Зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт өгдөггүй талаарх гомдол иргэдээс ШӨХТГ-т цөөнгүй ирдэг аж. НӨАТ нь далд эргэлдэж байгаа мөнгийг ил болгох зорилготой. Нэг хэсэг иргэд НӨАТ-ын баримтаа нэхдэг байсан бол сүүлийн үед төдийлөн тоохоо больсон. Энэ сугалааг нь түр хугацаанд зогсоосонтой холбоотой аж.
Төлбөрийн баримт олгох пос машин болон кассын программыг иргэд, аж ахуйн нэгж худалдаж авдаг байсан учраас зарлага ихтэй гэх шалтгаанаар баримт олгодоггүй байв. Тиймээс энэ асуудлын шийдэл нь цахим төлбөрийн “QRBARIMT” гэнэ.
Товчхондоо иргэн тухайн худалдагчид байх бэлэн “QR” кодыг уншуулахад худалдагчийн утсан дээр мэдэгдэл ирнэ. Улмаар худалдагч баталгаажуулах гэсэн товч дарснаар борлуулалтын баримт нь шууд цахимаар үүсч, НӨАТ-ын цахим системд баталгаажина гэсэн үг. Хуучин бол баримтаа аваад гэртээ хариад уншуулаад баталгаажуулах гэж 1-2 хонодог байсан бол одоо бодит цагийн горим дээр баталгаажуулдаг болжээ.
“Баянзүрх” хүнсний захын худалдаа эрхлэгч Ч.Ариунтуулын хэлснээр тус захынхан бүгд НӨАТ олгодог. Гэхдээ гол асуудал нь “QRBARIMT”-аар олгодог учир ухаалаг утас ашиглахад хүндрэлтэй өндөр настнууд, иргэд баримтаа авч чаддаггүй ажээ. Угтаа “QRBARIMT” нь цаг хугацаа, цаас хэмнэх боломжтой гэв. Ч.Ариунтуул “Одоо зах худалдааны, төвүүд бүгд ийм “QRBARIMT”-тай болсон. Иргэд НӨАТ-ын баримтаа нэхээд авах нөхцөл нь бүрдсэн. Татвараас НӨАТ-ын баримтыг иргэдэд олгох ёстой гэж шаардаж байгаа” гэлээ.
Нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөнтэй цэгүүдийн нэг болох “Баянзүрх” хүнсний захын лангуу бүр дээр “QRBARIMT”-ийн наалт харагдана. Харамсалтай нь, иргэд энэ талаар төдийлөн мэдэхгүй байгаа нь анзаарагдав. Худалдан авагчид төлбөрөө төлөөд бүтээгдэхүүнээ аваад л гарах юм. Худалдаачид ч баримт авах эсэхийг нь асуусангүй.
Баримт олгохгүй байна гэдэг нь өөрөө зөрчил. Ямар нэгэн байдлаар борлуулалт хийж, үйлчилгээ үзүүлж байгаа бол заавал төлбөрийн баримт олгох ёстой.
Нөгөө талаас үйлчлүүлэгчид төлбөрийн баримтаа нэхэх хэрэгтэй бас эрхтэй. Бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр олгосон ч хуульд зааснаар баримт өгөх үүрэгтэй. Хэрэв төлбөрийн баримт олгоогүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 11.9-т заасны дагуу Татварын ерөнхий хууль зөрчсөн, НӨАТ-ын баримт өгөөгүй бол нэг сарын орлогын хоёр хувиар, зөрүүтэй олгосон бол нэг сарын орлогын 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай аж.
“Баянзүрх” хүнсний захаас худалдан авалт хийж буй иргэдээс НӨАТ-ын баримтаа авсан эсэхийг нь асуулаа. Тэдний хэлснээр захын худалдаачид ямар ч баримт өгөөгүй гэв.
- Иргэн н.Оюунжаргал "Доторх худалдаачид ерөөсөө өгдөггүй шүү дээ. Уг нь өгөх л ёстой. Нэг нь авч байгаа бол нөгөө нь өгөх ёстой. Өгөхгүй байгаад нь сэтгэл дундуур байна" гэж ярив.
- Иргэн С.Долгорсүрэн "Захууд ерөөсөө НӨАТ-ын баримт өгдөггүй. Уг нь өгөх нь зүйтэй. Тодорхой хэмжээнд бид нар мөнгөө өгөөд бараа авч байна. Гэтэл өгөхгүй юм" гэлээ.
Тэгвэл н.Уранчимэгийн хэлснээр НӨАТ-гүй бараа авсан нь илүү хямд тусах учир баримт авах шаардлагагүй гэсэн юм. Тэрбээр "Захууд баримт өгдөггүй. Одоо өгөөд ч яах юм. 10 хувийг нь суутгаад хоёр хувийг нь л буцааж авдаг биз дээ. Тэр нь хүмүүст хохиролтой шүү дээ. Тэрний оронд НӨАТ-гүй хямд авсан нь ард түмний амьдралд хэрэгтэй" гэж ярилаа.
Угтаа зах худалдааны төвүүдийг НӨАТ-ын системд бүрэн холбовол орлого бүр, төгрөг бүр бүртгэгдэж, үүнийг хянах, татварын орлого бүрдүүлэх боломжтой билээ. Ядаж л 10 саяас дээш орлоготой, татвар төлдөг иргэдээс нэмэлт татвар авахгүйгээр орлогоо нуудаг, татвараас зайлсхийдэг худалдаа, бизнес эрхлэгчдээ НӨАТ-ийн системд бүртгэх нь зүйтэй гэж иргэд үзэж байна.
Холбоотой мэдээ