“The Elders” байгууллага “Их-20”-д анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.21-нд нийтлэгдсэн

“The Elders” байгууллага “Их-20”-д анхааруулж байна

“The Elders”-ийн удирдагчид “Их-20”-ийн бүлгийг ажлаа хийхийг уриалж байна. Тодруулбал, “Их-20”-ийн удирдагчдыг санал зөрөлдөөнөө даван туулж, хүн төрөлхтөний өмнө тулгарч буй хямралыг шийдвэрлэх зөвшилцөлд хүрэхийг уриалжээ. Бодлогын зохицуулалт дутмаг байгаагаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэхийн тулд улс орнуудыг нэгтгэх үндсэн зорилгоо биелүүлэхийг тэд “Их-20”-д уриалж байна.

“Их-20”-ийн удирдагчдын ээлжит дээд хэмжээний уулзалт удахгүй Индонезид болно. Уг уулзалтаараа бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлж, хамтын ажиллагааны зарчмуудаа дахин баталж, хэрэгжүүлэхийг тэдэнд уриаллаа. Хүн төрөлхтөний нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд дэлхийн хамгийн том эдийн засагтай орнууд бие биеийнхээ эсрэг бус харин хамтран ажиллах ёстой гэж “The Elders” үзэж байна.

Covid-19 цар тахал, Орос, Украины дайн, инфляцийн өсөлтөөс үүдэлтэй ядуурал зэрэг “Их-20” бүлэг зорилгоо биелүүлж чадаагүйн олон илрэл байна. Дээрх асуудлуудаас үүдэн 95 сая гаруй хүн нэн ядууралд нэрвэгджээ. Хүнс, эрчим хүчний үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн жил дэлхийн 90 гаруй оронд болсон. Эдгээр жагсаал нь улс төр, эдийн засгийн муу менежментийн илрэл бөгөөд цаашилбал дэлхийн тогтвортой байдлыг алдагдуулж байна.

“Их-20” бүлэг нэн тэргүүнд инфляци болон дэлхийн эдийн засгийн уналтаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ авах хэлэлцээр хийх шаардлагатай. Түүнчлэн цэвэр эрчим хүч рүү шударгаар шилжих санхүүжилтийн хэлэлцээр, цар тахлаас үүдэлтэй хохирлыг арилгах, дахин тахал өвчин гарахад бэлтгэлтэй байхын тулд дэлхийн эрүүл мэндийн дэд бүтцийг санхүүжүүлэх, нэн ядуурал, хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгарсан нийгэмд томоохон хөрөнгө оруулалт хийх зэрэг шаардлага “Их-20”-д тулгарч байна. Эдгээр асуудал нь засгийн газрууд сайн санааны үүднээс хамтран ажиллаагүй, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн үр дагавар юм.

Улс орнууд дайны гэмт хэрэг үйлдэж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалтаа зөрчсөн гэх мэт нь өнөөдөр бидэнд тулгарч буй олон хямралын үндсэн шалтгаан болж буй.

“Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт нь олон талт тогтолцоог сэргээх, хамтын хариуцлагаа харуулах, дэлхийн сая сая хүмүүст тулгарч буй зовлон бэрхшээлийг шийдвэрлэх гарц юм.

“The Elders” байгууллагын дарга, Ирландын ерөнхийлөгч асан Мэри Робинсон:

“Их-20”-ийн удирдагчид ёс суртахуун, хариуцлага, хамтын ажиллагааг харуулахын тулд энэ дээд хэмжээний уулзалтыг ашиглах хэрэгтэй. Хүн төрөлхтөний өмнө тулгарч буй аюул заналхийллийн эсрэг нэгдмэл арга хэмжээ авах зарчмыг олон удирдагч яриа хэлэлцээртэй холбож ойлгодог. Улс орнууд олон улсын эрх зүйн хүрээнд хүлээсэн үүргээ тууштай биелүүлээгүйн улмаас уур амьсгалын хямрал, тахал өвчин, цөмийн зэвсэг зэрэг оршин тогтнолд заналхийлж буй аюул улам хурцдаж байна. Ёс суртахуунтай, хүн төвтэй байх хандлага нь явцуу эрх ашгийг бус бидний үйл ажиллагааг тодорхойлох ёстой.

Эх сурвалж: THE ELDERS

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж