол уул уурхайн эрдэст бүтээгдэхүүний боловсруулалтыг хэрхэн сайжруулж, үр дүнтэй болгох талаар хэлэлцүүлж байна. Ихэвчлэн алт, зэс, нүүрсний чиглэлийн баяжуулах үйлдвэрлэлтэй холбоотой мэдээллүүд мөн их тавигдаж байна. “Кью Эс Си” ХХК-ийн  хувьд мөн өөрсдийн хэрэгжүүлж байсан Монгол ган цогцолборын үйлдвэрлэлийн талаар танилцууллаа. Мөн өнөөдрийн хурлаар дамжуулж бид явуулж байсан төслийн талаар дэлгэрэнгүй ойлголт мэдээллийг өгөх зорилготойгоор өнөөдрийн хуралд оролцож байна.

Цаашид эдийн засгаа сэргээх, хөрөнгө оруулалт татахаар тал бүртээ хичээж ажиллаж байгаа энэ үед хэт ташаа, гоомой шийдвэр гаргавал гадаадын хөрөнгө оруулагчдад харагдах өнцөг ямар байх вэ. Тиймээс хөрөнгө оруулагч болон бусад компаниуд, төсөл хэрэгжүүлэгч нар уулзалт хэлэлцүүлгээр дамжуулж санал солилцож байгаа нь зүйтэй гэж бодож байна.

ЖОНШНЫ ХҮДЭР БАЯЖУУЛАХ ТУРШИЛТЫГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ШАТАНД ХЭРЭГЖҮҮЛНЭ

Бор Өндөр уулын баяжуулах үйлдвэр Монголросцветмет ТӨҮГ-ын баяжуулах хэсгийн ерөнхий инженер Г.Жигдэлдулам:

-Манай үйлдвэрийн тухайд жонш, төмрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Баяжуулах үйлдвэрийн хувьд анхдагч болж хүдэр дэх кальцитын өндөр агууламжтай жоншны хүдэр баяжуулах туршилт судалгааны ажлыг амжилттай хийлээ. Өнөөдрийн олон улсын хэлэлцүүлэгт энэхүү сэдвээр мөн илтгэл хэлэлцүүлж байна.

Үйлдвэрлэлийн туршилт амжилттай болсон учраас бидний зүгээс дээрх туршилтаа бодит ажил болгож, үйлдвэрлэлийн шатанд ашиглаж байгаа.

Эдийн засгийн үр өгөөжийн хувьд тооцоолол судалгааг хийсэн бөгөөд дараагийн шат, дамжлагад ч туршилт судалгааны ажлуудаа хэрэгжүүлээд явахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж