Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс ердөө 44 хоног ажилласны дараа өчигдөр /2022.10.20/ албан тушаалаасаа огцров. Тэрбээр татварыг бууруулж чадаагүйн улмаас ийнхүү Их Британийн түүхэнд хамгийн богино хугацаанд ерөнхий сайдаар ажилласан удирдагч болж байна. Түүнийг албан тушаалаа авснаас хоёрхон өдрийн дараа хатан хаан II Элизабет нас барсан бөгөөд энэ хугацаанд засгийн газрын үйл ажиллагаа 10 хоног түр зогссон.
Тэрбээр өчигдөр Даунинг Стритэд мэдэгдэл хийжээ. “Бид бага татвартай, өндөр өсөлттэй эдийн засгийн алсын харааг тодорхойлсон. Би эдийн засгийн тогтворгүй байдал үүссэн үед энэ албан тушаалд ирсэн. Айл өрх, аж ахуйн нэгжүүд төлбөрөө хэрхэн төлөх вэ гэж санаа зовж байсан. Гэсэн хэдий ч нөхцөл байдлыг харгалзан би Консерватив намаас сонгогдсон бүрэн эрхээ биелүүлж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс би эрхэм дээд хаан III Чарльзтай ярилцаж, намын даргын албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдье” гэж тэр хэлэв.
Борис Жонсон долдугаар сарын 7-нд огцорсон. Одоогоор Лиз Трассын залгамж халааг авах магадлалтай хүмүүсээр түүнтэй өрсөлдөөд ялагдсан Риши Сунак, Консерватив намын гишүүн Пенни Мордаунт, Батлан хамгаалахын сайд Бен Уоллес, Борис Жонсон нар яригдаж байна. Сөрөг хүчин болох Хөдөлмөрийн нам, Шотландын Үндэсний нам, Либерал ардчилсан намууд бүх нийтийн сонгууль нэн даруй явуулахыг уриалав. Хөдөлмөрийн намын удирдагч Кейр Стармер “Консерватив нам засаглах бүрэн эрхгүй болсон гэдгээ харууллаа” гэж мэдэгджээ.
Консерватив намын удирдлагыг сонгох ээлжит сонгууль долоо хоногийн дотор болно. Тодруулбал, аравдугаар сарын 28-нд дараагийн ерөнхий сайдыг зарлах төлөвтэй байна.
Эх сурвалж: CNBC, CNN