ХНХ-ын сайд Т.Аюурсайхан тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2022.10.21-нд нийтлэгдсэн

LiveХНХ-ын сайд Т.Аюурсайхан тангараг өргөлөө

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан тангараг өргөлөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ. 

 

14 : 13
2022-10-21

ХНХ-ын сайд тангараг өргөлөө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын шинэ гишүүн тангараг өргөлөө. 

ХНХ-ын сайд Т.АЮУРСАЙХАН:

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж Монгол Улсын Үндсэн хуулийг дээдэлж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хууль биелүүлэх ажлыг төр ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө Засгийн газрын гишүүний үүргээ чин шударга биелүүлэхээ тангараглая. 

Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төмөрбаатарын Аюурсайхан

-1975 онд Улаанбаатар хотод төрсөн

Боловсрол:
-1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1999 онд Бүгд Найрамдах Турк Улсын Докуз Ейлүл их сургууль, 2006 онд  Японы олон улсын их сургууль, Сөүлийн Үндэсний их сургууль, 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, боловсролын докторын зэрэгтэй

Ажилласан байдал:
2000-2005 онд “Аста Пресс” ХХК-ийн ерөнхий захирал
2006-2009 онд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах референт,
2008-2012 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
2013-2015 онд Монгол ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга,
2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга,
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2019-2020 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
2020 оноос Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажиллаж байна.
Улсад 22 жил ажилласан туршлагатай.

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: 

УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан сэтгэл, зүтгэл, зорилго нэгтэй журмын нөхөр таны боловсрол, мэдлэг туршлага хууль засагладаг нийгэмд шударга ёсыг тогтоох чин эрмэлзэл тань энэхүү салбарыг удирдах чухал нөлөө үзүүлнэ гэдэгт УИХ итгэж байна. Үндсэн хуульд заасан иргэнийхээ хөдөлмөрлөх эрхийг эдлүүлэх, нийгмийн даатгал, халамжийн бодлого, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудал зэрэг хуулиар тогтоосон төрийн бодлогыг хэрэгжүүлэх чухал үүрэг танд оногдож байна.

Иргэн бүр нь хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрийн үр шимээрээ элбэг хангалуун амьдардаг Монголыг цогцлоож, халамжаас хөдөлмөрт шилжих зорилт, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл хийх ажилгүйдэл ядуурлыг бууруулж, эрсдэлт цаг үеийг даван туулах нэн чухал тулгамдсан асуудал таныг хүлээж байна.

Эдгээр асуудалд онцгойлон анхаарч, цаг алдалгүй ажилдаа шуурхайлан орохыг хүсье. УИХ таны ажлыг дэмжиж, шаардлага тавьж ажиллах болно.

12 : 21
2022-10-21

ХНХ-ын сайдад Т.Аюурсайханыг томилохыг Ерөнхий сайд танилцуулав

Л.-ОЮУН-ЭРДЭНЭ-Монгол-улсын-32-дахь-ерөнхий-сайд-УИХ-ын-чуулган-27-810×500

УИХ-ын чуулганаар ХНХ-ын сайдын томилгоог хэлэлцэж байна. Сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Томилгооны асуудлаар гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-Т.Аюурсайхан гишүүнийг энэ салбарыг удирдаад явах чадвартай хүн гэж дэмжиж байна. Олон хууль тогтоомжийг ахалж баталж байсан туршлагатай. НД-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл удаан хугацаанд хүлээгдэж байна. Хууль батлагдаагүй учраас гүйцэтгэх засаглал ажлаа хийхэд бэрхшээл тулгарч байна. Энэ хуулийг батлуулахаас ажлаа хийгээсэй. НД-ын багц хууль болоод тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн хүрээнд хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг өргөн бариад гурван жил боллоо. Тиймээс хуулиас ажлаа эхлүүлээсэй. Тэтгэврийн тогтолцоо цаашаа гарах гарцгүй болсон. Шинэчлэл хийхийг салбар хүлээлттэйгээр харж байна.

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА:

-Т.Аюурсайхан гишүүн хүндхэн цаг үед сайдаар томилогдож байна. Олон чухал хууль биднийг хүлээж байна. ХНХ-ын сайдын төсөв хүндхэн орж ирж байна.  УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын төсвийн асуудалд онцгойлон чиглэл өгч байна. Зөвхөн хүүхэд хамгааллын багц 2.7 тэрбумаар хасагдаж байна. 0-18 насны хүүхдийн асуудал ямар хэмжээнд байгаа билээ. Хүүхэд хамгааллын чиглэлд дөмөгхөн ажил хийж байсан ч төсөв хасагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн асуудал орхигдож байна. Энэ бүхэн дээр урсгал зардлаар шийдвэрлэх асуудал биш. 

Үдээс хойших чуулганы хуралдаанаар ХНХ-ын сайдын тангараг өргөх үйл ажиллагаа болох аж. 

 

10 : 52
2022-10-21

Бодит байдалд 5 их наядын алдагдалтай төсөв орж ирсэн үү

О.Цогтгэрэл

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Ерөнхий сайдын макро эдийн засгийн чиглэлээр баримтлах бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Макро эдийн засаг тогтворгүй болсныг тал талдаа хүлээн зөвшөөрч байна. Шалтгааныг цар тахал руу чихдэг. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төсөв хоёр дахин томорсон. Үүнийг дагаад төсвийн алдагдал нэмэгдсэн. 10 их наядын алдагдалтай төсөв баталчихсан. Тэр хэмжээгээр өрийн ачаалал нэмэгдэнэ. Ирээдүйн өв сан гэх тусдаа хуулиар зохицуулагддаг, түүнд хуримтлагдсан 1.5 их наядыг төсөв рүү татаж оруулах гэж байна. Бодит байдалд 1.5 их наядын алдагдал чинь 3 их наяд болчхоод байгаа юм биш үү. Өнгөрсөн жил 18 наядын төсвийн зарлага өнөөдөр 20 их наяд болголоо. Бодит байдалд 5 их наядын алдагдалтай төсөв орж ирсэн үү. Ирээдүйн өв сангийн мөнгийг төсвийн зарлага дээр тавьчихаж байна. Засгийн газрын өр гэх 8.4 их наяд дотор Монголбанк, Хөгжлийн банкны өрийг оруулахгүй байна. Үүнийг оруулаад тооцвол хэд болох вэ?Экспортыг бүрдүүлж буй 97 хувь нь түүхий эд хэлбэрээр гарч байна. Дахин боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар бодлогын шийдэл орж байна вэ? Экспортын орлого яаж нэмэгдэнэ гэж тооцож байна вэ.

 Сангийн сайд Б.ЖАВХЛАН:  

-Ирээдүйн өв санг хүүхдүүдэд зориулж, хоёр дахь жилдээ  хүүхдийн мөнгийг санхүүжүүлж байна. Хүүхдийн мөнгийг багасгаж, зөрүү гарсныг нь ирээдүйн өв санд хадгалж мөнгөжүүлэх юм. Ирэх жилийн төсөвт ирээдүйн өв сангаас хүүхдийн мөнгийг санхүүжүүлнэ.  Улмаар үе шаттайгаар зорилтот бүлэг рүү хүүхдийн мөнгө ирээдүйн өв санд мөнгөн хэлбэрээр хадгалагдаж дунд хугацааны зорилттой явж байна.

Үгүй бол хүүхдийн мөнгө 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байна. Энэ дүн цаашид механик өсөлтөөр нэмэгдэх учраас төсөв урсгал зардлаар санхүүжүүлэх, төсөв даахад илүү өндөр эрсдэлтэй болж тэлнэ.

Ийм зохицуулалт дунд хугацаанд хийхгүй бол төсвийн алдагдал илүү тэлж, тэнцлийг алдагдалгүй болгох ямар ч боломжгүй гэж харж байна гэлээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР: 

-Наймаас есдүгээр сард валютын нөөц нэмэгдсэн. Хууль батлаад үнэ тогтворжихгүй гэдгийг тухайн үед бид зөндөө ярьсан. Амьдрал дээр бодитоор хэрэгжихгүй гэдэг зүйлийг тухайн үед ярьж байсан. Үнэ тогтворжуулах хууль баталсан нь бүтэлгүй зүйл. Хууль батлаад үнэ тогтворждоггүй. Энэ хуулиас ямар нэгэн зүйл горьдоод, хэрэгжүүлэх гэж зүтгэх нь эдийн засгийг улам нураах болов уу гэж бодож байна. Гурилын компаниудад хөнгөлөлттэй зээл өгье гэхээр шалгуурыг нь даваад зээл авах ААН ховор. Ялангуяа цар тахал, дайны дараа шалгуур хангахгүй. Шалгуур хангалаа гэхэд түүний хамаатан гэж яллаад байдаг болохоор ААН-үүд зээл авахгүй байна. 

09 : 37
2022-10-21

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна

УИХ гишүүн Адьшаа (1 of 2)

Өнөөдрийн хуралдаанаар:

1. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын 5 гишүүн 2021.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

2. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл сонсоно. Ерөнхий сайд намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгнө.

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Засгийн газраас Төсвийн хуультай уялдуулж, олон хуулийг өөрчлөхөөр санал оруулжээ. Энэ санал дотор юу нуугдаж байгааг гайхаж байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна. Засгийн газрын салбар хариуцсан сайдаас санал авахгүйгээр уг хуулийн төслийг оруулж иржээ. Гол үзэл баримтлал нь нутгийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчдээ гэрээ байгуулж, хандив тусламж авах зохицуулалтыг оруулж иржээ. Дээр нь ажиллах хүчний тухай асуудлыг хөнджээ. Энэ юу вэ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын доорх баялаг төр нийтийн өмч байна гэдэг. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу газар нутгийн ихэнхийг лизенц хэлбэрээр гаднынханд өгчихсөн байна. Үүнээс үүдсэн нийгмийн бухимдал ямар байгаа билээ. Төсвийн тухай хуулийг далимдуулж оруулж ирсэн нь хардлага төрүүлж байна. Лиценз эзэмшигч нутгийн захиргаанд хандив өгснөөр түүнийг орон нутгийн дарга нар хувааж авах тогтолцоог хуулиар баталгаажуулж байгаад харамсаж байна. Засгийн газар уг хуулиа татаж ав. Төлөвлөсөн юм шиг Ховд аймгийн ИТХ ээлжит бус хуралдааныг өнөөдөр зарлаж, Их нууруудын хотгор гэх Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь нь байдаг уг газарт ашигт малтмалын газрын тосны хайгуул хийх асуудлыг авч хэлэлцэж байна. Энэ одоо юу вэ. “Талх” Ч.Ганхуягийн дүү Ч.Гантулга баруун бүсийн Хар ус нуурын ай сав газрын гадаад дотоодынхонтой нийлж орон нутгийн засаг захиргааны байгууллагаас далайлгаж, хууль бус үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй. “Гуя дагаж хүзүү” гэгчээр төсвийн хуулиар далимдуулж хулгайг өөрөөр яаж хийх гээд байгаа юм. Гэтэл хандив тусламж нэрээр хуульчлаад тэнд ямар юм хийх гээд байна вэ. Үүний үр дагавар Ховд аймагт нүүрлэлээ. Засгийн газар, Сангийн яамнаас зөвшөөрөл аваагүйг Эдийн засгийн байнгын хороонд хэлж байна лээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж