"Экспортоо нэмэгдүүлснээр эдийн засгийн хямралаас гарна”

Хуучирсан мэдээ: 2022.10.21-нд нийтлэгдсэн

"Экспортоо нэмэгдүүлснээр эдийн засгийн хямралаас гарна”

"Экспортоо нэмэгдүүлснээр эдийн засгийн хямралаас гарна”

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Төрийн хэмнэлтийн хуулиар ирэх онд нэг их наяд төгрөг хэмнэх тооцооллыг гаргасан.  Энэ зорилтдоо хүрч чадах уу. Ирэх оны төсөвт  танаж болохгүй зардал бий юу?

-2023 оны төсөв макро эдийн засгийг сайжруулах төсөв байх ёстой. Ингэхийн тулд төсвийн алдагдлаа бууруулах ёстой. Төсвийн алдагдал 1.5 их наяд болж буурсан. Өнгөрсөн жил 2.4 их наяд байсан. Боломж байвал нэг их наяд руу оруулах ёстой гэж бодож байна. Хоёрдугаарт, зарлагыг тодорхой хүрээнд бууруулах ёстой.

Өнгөрсөн жилээс нийт зарлага 2.5 их наядаар нэмэгдсэн. Үүнийг тодорхой хувиар бууруулах ёстой. Гэхдээ таны хэлж буйгаар зайлшгүй шаардлагатай зарим зардлыг бууруулахгүй. 2022 онд хоёр удаа төсвийн тодотгол хийж танасан. Болоод л байсан.

Тиймээс энэ чиглэл рүү таналт хийх ёстой. Хэмнэлтийн хуулийн тухайд Засгийн газар нэг их наяд төгрөг хэмнэнэ гэж оруулсан нь бололцоотой гэж бодож байна. УИХ-аас 30 гаруй хүнтэй ажлын хэсэг гарч ажиллаж байна, төсөв дээр. Энэ долоо хоногт байнгын хороод хуралдсан. Ирэх долоо хоногт нэгтгэх, судлах байдлаар ярина. Дотроо зургаан ажлын дэд хэсэг ажиллаж байгаа. Тэгээд маргаан дагуулж буй, иргэдийн шүүмжилж байгаа, шаардлагатай томоохон асуудлыг бүлгээр оруулж шийдээд, дараа нь УИХ-аар оруулна.

-Ирэх онд орлого талдаа түүхэнд байгаагүй томоохон төсөөллийг тавьсан. Энэ зорилгоо биелүүлж чадах уу. Нөгөөтэйгүүр урд хөршийн хил гаалийн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна. "Тэг ковид" бодлогоо ч үргэлжлүүлнэ гэдгээ зарлачихсан?

-Сүүлийн гурван сарынх шиг нөхцөл байдалтай байх юм бол орлого биелэх боломжтой. Ирэх жил хоёр ч төмөр зам ашиглалтад орно. Зүүнбаянгийн төмөр зам, Ханги-Мандлын төмөр зам арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Дээрх төмөр замууд ашиглалтад орсон тохиолдолд төсвийн орлогоо төсөөллийн дагуу бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Инфляци өндөртэй үед экспортоо нэмэгдүүлж эдийн засгийн хямралаас гарна. Өөр ямар ч арга байхгүй.

-Хүүхэд хамгааллын зардлыг яагаад бууруулж оруулж ирсэн юм бэ?

-Засгийн газраас асуу. Ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт ажлын хэсгийн дүнгээ ярина. Ямар зардлыг хасч, нэмэх үү гэдгээ ярилцана.

"ОРОН НУТАГТ АЖИЛЛАДАГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ ХОЁР ДАХИН НЭМЭХ БОЛОЛЦОО БАГА"

-Өнгөрсөн долоо хоногт бүлгээр түгжрэлийн асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ шийдэл олоогүйг хэлж байна? 

-Түгжрэлийг төвлөрөлтэй хамтатган авч үзэх ёстой. Дан түгжрэл яриад төвлөрлөө зогсоох, задлах арга хэмжээ авахгүйгээр үр дүнд хүрэхгүй байгаа юм. Энэ бол миний хувь хүний байр суурь. Хослуулж явуулах ёстой. Түгжрэл зөвхөн автобусаар шийдэгдэхгүй. Замаа өргөтгөхөөс эхлүүлээд олон ажил бий. Тиймээс олон талаас нь ярьж байгаа. Миний хувьд гадаадад томилолттой байсан учраас бүлгийн хуралд суугаагүй. Энэ сарын 24, 31-ны бүлгийн хурлаар ярина.

-Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар орон нутагт ажилладаг төрийн захиргааны ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх асуудал орж ирсэн. Гэвч төрийн үйлчилгээний албан хаагчдаа үлдээчихлээ гэх шүүмжлэл бий?

-Зөвхөн суманд, аймагт ажиллаж байгаа албан хаагчдын хувьд 20 хувь нь улсын төсвөөс өгч байгаа юм. Үлдсэнийг орон нутаг өөрсдийн боломжоор нэм гэж байгаа юм. Гэхдээ ний нуугүй хэлэхэд нэмэлт бага. Яг бодит амьдрал дээр хоёр дахин нэмэгдэнэ гэж огт байхгүй. Тухайн аймаг орон нутгийн санхүүгээс шалтгаална. Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар гэх орлого төвлөрүүлдэг аймгуудад бололцоо гарахыг үгүйсгэхгүй. 21 аймгийн зургаа нь орлого төвлөрүүлдэг. Орлого төвлөрүүлдэг аймгуудын хувьд бололцоо үүснэ. Татаас авдаг аймгуудад хоёр дахин нэмэх бололцоо огт үүсэхгүй.  Яах вэ, эрх зүйг нь нээж өгч байна. Амьдралаас харахад 20 хувийг нэмэх боломжтой.

-Нөгөө талдаа төрийн албан хаагч тэтгэвэрт гарсан ч ажлаа хийгээд цалингаа авах боломжтой шинэ заалт орж ирсэн. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарсан ч ажил хийж, цалингаа авах нөхцөлийг бий болгоно гэж олон нийт ойлгоод байна?

-Тэр заалт байхгүй.  Улсын хэмжээнд тэтгэврээ аваад цалин авдаг 1.5 мянган хүн байна. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд тэтгэвэр, цалинг давхар авна гэсэн ойлголт байхгүй. Тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэр авч байгаа бол төрд ажиллахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж